М.Энхболд УИХ-ын дарга байгаагүй бол…

527-151087931611-17-4-550x300Монголд байнгын үйл ажиллагаатай парламент үүсээд 27 жил болж байна. Энэ хугацаанд долоон удаа сонгууль явуулжээ.

Энэ Их хурал отгон нь юм. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 65 суудалтай болсон. Хотын мээр асан Э.Бат-Үүлийн хэлснээр 2016 оны сонгуулиар МАН гэсэн хаягтай бол бор халзан хонь ч гарахаар байсан хэрэг. Өнөөдөр тэр үгийн утга яруу тодоор ойлгогдож байна.
Шуудхан хэлэхэд УИХ-д санаандгүй орж ирсэн гишүүд, бас хэт олуулаа сонгогдсоны гор л доо. Ерөөс УИХ-ын гишүүдэд стандарт тогтоож, тэр шаардлагыг хангасан хүн УИХ-д нэр дэвшиж болно гэж хуульчилмаар болсон байна.
Энэ УИХ-ыг хар даа. УИХ-ын гишүүд нь улс орноо бус улстөржилтийг эхэнд тавьж, үүнээс нь болж төрийн ажил хэрхэн гацдагийг та бид хангалттай харж байна.
Хамгийн сүүлийн жишээ. Өнгөрсөн долоо хоногт 2018 оны төсвийг батлахад бэлэн болоод байсан. Ганцхан удаа алх тогшиход л болчихоор байлаа. Гэтэл УИХ-ын гишүүдийнх нь ирц бүрддэггүй.
Яг үнэндээ энэ УИХ-д төрийн ажлын туршлагатай гишүүн цөөдөөд байгаа юм. Харин мөнгөтэй,  ойворгон, түүндээ эрдсэн гишүүд олон орж ирсэн нь энэ бүхний шалтгаан болж байгаа юм.
Ер нь бол эдний дунд М.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын тулхтай, ноён нуруутай, төрийн ажлын туршлагатай хэдэн хүн байгаа нь энэ УИХ-ыг УИХ шиг харагдуулаад байгаа юм.
Тэд УИХ-д болж байгаа балиар болгоныг цэвэрлэж, засч залуурдах гэж үйлээ үзэж байх шиг байгаа юм.
Ийм учраас дараа дараагийн УИХ-д нэр дэвших этгээдүүдэд төрийн ажлын туршлагатай байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьж сонголтоо хийх цаг нэгэнт болжээ гэсэн үг.
МАН эрх баригч. УИХ-д 65 суудал бүхий бүдүүн бүлэгтэй. Гэтэл тэр нь хэд хуваагдаад, өнөөдөр төрийн ажлыг гацааж, бүр замыг нь алдууллаа.
Сүүлдээ, УИХ-ын танхимд хулгайч, луйварчнаараа дуудалцаж, барилцаж зодолдоход ч бэлэн боллоо. Энэ бол завхрал. Гэхдээ М.Энхболд шиг хүн УИХ-ын дарга байгаад чуулганыг удирдаж, гарч болох байсан олон эрсдлийг зохицуулж чиг шугаманд оруулж яваагүй бол энэ УИХ хаашаа явах байсан бол доо. Өдийд төсвөө баталж чадалгүй тарж ч мэдэхээр байсныг тэд өөрсдөө ч мэдэрч суугаа гэдэгт найдъя.
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих