Деррик Рөүз бэртэхээс залхаж байна

218320-27112017-1511751204-984053916-nbaNBA-ийн улирлын үнэ цэнэтэй хамгийн залуу тоглогчоор тодорч явсан Деррик Рөүз өнгөрсөн зун “Кливлэнд Кавальерс” багт хүчээ нэгтгэж, Леброн Жэймс, Дуэйн Уэйд нарын хамтрагч болсон билээ. Энэ жил ердөө 29 настай ч Д.Рөүзийн төгс гэмээр замналд нь гэмтэл, бэртэл маш том садаа болов. Мэмфисийн их сургуулиас мэргэжлийн дээд лигт 20 настай элсэж, домогт Аллен Айверсоноос хойш шинэ тоглогчдын сонгоныг тэргүүлсэн анхны холбогч, эхний улиралдаа оны шилдэг шинэ тоглогч, хоёр жилийн дараа улирлын үнэ цэнэтэй тоглогчоор тодорч, энэ хугацаанд гурван удаа бүх оддын тоглолтод сонгогдсон юм.

Энэ бол дөрвөн жилийн хугацаанд түүний үзүүлсэн амжилт. Улмаар “Чикаго Буллз” багтай таван жилийн 94.8 сая “ногоон”-ы гэрээнд гарын үсэг зурж, багийнхаа хамгийн үнэтэй тоглогчоор тодорсон. Харамсалтай нь, тэр жилийнхээ хасагдах шатны эхний тойрогт “Филадельфи”-тэй хийсэн тоглолтод өвдгөндөө хүнд гэмтэл авсан нь түүний спортын замналд гай тарив. Энэ гэмтлийн улмаас маш хүнд мэс засалд орж, бүрэн эдгэрэхэд 8-12 сарын хугацаа шаардлагатай байлаа. Ирэх улирлыг бүтэн өнжиж, хоёр жилийн дараа эргэн ирсэн ч гэмтэл түүнээс салсангүй. Байнга бэртэж, эмнэлгийн оронд хэвтэх болсон тул “Бухнууд”-ын удирдлага залхаж, өнгөрсөн улиралд “Нью-Йорк Никс” багтай солилцоо хийсэн юм.

“Никс”-т нэг улирлыг үдэхдээ өвдгөндөө дөрөв дэх хагалгаагаа хийлгэжээ. Ингээд “Бухнууд”- тай үзэглэсэн таван жилийн гэрээ нь дуусгавар болсноор өнгөрсөн зун чөлөөт тоглогчийн зах руу шилжиж, “Морин цэргүүд”-тэй нэг жилийн гэрээ байгуулсан юм.

Хэдийгээр түрүүлэх магадлалтай том багт очсон ч Д.Рөүз улирлын эхний 18 тоглолтын 11-ийг нь гэмтлийн улмаас өнжсөн. Зүүн хөлний шагайндаа гэмтэл авснаар сүүлийн долоон тоглолтод оролцоогүй. Энэ бүх гэмтэл, бэртлийн түүх, азгүйтэл нь Чикагогийн уугуул залууд их спортоо орхих бодол төрүүлэв бололтой. Тэрбээр өөртөө хугацаагүй завсарлага өгч, сагсан бөмбөгийн талбайд дахин гарах, эсэхээ тунгаахаар болжээ. Энэ талаар хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Мэргэжлийн тамирчны хэмжээнд биеэ бэлдэх гэдэг тун хэцүү. Ямар ч үед ачаалал даах чадвартай байх ёстой. Өдөр бүр янз бүрийн бэртэлд өртөж, тоглолт өнжихөөс залхаж байна. Цаашид энэ хэвээр үргэлжлүүлэх үү, эсвэл өөр зүйл бодох уу гэдгээ шийдэх хэрэгтэй боллоо” хэмээн онцлов.

Багийнхан нь ч түүний шийдвэрийг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн. Багийн дасгалжуулагч Тайрон Луи түүнийг эргэж ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн ч хэзээ гэдгийг нь мэдэхгүй байгаа аж. “Морин цэргүүд”-ийн лидер Леброн Жэймс багийн андаа ямар ч шийдвэр гаргасан хүндэтгэхээ мэдэгдсэн бол удирдлагууд нь түүнийг цаашид ч сэтгэл зүйгээр дэмжихээ хэлж, эмчилгээний бүх зардлыг нь төлөх гэнэ.

Э.Тэмүүлэн

Өнөөдөр сонин


URL:

Сэтгэгдэл бичих