Утаатай тэмцэх хөтөлбөрийн мөрөөдлийн жагсаалт
С.УЯНГА
Агаарын бохирдлыг бууруулах асуудал сүүлийн 15 жил ярьсан улигт сэдвийн хамгийн оргил нь байсан гэхэд хилсдэхгүй. Тэгсэн хэрнээ жил бүр утаагүй болгоно гэж тоймгүй олон хурал зөвлөгөөн хийдэг “уламжлал” тогтов. Энэ жил л гэхэд Утаатай тэмцэх үндэсний хэмжээний чуулганыг зохион байгуулж, төрийн тэргүүн, Ерөнхий сайд, салбарын сайд нарын илтгэл өнөөх л өмнөх жилүүдийн тоо баримт, төсөл хөтөлбөрөөс хэтэрсэнгүй. Чухам ямар үр дүн мэдэгдэх нь одоогоор тодорхой бус байна. Эцсийн дүндээ утааны эх үүсвэр, хамаг буруутанг нь гэр хорооллоос хайх биш үе, үеийн төр засаг ямар ч бодлого төлөвлөлтгүй, сэтгэлгүй ажиллаж ирсний гор юм. Ер нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд зөвхөн агаар, орчны бохирдлоос болж иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх талаар саналтгүй болсон. Энэ язгуур эрх чухам хэзээ хангагдахыг хэлж мэдэхгүй. Гурван сая хүний тал хувийнх нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа юм. Нэг ёсондоо утааны уршиг Улаанбаатар хотын айл болгонд, хүн бүрт хамаатай асуудал юм.
Анх утаа гэж халагладаг байсан бол одоо орчны бохирдол цогцоороо толгойн өвчин болж байна. Агаарын бохирдолтой холбоотой олон тоо баримт дурьдаж болох ч бодит байдал дээр ямар ч өөрчлөлт, үр дүн авчрахгүй. Мөн утаа шүүх, утаагүй түлш, зуух зэрэг хөрөнгө “хүүдийлсэн” үр ашиггүй төсөл мөнгө үрэхээс цаашгүйг харлаа. Тэгсэн хэрнээ утаатай тэмцэхэд сүүлийн найман жилд улсын төсвөөс 147 тэрбум төгрөг, олон улсын байгууллагын санхүүжилтээр 60 сая ам.доллар зарцуулжээ. Гэвч үр дүнд хүрч утаа буурсан үзүүлэлтийн тайлан харагдсангүй. Гэхдээ өмнөх жилүүдийг бодвол утаатай тэмцэх үндэсний хөтөлбөртэй болсноор 2017 он онцлог жил байв. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын 98 дугаар тогтоолоор “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан юм. Гэвч 2017-2019, 2020-2025 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжих утаатай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжих боломжгүй мөрөөдлийн жагсаалт гэдгийг иргэний нийгмийн байгууллагууд хэлж байна. Хөтөлбөр батлагдаад бараг эхний үе шат нь дуусах гэж байтал эхлүүлсэн дорвитой ажил цөөн. Мөн өвлийн улирал талдаа орж байгаа боловч цахилгааны шөнийн хөнгөлөлт, түүхий нүүрсний хэрэглээг хална, шилжилт хөдөлгөөнийг хорих гэснээс өөр гарт баригдах, санаанд буух юмгүй байгаа юм. Утаатай тэмцэх хөтөлбөрийн талаар “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү “Үндэсний хөтөлбөрт тусгасан ажлуудын санхүүжилт нь байхгүй. 100 гаруй ажлаас тавхан нь хагас дутуу хийгдэж байгаа учраас хэрэгжих боломжгүй. Тиймээс энэ хөтөлбөрөө дахин сайжруулан боловсруулж, бодитой хэрэгжих, утааг арилгаж чадах хөтөлбөр болгох хэрэгтэй. Бодлого тодорхойлох ёстой агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал ямар ч үр дүнгүй явагддаг. Тэнд ямар ч шинэ гарц гаргалгаа яригддаггүй, өмнөх жилүүдэд хийсээр ирсэн сайжруулсан зуух, нүүрсээ санал болгосон газрын дарга нар л байдаг. Татвар төлөгчдийн мөнгөөр боловсруулсан нүүрсийг амьжиргааны төвшнээс доогуур 4700 айлд тарааж байна. Төрийн байгууллага татвар төлөгчдийн мөнгөөр утаа үйлдвэрлэж байна. Ядаж шалны халаагуур тараах хэрэгтэй. Нийслэл дэх улстөрчдийн бүлэг 2-4 сая төгрөгийн үнэтэй зуух шахах гэж оролдсоор байна. НОСК-ийн орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжих ёстой” гэсэн юм.
Утаатай тэмцэх үндэсний хөтөлбөр гэх олон хуудас жагсаалтаас хугацаа шаардахгүй, хурд шалгасан. Батлагдсан цагаасаа хойш гурван улирал дамнаж байгаа ч сэтгэл байвал хэрэгжээд явах бүрэн боломжтой. Мөн өвлийн улирал дундаа орсон ч сураг чимээ дуулдахгүй, зарим нь цаасан дээр хагас хугасхан бууснаас цаашгүй байгаа мөрөөдлийн жагсаалтыг хүргэе. Үлдсэн “агаарын” мэт амлалтуудыг хоёрдугаар үе шат буюу 2020-2025 онд хүртэл хэрэгжинэ гэж найдаад үлдээе.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хот, суурин газрын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлэх” зорилтыг дэвшүүлж, агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан нь энэ хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болжээ.
-Нийслэлд шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлаж, нийслэлийн гэр хорооллын тэлэлтийг зогсоож, яндангийн тоог нэмэгдүүлэхгүй байх
-Нүүлгэн шилжүүлэлт, дахин төлөвлөлтийн эрх зүйн орчныг бүрдүүлж, ачаа тээврийн төмөр зам, хурдны авто замын төсөл хэрэгжүүлэх
-Төрийн байгууллага, их, дээд сургуулийг нийслэлээс нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж, зохион байгуулах
-Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлж, гэр хорооллын айл өрх 2.5-4кВт хүчин чадалтай цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх
-“Хямд өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд гэр хороололд амины орон сууцыг барихад чиглэсэн дэд бүтцийг байгуулж, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, залуучууд, бага, дунд орлоготой иргэдийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд хамруулах
Хот, суурин газрын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцүүлэх замаар боловсронгуй болгох
-Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр, авто техникийн болон барилгын материалын захыг нийслэлээс үе шаттай нүүлгэн шилжүүлж, инновацид тулгуурласан ногоон технологи бүхий үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ногоон бүс, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар хот, суурин газрын ногоон байгууламжийг хот төлөвлөлтийн стандартад нийцүүлэх
-Үерийн далан болон хамгаалалтын бүсэд буусан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг нүүлгэх бэлтгэл ажлыг хангаж, үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх
-Гэр хорооллын айл өрхийн үнс, хог хаягдлыг хадгалах зориулалтын цэг болон хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх машин механизмын тоог нэмэгдүүлж, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, хог хаягдлыг ашиглах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих
-Ашиглалтаас гарсан сав, баглаа боодол, зай хураагуур, аккумулятор, өдрийн гэрлийн шил, элэгдсэн дугуй, ажилласан тос зэрэг хог хаягдлыг үйлдвэрлэгч, импортлогч, борлуулагч нь хариуцаж эргүүлэн татах зохицуулалт болон тэдгээр хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд олгох урамшууллын тогтолцоог бий болгох
-Зам, тээврийн салбарын хог хаягдлын зохистой менежментийн судалгаа хийж, ашиглалтаас хасагдсан автомашины хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах
-Хот хоорондын авто замын дагуу зорчигч, тээвэрлэгчийн ая тухыг хангасан ногоон шийдэлтэй түр буудаллах үйлчилгээний цогцолборыг төлөвлөн байгуулах
-Агаар, орчны бохирдлыг бууруулахад идэвх, санаачилгатай, дэмжиж ажилласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, хөхиүлэн дэмжих, үйл ажиллагааг нь сурталчлах
Энэ мэтээр тоочоод байвал олон асуудал байна. Гагцхүү дээрх жагсаалтууд бол хянаад шахаад өгөх юм бол хэрэгжих бүрэн боломжтой юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: