Н.Энхбаяртай хамт Н.Болормаа, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр нар шалгуулах нь
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нарийн бичиг Б.Тулга гэх залууг саатуулсан нь олны анхаарлыг эрхгүй татлаа. УМБГ болон Нийслэлийн прокуророос Б.Тулгыг яагаад саатуулсан тухай мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа нь асуудлыг улам бүр сонирхолтой болгож байгаа юм. Энэ тухай МАН-нынхан “Өргөө” зочид буудлын хэрэгтэй холбогдуулан барьсан юм гэх юм. Хэрэв тийм бол Н.Энхбаярын хамт УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, БСШУ-ын сайд байсан Н.Болормаа нар хамт шалгуулах нь.
Учир нь Н.Болормаа нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчидийн дарга байх үедээ буюу 2007 оны есдүгээр сарын 6-нд нийслэлийн өмчит “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудалд хувийн хэвшлийн хөрөнгө оруулах сонгон шалгаруулалтыг явуулж, дүнг танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаярт зөвшөөрсөн байдаг. Түүгээр барахгүй аравдугаар сарын 17-нд дахин тогтоол гаргаж “Өргөө” зочид буудлыг хувьчилж нийслэлийн өмчид 25 хувийг үлдээгээд, харин 75 хувийг “Хар дун” компанид шилжүүлж хамтарсан компани байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ бохир явдал Ц.Нямдорж, Н.Энхбаярын маргаанаас үүдэж сэргээгдэж байгаа нь энэ аж. Тухайн үед “Өргөө” зочид буудлын ажилчид болон удирдлагууд “Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэр хууль бус. Ажиллаж байсан хамт олонд нь мэдэгдэхгүй ийм шийдвэр гаргаж болохгүй. Сонгон шалгаруулалт, тендер яагаад зарлаж болдоггүй юм бэ. “Хар дун” гэдэг компани аравдугаар сарын 10-нд байгуулагдаад долоо хоногийн дараа ганцхан сая төгрөгийн дүрмийн сантай мөртлөө энэ их хөрөнгийн бэлгэнд авлаа” гэх олон асуудлыг гаргаж, Захиргааний хэргийн шүүхэд хандсан байдаг ч шүүх хэргийг нь хүлээж авахаас татгалзсан байдаг гэнэ. Тухай үед Нийслэлийн өмчийн харилцааны газрын өмчийн бодлого, ашиглалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Эрдэнэбаатар “Хар дун” компани нийслэлд 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар болсон. “Өргөө” зочид буудлын барилгыг засварлах, тоног төхөөрөмж, тавилга эд хогшлоо шинэчилж орчин үеийн шаардлагад нийцүүлэх юм. Хотоос 490 эрчим сая төгрөгийн хөрөнгө оруулж байгаа. Хоёр талаас гаргаж байгаа хөрөнгө илт зөрүүтэй байгаа биз дээ. Энэ өмчийг дээрээс захиалгаар авч байгаа юм огт алга. “Өргөө” зочид буудал сүүлийн хэдэн жил ямар ч үр ашиггүй ажилласан. Үр ашгаа дээшлүүлж, шинэ менежмент хийх шаардлага тавихаар хөрөнгө мөнгөний бололцоогүй гэдэг. Гэтэл эднийх хотын төвд, нэгдүгээр зэрэглэлийн бүсэд, тодруулбал, Сүхбаатарын талбайгаас хэдхэн метрийн цаана байрлаж байна. Энэ бол орчин үеийн үйлчилгээ явуулж, их хэмжээний ашиг орлого олж болохуйц бүрэн бололцоотой байршил. Ямар ч утгаар нь ярьсан. Тиймээс хамгийн ашигтай санал тавьсан “Хар дун” компанийг сонгосон” гэх мэтээр ярьж хаацайлан өнгөрч байжээ. Харин “Хар дун” компани нь Н.Энхбаярын хүү Э.Батшугарын “Ремиф” компанийн охин компани аж. Ямартай ч Ц.Нямдорж, Н.Энхбаяр хэрэлдсэнээр энэ хэрэг дахин сэргээгдсэн нь УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Н.Болормаа нарыг сүрхий сандаргаж байгаа бололтой. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Батбаярын дүү Ц.Бат-Эрдэнэ нь өөрийн “Ганьт” компаниасаа Н.Энхбаярын хүүд нэг тэрбум 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь ч хуулийнхны шалгалтаар илрээд байгаа гэнэ. Тухайн үед тэд Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарыг ингэж муудалцана гэж яаж санах билээ. Энэ хоёрын маргаан энэ чигээрээ үргэлжилбэл тэднийг эвтэй байх үед нь дагуул болж явсан Ц.Батбаяр, Н.Болормаа мэтийн хүмүүс аль ч үгүй үрэгдэх бололтой.
Мөн Нийслэлийн прокуророос Н.Энхбаярт Эрүүгийн гэмт хэрэг үүсгээгүй гэсэн боловч түүнд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай ч сураг дуулдсан. Харин Н.Энхбаяр хувьд Б.Тулгыг баривчилсан явдлыг зүгээр өнгөрөөсөнгүй. Сүүлийн үед Н.Энхбаярт ажиллаж сүрхий нэрд гараад байгаа О.Баасанхүү гэх өмгөөлөгч өчигдөр гэнэт хэвлэлийн хурал зарлаж “Манай нийгэмд шударга зарчим дутагдаж байна. Тиймээс бид шударга хуульчдийн бүлгэм байгууллаа” гэж хэмээн мэдээлэл хийх зуураа “Б.Тулгыг хууль бусаар баривчилсан. Энэ бол хуулиар нотлогдож байна” гэсэн тайлбар хийж байгаа харагдсан. Дашрамд дуулгахад, О.Баасанхүү өмгөөлөгч ирэх сонгуулиар нэр дэвшинэ гэх сураг байна. Н.Энхбаярыг дагасан хүн яаж амжилтад хүрдгийн жишээ энэ юм даа.
Д.СҮХБААТАР
URL: http://www.fact.mn/33446.html