Нийгмийн хамгааллын үүсэл хөгжил

11-30-5-550x300Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдон “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

150 жилийн өмнө Япон улс Мэйжийн шинэчлэлээр орчин үеийн нийгэм, аж үйлдвэрийн капиталист нийгмийн үндсийг тавьсан юм. Харин түүнээс өмнө хөдөө аж ахуйгаар дагнасан, хоол хүнсээ өөрөө тарьж, хувийн хэрэгцээгээ хангадаг байв. Төрж өссөн газартаа насан туршдаа амьдарч, гэр бүл хамаатан садан гээд цусан төрлөөрөө нэг тосгонд төвлөрч аж төрсөөр иржээ.

Гэтэл XVIII зууны эцсээр Англид анх эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгал Японд ч нөлөө үзүүлж, иргэд хөдөө аж ахуй эрхлэн амьдрахаас илүүтэйгээр, бараа бүтээгдэхүүн үйлд­вэрлэдэг үйлдвэрт ажиллаж, цалин авч амьдрах болжээ. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмж, түүхий эд зэрэг үйлдвэрлэлийн хэ­­рэгслийг өмчлөх бо­ломжтой болсноор ашгийн төлөөх чөлөөт өрсөлдөөн бий болж, их хэмжээний баялаг зах зээлд борлуулагдах бүтээгдэхүүн болж үйлдвэрлэгдэн, аж үйлдвэрийн капиталист нийгэм рүү шилжсэн юм. Ийм нийгэмд ажилчид “ажиллах хүч” болон садан төрлөөрөө нэг дор төвлөрч амьдардаг хэв маягаас бие даасан хувь хүн болж амьдрах болсон байна.

Аж үйлдвэрийн капи­талист нийгэмд “бие даасан хувь хүн” болж амьдрахад нэг асуудал үүсдэг. Жишээ нь үйлдвэрийн ажилтан, ажиллаж байх үедээ бэртэж гэмтэн, хөдөлмөр эрхлэх боломжгүй тохиолдолд, эсвэл үйлдвэр татан буугдаж, ажилгүй боллоо гэхэд тухайн ажилтан “ажил­лах хүч” гэсэн бүтээгдэхүүнээ худалдах боломжоо алдан орлогогүй болно. Урьд нь төрсөн нутагтаа газар тариалан эрхэлж амьдарч байсан бол ураг төрөл, нутаг уснаасаа хол аж үйлдвэржсэн нийгэмд өвдөх, бэртэж гэм­тэх, ажилгүй болох гэсэн эрсдэлтэй тулгарах болов. Үүнээс үүдэн амьжиргаагаа залгуулах ямар нэг арга зам олох шаардлага урган гарсан юм.

Аж үйлдвэржсэн капи­талист нийгэмд, ураг төрөл нутаг усныханы оролцоотойгоор хангагдаж ирсэн орлогын баталгаа аажмаар багасч, оронд нь төрөөс үзүүлэх нийгмийн хамгаалал чухал үүрэг гүйцэтгэх болжээ. Өвдөх, бэр­тэх, өндөр наслах, ажилгүй болох зэрэг эрсдэлд орсон тохиолдолд төр нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулж иргэдийг орлогын батал­гаагаар хангах ажлыг хариу­ц­ах хэрэгтэй болсон юм. Бие даасан хувь хүмүүс амьдрах явцад учирч болох эрсдэлийг даван туулахын тулд нийт ард иргэд өөр хоорондоо харилцан тус­лал­цах эв санааны зар­чим дээр үндэслэн нийгмийн хамгааллын тогтолцоо бий болсон юм. Үүгээр дамжуулж, иргэд ганц ган­цаараа эрсдэлд бэлэн байх шаардлага үгүй болж, эдийн засгийн үйл ажиллагаанд түлхүү оролцох болов. Өөрөөр хэлбэл, нийгмийн хамгааллын нөлөөгөөр улс үндэстний нэг иргэн болж өөрч­лөгдсөн гэж хэлж болно.

Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих