Ухаалаг хот гэж ямар хотыг хэлэх вэ

15108904365a0e5bc40541dХотын хүн ам өсөхийн  хэрээр эрчим хүч, ус, эрүүл мэнд, орон сууц, тээвэр, харилцаа холбоо, аюулгүй байдал гэх мэт амьдралын  хэрэгцээнүүд нэмэгддэг. Эдгээр хэрэгцээг хангах нөөцийг илүү үр ашигтай ашиглахын тулд илүү ухаалаг стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай.   Ухаалаг хот гэдэг нь янз бүрийн мэдрэгч \чип, датчик\ зэрэг сүлжээнд холбогддог физик төхөөрөмжүүд, харилцаа холбооны технологийг ашиглан цахим өгөгдлийг цуглуулан замын хөдөлгөөн, эрчим хүч, усан хангамж, хог хаягдал, хууль сахиулах, сургууль, эмнэлэг зэрэг хотын дэд бүтэц, үйл ажиллагаа, нийтийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран удирддаг хотын шинэ хэлбэр юм. Энэ бүхний үр дүнд үйлчилгээний үр ашиг  эрс дээшилж, тулгамдсан асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхэд чиглэсэн дэд бүтэц, удирдлагын нэгдсэн тогтолцоо бий болдог байна.   Өөрөөр хэлбэл, мэдээлэл, харилцаа холбооны технологийг  ашиглан хотын эдийн засгийг тогтвортой хөгжүүлж, иргэдийн амьдралын өндөр чанарыг бий болгож чадсан хотыг ухаалаг гэж нэрлэдэг. Түүхээс харвал орчин үеийн технологийн хурдацтай хөгжил, хот суурингийн хүн амын өсөлт, эдийн засгийн төрөлжилт, байгаль орчны хурц асуудлууд нь ухаалаг хотын үзэл санаа бий болох урьдач нөхцөл болжээ.

Ухаалаг хотын бас нэг онцлог шинж нь  хиймэл оюунөгөгдөлд анализ хийснээр зам, барилга байгууламж, бусад эд хөрөнгө зэрэг биет дэд бүтцийг илүү үр ашигтай ашиглах боломжийг бий болгодог.

Түүнчлэн засаг захиргаа нь   иргэдийн оролцоо, нээлттэй инновацийн үйл явц, цахим оролцоог ашиглан шийдвэр гаргадаг байх нь ухаалаг хотын нэг шинж юм.   

Тухайлбал, гэрлийн байцаагчид айлуудаар явж цахилгааны мөнгө бичин, иргэд мөнгөө банкинд аваачиж өгдөг явдал чирэгдэлтэй байдлыг технологийн тусламжтайгаар өөрчлөх боломжтой. Цахилгааны мөнгө хэд гарсан, хэнийх мөнгөө төлөөгүй зэргийг мэдэх асуудал автомат болсноор бүх асуудлыг ухаалгаар шийдэж болно. Хотын янз бүрийн хэсэгт суурилуулсан ухаалаг технологи нь албан хаагчид болон хотын дэд бүтцийн аль алинтай шууд холбогдож, хотод болж буй үйл явдлыг шууд хянах, хариу шийдвэр гаргах боломжийг олгож байдаг. Тиймээс ухаалаг хот нь “энгийн” хоттой харьцуулахад  асуудлыг илүү хялбар хурдан шийдэх боломжтой юм.

Өнөөдөр дэлхийн олон оронд хотыг ухаалгаар хөгжүүлэх хөдөлгөөн өрнөж байгаа ба Европын холбооны “Европын тоон хөтөлбөр”-ийн хүрээнд ухаалаг хотын шийдлийг боловсруулах, олон нийтийн үйлчилгээ, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор мэдээлэл, харилцаа холбооны технологи, инновацид хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн олон арга хэмжээг хэрэгжүүлж байна.

 Судлаачдын үзэж буйгаар ухаалаг хот болохын тулд хот нь цахим болон тоон технологийг өргөн хүрээнд нэвтрүүлсэн байх, мэдээлэл, харилцаа, холбооны технологийг   төрийн байгууллага, төрийн үйлчилгээнээс эхлээд  өргөн хүрээнд нэвтрүүлсэн байх, хотын асуудлыг шийдэхдээ инновац, шинэ мэдлэгийг заавал ашигладаг байх шаардлагатай.  Мөн ухаалаг хотын үзэл баримтлалын хүрээнд ухаалаг засаглал, ухаалаг эрчим хүч, ухаалаг барилга, ухаалаг тээвэр, ухаалаг дэд бүтэц, ухаалаг технологи, ухаалаг эрүүл мэнд, ухаалаг иргэн гэсэн гол гол асуудлыг авч үздэг байна.

Ухаалаг хотыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо, санаачилга чухал бөгөөд олон  улсын сайн туршлагаас харахад ухаалаг хотыг зөвхөн иргэд, хэрэглэгчдийн бодит хэрэгцээнд түшиглэн байгуулдаг ажээ.   

Ухаалаг хотыг хөгжүүлэх замын зураглал нь нэгд, автоматжуулах газар нутгийг нарийн тогтоох, хоёрт, иргэд, олон нийтийн хэрэгцээг судлах, гуравт,  ухаалаг хотын бодлогыг хэрэгжүүлэх, түүндээ иргэдийг татан оролцуулах юм.

Сүүлийн үед Cisco, Schneider Electric, IBM, Microsoft, UNIT зэрэг томоохон харилцаа холбоо, мэдээллийн технологийн компаниуд ухаалаг хотын шинэ шийдэл, санаачлагыг боловсруулж, амжилт олж байна.

  • Cisco дэлхий даяар ухаалаг хотыг хөгжүүлэхэд зориулж хот суурин газрын нэгдсэн менежментийн шинэ арга хэрэгсэл болгож иргэд, эдийн засгийн хөгжлийн чанарыг сайжруулахад чиглэсэн нэгдсэн сүлжээ болох “Глобал ухаалаг хотуудын санаачлага”-ыг гаргасан байна.
  •  IBM хот суурин газрын экосистемд шинэ сэтгэлгээ, үйлдлийн хандлагыг идэвхжүүлэхийн тулд SmarterCities программыг зарлажээ.
  •  Лондонгийн  SCOOT хэмээх хөдөлгөөний менежментийн систем нь замын уулзвар дахь ногоон гэрлийн хугацааг оновчтой болгохын тулд magnetometer болон индукцийн хүрдний өгөгдлийн мэдээллийг суперкомпьютерт өгснөөр замын хөдөлгөөний хурдыг сайжруулж гудамжны хөдөлгөөнийг зохицуулж байна.
  • Испанийн Сантандэр  хот гэхэд барилга, дэд бүтэц, тээвэр, сүлжээ, байгууламжуудыг хооронд нь холбосон 20,000 мэдрэгчтэй  бөгөөд эдгээр нь хотын агаарын бохирдол, дуу чимээ, замын хөдөлгөөн, автомашины зогсоол дүүргэлт зэргийг хянаж байдаг.

Улаабаатар хот 2014  онд  Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд нийслэлийн ИТХ-ын дэргэд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэд хороо байгуулагдан ажиллаж байгаа аж.  Ухаалаг хотын хамгийн чухал элементийн нэг нь хоорондоо нийтийн тээвэр, дэд бүтцээр нягт зөв холбогдсон гудамжууд юм.Улаанбаатарыг ухаалаг болгохын тулд  гудамжны гэрлийн шон бүрийг  маш олон төрлийн мэдээллийг цуглуулах, дамжуулах боломжтой болгож болно. Жишээ нь, харанхуйд хажуугаар нь хүн өнгөрөхөд асч гэрэлтүүлдэг, ойр орчим машины сул зогсоол байгаа эсэхийг мэдээлдэг, тухайн орчмын цаг агаар, агаарын бохирдол болон аль хогийн сав дүүрснийг хог ачдаг компанид мэдээлдэг зэрэг мэдрэгчүүдийг гэрлийн шон дээр суурилуулж болно. Мөн Улаанбаатарын иргэдэд  ухаалаг цахим картыг нэвтрүүлж болох юм байна.

Олон тооны бүртгэл үүсгэхгүйгээр эзэн нь олон төрлийн үйлчилгээнд нэвтрэх боломжийг олгодог өвөрмөц шифрлэсэн танигчтай картыг хэрэглээнд нэвтрүүлснээр  үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд хэрэглэгчдийн нийтлэг хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж мэдээллийн нэгдсэн сан үүсгэдэг байна.   Түүнчлэн хотын нийт эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэгтгэн төвлөрүүлж удирдсанаар зохистой хуваарилах боломжийг бүрдүүлэх,  эрчим хүчний ухаалаг сонголтуудыг санал болгосноор  хэмнэлтийг бий болгох зэрэг ач холбогдолтой ажээ. Мөн орон сууц, гэр хорооллын айлуудын ус, дулааныг мэдээлэл дамжуулах тоолууртай болгох, автобусны буудал дээр суурилуулсан мэдээлэгчээр дамжуулан нийтийн тээврийн хэрэгслийн зогсох   цагийг хянах зэргийг “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд шийдэж болох юм.

Мэдээлэл, технологийн хөгжлийн эрин үеийг харвал ухаалаг хотууд дараачийн томоохон хувьсал байх бөгөөд  энэ нь зөвхөн гадаа гудамж талбайн асуудал биш нийгмийн амьдралын чанарын асуудал юм.  

Ухаалаг технологийн нөхцөлд аливаа бизнес  илүү хурдтай өргөжин тэлж, хотын оршин суугчид    авлига,  хүнд сурталгүй, оочер дараалалгүй, дарамт шахалт багатай амьдрах боломж бүрддэг байна.  Эдийн засгийн тогтвортой байдал бий болсноор аз жаргалтай, эрүүл орчинтой хот болж,  амьдрал илүү хялбар болох ба энэ хэрээр  бухимдал стрессгүй, амар тайван амьдрах болно.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл

 


URL:

Сэтгэгдэл бичих