Ардчиллын ган хоолойг тас багалзуурдах нь
Цахим сүлжээ буюу твиттер, фэйсбүүкийг хаах тухай хэвлэлийн бага хурал сүүлийн 14 хоногт долоо хоногийн зайтай хоёр ч удаа боллоо.
Энэ хурлыг твиттер, фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч ч биш, улс төрийн зүтгэлтэн ч биш хаа хамаагүй хүн хийж байна. Мэдээлэл хийсэн хүн хэн бэ, цахим сүлжээнд ямархуу байр суурьтай бэ гэдгийг бид мэднэ. Тэр хүн цахим сүлжээнд байр суурьтай эсэх нь битгий хэл хаягаа ашиглалгүй гурван жил болж.
Тийм мөртлөө хэд хоноод л фэйсбүүк, твиттерийг хориглоё, хаая гэж мэдээлэл хийгээд байна. Ингэж хэвлэлийн бага хурал хийхэд заалны түрээсийн мөнгөнөөс эхлээд төсөв санхүү хаанаас гарч байгаа нь сонирхолтой байгаа юм. Ингэж сүр дуулиан болж цахим сүлжээг хаая гэж ярьж байгаа нь ардчиллын дуу хоолойг багалзуурдах гэсний дохио болж байна. Ер нь иргэдийн үг хэлэх эрхийг хаах, боох гэсэн дохио иймэрхүү маягаар эхэлдэг л дээ. Санаж байна уу, өмнөх УИХ-ын үед М.Батчимэг тэргүүтэй хэдэн гишүүн хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэсэн гоё нэртэй хууль санаачилж байсныг. Хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг устгах зорилготой уг хуулийг мэдээж хэрэг батлаагүй. Тэр хуулийн өрнөл нь яг иймэрхүү байдлаар эхэлж байсан юм. Яасан бэ гэвэл хууль гарахаас хоёр, гурван жилийн өмнөөс сэтгүүлзүйд ажилладаг сэтгүүлч нэртэй хэдэн хүн хэвлэл мэдээлэл хувийнх байж болохгүй, нийгэмчлэх ёстой, эзэн редакцийн бодлогод нөлөөлөх ёсгүй гэхчлэн зүйл ярьж байсан.
Түүнийгээ ярих гэж байс гээд л хэвлэлийн бага хурал хийдэг байлаа. Тэгж хоёр, гурван жил ярьсан болохоор хэсэг гишүүн хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг устгах хууль өргөн барьсан хэрэг. Түүн шиг фэйсбүүк, твиттер хуудсыг хаая, одооноос эхэлж үүн шиг хэрэггүй зүйл байхгүй гэж яриадах гэсэн захиалга эхэлж буй бололтой. Хэвлэлийн бага хурал хийж хэсэг ингээд ярьчихвал эрх баригчид үүнийг ард түмний дундаас үүссэн дуу хоолой, иргэдийн шаардлагаар гээд ярьж эхлэх юм. Улмаар ард түмнийг мэдэрсэн болж хэн нэгэн УИХ-ын гишүүн цахим ертөнцийг хаах хууль санаачлан гаргаж ирнэ. Харж л байгаарай, яг ийм сценараар явна даа. Хэрэв энэ хууль батлагдах юм бол Д.Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолд гардаг шиг хөмөрсөн тогоон доторх амьдрал гээч юм бий болно. Монголчуудын хувьд гадаад улс гэдэг Орос, Хятадаар л хязгаарлагдана.
Мөн Монголын ард түмний өмөг түшиг болсон ардчилал гээч зүйл устана гэсэн үг. Дээрээс нь дэлхийн ардчиллын загалмайлсан эцэг, хамгийн том ардчилагч АНУ-аас салгах гэсэн оролдлого болно. Ингээд авторитар дэглэм бүхий хоёр хөршийн дундах хойд Монгол гэгчийг бий болгох гэж байна. Яг л хойд Солонгос шиг. Өнөөдөр залуухан реппер охин ардчилал бидэнд зохихгүй, хаана байна тэр амласан ардчилал чинь гэж дуулаад байх юм. Тэр дуучин охины ингэж хэлээд дуулж байгаа нь өөрөө ардчилал юм биш үү. Хэн нэгэн хүний засаг төрөө муулж, шүүмжилж бичиж байгаа нь бас л ардчилал. Аль нэг эрх баригчийн хулгайг гаргаж тавьж байгаа нь ч өөрөө ардчилал байхгүй юу. Энэ бүгд хумигдана. Хэвлэлийн бага хурал хийсэн хүн сошиал ертөнцөөс болж төр засаг тогтворгүй ажиллаж байна гэж ярина лээ. Түүний хэлж буйгаар фэйсбүүк, твиттер хуудас ашигладаг хүмүүсээс болж Засгийн газар олон солигдож байна гэж сошиал ертөнцийн сүүдэртэй талыг яриад байгаа. Тэгвэл үе үеийн Засгийн газар ямар хугацаанд ажиллаж байв. УИХ-ын сонгуульт хугацаанд Засгийн газар хэдэн удаа солигдсон билээ дээ. Лавтай 1996-2000 онд гурав, 2004-2008 онд хоёр, 2008-2012 онд хоёр, 2012-2016 онд хоёр солигдсоныг тэр хүн мэдэж байгаа болов уу. Энэ бүгдийн буруу сошиал ертөнц байж яавч таарахгүй. Улс төрийн тогтолцооны гажигаас л солигдоод байгаа биз дээ. Болохгүй байгаа зүйлийг солихгүй гээд ч яахав.
Харин тэгж яривал Засгийн газар солигдож байгаа нь ч ардчилал шүү. Одоо энэ хүний яриад байгааг үндэслэн хэн нэгэн гишүүн хоёр жилийн дараа хууль санаачилж өргөн барих юм бол ардчилал боомилогдоно гэсэн үг. Бид өнөөдөр хүн төрөлхтөнтэй хамт байгаа дэлхийн монголчууд. Цахим ертөнцөөр дамжуулж бид дэлхийтэй өдөр бүр холбогдож байдаг. Эрх баригчдын хаусын зураг яагаад гардаг гээч. Дэлхий ертөнцөөс мэдээлэл авч байгаа болохоор л тэр. Ийм соргог нийгэмд үнэнч, шударга ажиллаж амьдрахаас өөр аргагүй болж байна. Манай сонин энэ талаар “Цахилгаан бороохойны үе өнгөрч цахим бороохойн үе эхэллээ” гэж бичиж байсан. Үг хэлэх эрхгүй болчих вий, далдуур хууль бус зүйл явагдах вий гэдгээс болгоомжилж байсан хэрэг. Үүний ачаар нууц, хууль бус зүйл гэж байхаа больж байна. Хуулийн дагуу л ажиллаж, амьдрахаас өөр аргагүй болсон. Энэ бол цахим ертөнцийн ач.
Цөөхөн хүн амтай багийн төвд бузар булай, хүмүүн бусын үйлдэл барагтай бол гардаггүй. Гарвал хэдэн арван жилийн турш ярьж үйлдсэн хүн нь муугийн жишээ болдог. Яагаад гэвэл тэд бие биенээ мэддэг учраас хэдэн үеэрээ муухайгаар яриулж, дурсагдахыг хүсдэггүй. Тиймэрхүү газар муу зүйл гардаггүйн учир нь цөөхөндөө ч юм биш л дээ. Нэг нэгийгээ мэдэж байгаа болохоор л муу зүйл хийдэггүй хэрэг. Бид ч гэсэн тэгдэг биз дээ. Таних юм чинь муухай юм даа гэх бодол дотор нь байдаг болохоор муу зүйл хийхээс татгалздаг. Хэн ч гэсэн тэгж л бодно. Муу үйл хийсэн хүнийг баг байтугай сумын төвөөр нэг элдвээр ярих учраас нүдний булай гэж бодох юм. Аягүй бол дараа үр хүүхэдтэй нь ханилах хүн ч олдохгүй. Бие биенээ мэддэг байх ийм учиртай. Тэгвэл цахим ертөнц дэлхийн найман тэрбум хүнийг бие биед нь мэддэг болгож өгч байна. Ийм болохоор муу муухайг ил болгож, хол байх ёстойг ухааруулж хүмүүжүүлж байгаа юм. Ер нь тэгээд цахим ертөнцийг хаана гэдэг муу муухайгаа далдалж байна гэсэн үг. Гэтэл манай твиттерчид, фэйсбүүкчид энэ асуудалд яагаад дөлгөөн хандаж байна вэ. Ярьж байгаа хүнийг хоосон элэглэхээс хэтрэхгүй юм. Гэвч наана нь харагдаж байгаа хүн л ганцаараа яриад байгаа хэрэг биш. Цаана нь асар том бүлэглэл, хууль санаачлах эрх бүхий хүн байдаг юм ш дээ. Хэвлэлийн бага хурал хийж буй хүн өөрөө энэ талаар ярихгүй гэдэг хэнд ч ойлгомжтой. Өөрийн эдийн засгаас зарлагадан зарлагадан хэвлэлийн хурал хийх хүн тэр мөн үү. Цаана нь ийм хууль санаачилж өргөн барих гэсэн хүчин, бүлэг, нөлөө бүхий эрх баригч байгаа учраас дуугараад байгаа юм. Сошиал хэрэглэгчид хэдхэн жилийн дараа амаа бариулахаас сэргийлж дуу хоолойгоо нэгтгээч ээ. Ингэж таны, миний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг боомилох аргыг эхнээс нь эсэргүүцэх хэрэгтэй байна. Дээр нь твиттер, фэйсбүүкчид хэдэн лайк авах гэсэн худал мэдээлэл, балай гүтгэлэгт анхаарал болгоомжтой хандах цаг болж. Компьютерын ард суугаа худал мэдээлэл тараагчид болгоомжтой хандахгүй бол болохоо байсныг ойлгуулж байна.
Гэрэл байвал сүүдэр ч байдаг. Бидний сүүдэр арай хэтэрхий их болоод байх юм. Юу ч хамаагүй бодсоныгоо дээшээ харж байгаад зохиож бичдэгээ болих хэрэгтэй. Ингэж бичдэг наад донгоо дар. Хүн төрөлхтөнг бие биетэй нь холбосон ийм сайхан боломжийг та нарын наад хэнд ч мэдэгдэхгүй гэж бодож хийж буй зүйл чинь байхгүй болгох гээд байна. Хэрэв тэгвэл юу болохыг мэдэж байгаа биз дээ. Магадгүй санаанд чинь буухгүй байна уу. Ямар ч төсөөлөл алга уу. Дарангуйлагч нийгэм гэж хүсмээр зүйл биш гэж манай аав ээжийн үеийнхэн ярьдаг юм. Тэд октябрийн хувьсгал гэж дурсах ч юм биш гэж ирээд ярьдаг. Дарангуйлал, хүнд, харгис нийгэм ямар хэцүүг манай ахмадууд ярьдаг. Яг түүн шиг нийгэм биднээс тийм ч холгүй байна. Хэрэв цахим ертөнцийг хаасан тохиолдолд бид ийм л нийгэмд шилжиж орно.
URL: