Афган эмэгтэйн сонголт: 12 жил шоронд хоригдох уу, нөхөртөө алуулах уу?

Гулназ гэгч эмэгтэйн зовлонт амьдрал зүгээр ч нэг энгийн эхэлчихээгүй аж. Бас энэ нь түүнийг хүчирхийлж, бие махбод руу нь дайрснаар төгсчээ. Хэдэн жилийн турш хар дарсан зүүд мэт хүчирхийлэл дор амьдарч ирсэн тэрээр одоо аймшигтай сонголт хийх ёстой болоод байна. Хэдийгээр болж өнгөрсөн аймшигт явдлаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн ч Гулназ ээжийг нь эмнэлэг явахаар гарсан хойно байшинд нь орж ирсэн тэр хүчирхийлэгчийн үнэрийг марталгүй санасаар л байгаа.

Гулназ гай таарсан тэр муухай өдрийн тухай ярихдаа, “Тэр төмөр болон барилгын ажил хийдэг, хиртэй бохир хувцастай байсан. Ээж маань гарч явах үед тэр гэрт орж ирээд, хаалга цонхнуудыг хаачихсан. Би хашхирч эхэлсэн боловч амыг минь дарчихсан” хэмээсэн юм. Харин тэр хүчирхийлэгч этгээд хэн байсан гээч! Хэрэгтэн Гулназын нагац эгчийнх нь нөхөр байсан аж. Гулназ чадах ядахаараа энэ хэргийг нуусан байна. Гэвч нэг их удалгүй бөөлжис хүрч, дотор нь муухайрах болсон бүсгүй жирэмсэн болсноо мэджээ. Энэ бол яах аргагүй нөгөө бузар этгээдийн хүүхэд байсан юм.

Афганистанд бол энэ хэргийнх нь төлөө бүсгүйг өрөвдөхгүй, харин ч түүнд ялын тогтоол унших билээ. Дөнгөж 19 нас хүрсэн залуу бүсгүйг гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанд орсон, садар самуун хэрэг үйлдсэн хэргээр шүүх буруутгаж 12 жил шоронд хорих ял оноожээ. Одоо Кабул хотноо байрлах Бадам Багх шоронд тэрээр хүүхдийнхээ хамт ялаа эдэлж байгаа.

Өвөр дээрээ хүүхдээ суулган эрхлүүлж буй Гулназ бүсгүй шоронгийн амьдралаа дуусгавар болгох ганц л сонголт байгаа гэдгийг тайлбарлав. Афганчуудын нүдээр бол хүчирхийлэлд автсан, гэр бүлээс гадуурх садар самуун явдал гаргасан гэгдэх эмэгтэй өөрийг нь хүчирхийлсэн этгээдтэй гэрлэх ёстой гэнэ. Зарим нэгнийх нь нүдээр, хүүхдээ гэр бүлд нь байлгаж, нэр төрөө сэргээх хэрэгтэй гэж байгаа аж. Итгэмээргүй сонголт Гулназын өмнө тулгарчээ.

“Хэрвээ би суллагдаж, шинэ амьдрал эхлэхийг хүсвэл энэ хүнтэй гэрлэх ёстой юу гэж өөрөөсөө асуусан. Миний хариулт бол намайг хүчирхийлсэн эрэгтэйтэй хамт амьдрахыг хүсэх” гэж тэрээр CNN-д ярьсан байна. Шоронгийн хүйтэн өрөөнд охиноо асарч байгаа Гулназ, “Миний охин бол гэм буруугүй бяцхан хүүхэд. Намайг ингэж хүүхэдтэй болсон гэдгийг хэн мэдэхэв дээ. Олон хүн надад охиныгоо бусдад өгчих гэж байсан. Харин миний авга намайг гэм буруугүйг нотолтол охиныг минь харж хандаж байя гэж хэлсэн” гэсэн юм.

Үнэндээ Гулназын сонголт бол хий хоосон зүйл. Түүн шиг байдалд орсон эмэгтэйчүүд энэ зовлонгийнхоо төлөө ичсэнээсээ болж алуулдаг. Тэр одоо маш эрсдэлтэй байдалд байгаа. Түүнийг ийм байдалд оруулсан этгээдийн гэр бүлийнх нь зүгээс ч тэр. Тэр этгээд мөн шоронд хоригдож байгааг бид олж мэдсэн юм. Тэрээр Гулназыг хүчирхийлсэн гэх хэргийг үйлдээгүй хэмээн татгалзаж байгаа аж. Хэрэв Гулназ шоронгоос гарвал алуулах болно, гэхдээ миний биш, өөрийнхөө гэр бүлийнхэнд алуулах болно гэж хэрэгтэн эр анхааруулав.

Гэсэн ч одоо Гулназын хувьд өөрийнх нь ч тэр, хэрэгтний ч гэр бүлийн зүгээс аюул нүүрлэсэн хэвээр байгаа. Магадгүй шорон л түүний цорын ганц, хамгийн аюулгүй газар болоод байж болох юм. Хамгийн аймшигтай нь Афганистанд иймэрхүү хэрэг тун олон тохиолддог, энгийн үзэгдэл ажээ.

Харин CNN энэ асуудлаар тус улсын прокуроруудаас тодруулсан боловч иймэрхүү хэдэн зуун хэрэг байна, ганц энэ асуудалд анхаарал хандуулах цаг зав байхгүй гэж хариулсан байна. Гэвч Европын Холбоо болон Афганистанд эмэгтэйчүүдийн эрхийн тухай мэдээллийг нуусан баримтат кино бүтээгч багийнхны хооронд гарсан маргааны улмаас Гулназын хэрэг олон улсын анхаарлыг татжээ.

Баримтат кино хийгчид Гулназ болон бусад эмэгтэйчүүдийн талаар нэлээд урт мэдээлэл бэлдэж, түүний золгүй хувь заяаных нь тухай илэн далангүй яриулж кино зураг авсан аж. Тэд энэхүү киногоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төсөлд анхаарал хандуулдаг Европын Холбоонд үзүүлжээ. Харин Европын Холбоо энэ киног үзсэнийхээ дараа уг төслийг зогсоохоор шийдсэн юм. Учир нь уг баримтат киног үзүүлснээс болж Европын Холбоо болон Афганийн хуулийн байгууллагуудын хооронд үл ойлголцол гарч, харилцаа маш эмзэг байдалд орсон гэж тэд тайлбарлаж байгаа аж.

Ямартаа ч Гуланз бүсгүй эцсийн эцэст нэг сонголтыг сонгохоор шийджээ. Энэ бол гэрлэлт. Тэрээр өөрийгөө бодсонгүй, харин охинтойгоо цаашид хамт амьдрах боломж нь ердөө энэ учраас ийнхүү шийдвэрээ гаргажээ. Түүнд өөр сонголт байсан гэж үү?

Бэлтгэсэн: Б.Бурмаа


URL:

Сэтгэгдэл бичих