ХАРУМОФУЖИЙН ЗОДГЫГ ТАЙЛУУЛАХ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

Сумогийн 70 дахь их аварга Харумофужи 33 насандаа сумогийн дэвжээг орхих нөхцөл бүрдсэн байна. Анх 2012 онд их аварга болж байсан Харумофужи 137 кг жинтэй, 33 настай. Өнгөрсөн сарын башёд түрүүлсэн. Монголын дөрвөн их аваргын, одоо барилдаж буй 3 аваргын нэг. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр бааранд залуу бөх Таканойваг зодсон хэргээр цагдаад байцаагдаж эхэлсэн скандал мэдээ Япон орноос хальжээ.

Аравдугаар сарын сүүлчээр, Монголын 5 сумочин бааранд архидаж байх үед энэ хэрэг гарсан тухай японы хэвлэлд бичиж байна. Уусан архиндаа согтуурхсан ёкузана Харумофужи залуу бөх Таканойваг эрүү рүү нь цохиж, тонгойнгуут нь ууж байсан пивоны шилээр дагз руу нь хүчтэй цохиж, улмаар ширээн дээрээ унасан 27 настай, нутаг нэг бөх Таконайвог 20-30 минут нүдэж балбасан гэдгийг цагдаагийнхан мэдүүлгээс олж тогтоожээ. Таконайво эмнэлэгт очиж, толгойдоо оёдол тавиулснаа, -Би өөрөө хальтирч унаад толгойгоо хагалсан юм гэж анхандаа тайлбарлаж байсан ч, саяхнаас цагдаад гомдол гаргасан байна. Тэр 5 хоног эмчилгээ хийлгэсэн, дээр нь барилдаан өнжих шаардлагатай болсноо ч Сумо бөхийн холбоонд уламжилсан байна.

Өнөөдөр энэ хэргийг цагдаа шалгаж, үнэн мөнийг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. Энэ зуур Ёкузана Харумофужи, түүний дэвжээний багш Исегахама нар Таконайвогийн дэвжээ рүү очиж уучлалт гуйсан боловч, Таконайвагийн багш, дэвжээний эзэн тэднийг хүлээн авахаас татгалзжээ. -Ийм явдалтай эвлэрэхгүй гэдгээ ч илэрхийлсэн байна. Яг энэ нөхцөл байдлаас үүдээд ёкузана Харумофужигийн Фукуоко башёд барилдах эрхийг нь Сумо бөхийн Холбоо, Цагдаагийн газраас гаргалаа. Харумофужигийн скандалтай уялдан сумогийн ертөнцийн өмнөх хэргүүдийг ч сөхөж эхлэв. 2007 онд залуу бөхийг зодсоор байгаад аминд нь хүрсэн хэрэг, сумочдын хар тамхи хэрэглэсэн явдал, Дагвадорж их аваргын бааранд хүн зодсон хэргүүдийг ч сөхөж, дурсаж байна.

Сумо тайлбарлагч Жонн Ганнинг, – Уучлал гуйгаад гэм зэмгүй өнгөрнө гэж саналтгүй. Сумо бөхийн нэр төр дөнгөж дээшилж, хэвийн байдалд одоо л нэг орж байна. Тавхан жилийн өмнөхөн билет зарагддаггүй, сумогийн ордон хоосон суудлаар дүүрэн байсныг санах хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр 160000 билет ердөө л 45 минутын дотор борлож байна. Энэ бол сумогийн нэр төр, олон жилийн хөдөлмөр үйлстэй холбоотой. Эргээд унавал хэн хариуцах вэ? Тэгэхээр сумо бөх, бөхчүүдийн нэр төрийг гутаасан ийм этгээдүүдийг өршөөж болохгүй гэж байр сууриа хатуу илэрхийллээ. Харумофужигийн нутаг нэгт бөхөө зодсон үйлдлийг дэврээсэн нь цаанаа ирэх онд болох Сумо Бөхийн Холбооны зөвлөлийн сонгуультай холбоотой болохыг зарим эх сурвалж үгүйсгэхгүй байна. Ийнхүү Харумофужи аварга Дагвадорж их аваргын араас зодог тайлах шахаанд оржээ.

 

Э.ЛХАГВАСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих