Тэд харахгүй ч хөгжих эрхтэй

13026

Өхөөрдөм жижигхэн хуруугаараа орчлонг тэмтчиж, нарны гэрэл, цэцэг навч гэж юу байдгийг ч мэдэхгүй тэр цагаахан ертөнц. Үеийн хүүхдүүдтэйгээ бужигнан тоглож, өглөөнөөс орой хүртэл “Энэ юу вэ” гэсэн асуултаар булах бяцхан үрс. Ээж, аавынхаа өврөөс салаагүй тэд урдаа юу байгааг, номын хуудсаа ямар өнгөөр будаж байгаагаа мэдэхгүй байхыг хараад сэтгэл эрхгүй өвдөнө. Тэд одоохондоо өөрсдийгөө хараагүй гэдгээ мэдэхгүй. Тиймээс бусад хүүхдийн адил хөөрнө, гүйнэ, баясна.

Харин амьдралыг ойлгодог болж, нийгэмших насанд хүрэхээрээ хараагүй гэдгээ мэдээд сэтгэлзүй нь хэрхэн өөрчлөгдөх бол. Бусад хүүхэд орчлонг харж байхад би яагаад хардаггүй юм бэ гэж асуувал юу гэж хэлэх бол гэсэн олон бодол хөврөх. Жижигхэн биед нь тохирсон, намхан ширээгээ тойроод зурагт номынхоо өнгийг харахаар нүүрэндээ наах шахна.

МХҮХ-ны дэргэдэх “Нарны хаан хүүхдүүд” хараагүй хүүхдийн тусгай цэцэрлэг саяхан ашиглалтад орсон хараагүйчүүдийн 90 айлын орон сууцын нэгдүгээр давхарт байрладаг юм байна. Айл байх зориулалттай байрыг цэцэрлэг болгон тохижуулжээ. Цэцэрлэгийн хаалгаар ороход хүүхдийн цангинасан инээд, дулаахан, тохилог орчин биднийг угтсан. “Энэ юу вэ” хэмээн зурагт номоо барин өөдөөс минь нэгэн жаал хүү угтав.

Энэ хүүг Б.Өлзийтогтох гэдэг. Дөрвөн настай. Төрөлхийн 100 хувь хараагүй гэж А.Лхагвасүрэн багш хэлсэн юм. Гэвч үргэлж инээмсэглэн, аливаа зүйлийн утгыг ойлгож, тэмтэрч мэдрэх гэсэн хүсэлтэй. Тиймээс түүнийг би нийтлэлийнхээ баатраар сонгосон юм.

НЭГ БАГШ 5-7 ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Харааны бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг улсын хэмжээнд хоёрхон бий. “Нарны хаан хүүхдүүд” цэцэрлэгт одоогоор 15 хүүхэд сурч байна. Тэдний харааны төвшин харилцан адилгүй. Зарим нь өнгө ялгадаг байхад, нэг хэсэг нь зөвхөн гэрэл мэдрэх төдий. Багш нар хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр боловсруулж, ажилладаг юм байна. Хамгийн түрүүнд хүүхдүүдийн харааг хэрхэн барих, орон зайг мэдрэх арга барилд сургах шаардлагатай. Үүний тулд хүүхэд бүртэй тулж ажиллах хэрэгтэй.

Дэлхийн жишигт нэг хараагүй хүүхдэд нэг багш ноогддог. Тэгвэл тус цэцэрлэгт багшийн орон тоо хүрэлцээгүйн улмаас нэг багш 7-8 хүүхэдтэй ажиллаж байна. Хэдийгээр МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуульд тусгай хэрэгцээтээр багш мэргэжилтэн бэлтгэдэг ч тэд энэ мэргэжлээрээ ажиллах нь ховор гэж А.Лхагвасүрэн багш ярьж байсан юм. Одоогоор “Нарны хаан хүүхдүүд” цэцэрлэгт Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг төгссөн арга зүйч мэргэжилтэй багш нар ажиллаж байна.

Эдгээр багш нарт гарын авлага гэж бараг үгүй. Гадагшаа явж бусад орны цэцэрлэгүүдийг судлах, багш нар нь мэргэшүүлэх сургалтад суух юмсан гэсэн туйлын хүсэлтэй байдаг. Гэвч хаана, хэнд хандах нь тодорхойгүй. Хараагүй хүүхдүүдийн хэл яриа, сонсох, мэдрэх чадвар илүү хөгжсөн байдаг. Тиймээс багш нар энэ чадварыг нь илүү хөгжүүлэхийг зорьдог гэнэ. Манай нийтлэлийн баатар Б.Өлзийтогтох хүү үүнийг баталж, юу сурснаа бидэнд тайлагнасан юм.

Хүүгийн урд багш нь шатар авчирч тавьсан. Б.Өлзийтогтох шатрыг нэг бүрчлэн барьж, тэмтэрч, амаараа мэдэрч үзээд хүү, бэрс, тэрэг, морь гээд яг хэлж байв. Орчлон ертөнцийг, өөрийнхөө тоглох дуртай шатрыг нэг ч удаа харж үзээгүй хүү ингэж сайн мэдэрч, таньж хэлнэ гэдэг багшийн хөдөлмөрийн үр дүн билээ. Үүнээс гадна жаал хүү дуу дуулах дуртай гэв. “Маамуу нааш ир манайд хоёулаа тоглоё” гэсээр эвлэгхэн дуулах хүү намайг дагуулсаар зурагт номны дэргэд авчрав. Аваад өгөөч гэж байгаа бололтой заана.

Харахад энгийн буддаг номыг нээвэл тэмтэрч мэдрэх зориулалттай аж. Хүүхдүүд номоо тэмтэрч, ямар амьтан байгааг нь түвэггүй хэлнэ. Нийтлэлийн баатар маань ч шаргал өнгөтэй эрвээхийн дүрсийг тэмтэрч надад хэлж өгөв. Бид хоёр цааш явсаар тоглоомын хэсэгт очлоо. Б.Өлзийтогтох нэгэн тоглоом авч чихэндээ наав. Цэцэрлэгийн ихэнх тоглоом дуугардаг юм байна. Харахгүй учир ийнхүү дуугардаг тоглоомоор тоглуулж, сонсголыг нь хөгжүүлэх зорилготой гэнэ.

Тус цэцэрлэгт төрийн зүгээс хүүхдүүдийн хэрэглээний мөнгийг л өгдөг юм байна. Харин бусад  хувьсах зардлаа өөрсдөө даах үүрэгтэй. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандиваар цугласан өхөөрдөм тоглоом, хэрэглэлүүд олон байдаг гэж туслах багш Х.Дэлгэр­мөрөн ярьсан юм.

ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХАРААГҮЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР АЛГА

Б.Өлзийтогтох 100 хувь хараагүй ч аливааг тэмтэрч мэдрэх чадвар нь илүү хөгжсөн

“Нарны хаан хүүхдүүд” цэцэрлэг 2015 онд байгуулагджээ. Энэ онд нийт 15 хүүхэд, есөн багштайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс зургаа нь тэг хараатай буюу төрөлхийн хараагүй. Таван хүүхэд нь гэрэл мэдэрдэг. Нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн 10 хүүхэдтэй тэнцдэг. Хүн 85-90 хувийн мэдээллийг зөвхөн нүдээрээ авах ёстой. Харин хараагүй хүүхдүүд энэ цэцэрлэгт хүмүүжсэнээр мэдрэх, сонсох, амтлах мэдрэхүйгээ илүү хөгжүүлдэг байна. Мөн биеэ даах чадварыг сурдаг гэнэ.

Эцэг эхээ байхгүйд хэрхэн хоолоо асгахгүй идэх, яаж баримжаалах зэрэг анхан шатны мэдэгдэхүүнийг олгодог юм байна. Монголд хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа цэцэрлэгийн насны харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан боловсролын хөтөлбөр байхгүй. Багш нар хүүхдүүдийнхээ насны онцлогт тулгуурлаж сургалтын хөтөлбөрөө өөрсдөө боловсруулдаг юм байна. Мөн Монгол Улсын хэмжээнд хэдэн хараагүй хүүхэд байгааг тогтоосон нарийвчилсан судалгаа байхгүй.

Хоёр жилийн өмнө хараагүй хүүхдүүдийн 3-4 хувь нь цэцэрлэгт хамрагдаг гэсэн албан бус тоо гарчээ. Үүнээс гадна хүүхдүүдэд зориулсан тоглоом, тусгай хэрэгсэл дутмаг тухай цэцэрлэгийн багш нар ярьж байна. Энгийн хүүхдэд цаасан дээр зураг зураад үзүүлэхэд ойлгоно. Харин харааны бэрхшээлтэй хүүхэд заавал хүрч, мэдэрч байж юу байгааг нь мэддэг учир илүү их материаллаг зүйл хэрэг болдог аж.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ НИЙГЭМШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Хүүхдэд зориулсан будагт ном нь тэмтэрч мэдрэх зориулалттай юм байна

Үүнээс гадна эцэг эхчүүд хүүхдээ харааны бэрхшээлтэй гээд бараг газар тавихаас ч айдаг.Үүнийг хамгийн буруу гэж А.Лхагвасүрэн багш анхааруулсан юм. Учир нь хүүхэд өөрөө хүрч, мэдэрч, явж байж орчинтойгоо танилцана. Тус цэцэрлэгт хүмүүжихээр ирсэн зарим хүүхэд хоолоо идэх ч чадамжгүй байжээ. Хэдийгээр энэ нь эцэг эхийн хайр халамж анхаарал мэт харагдавч эргээд хүүхдээ улам л хөгжлийн бэрхшээлтэй болгодог гэнэ. Тиймээс аль болох багаас нь биеийг нь даалгах арга барилд сургавал ирээдүйд хүүхдийнх нь хөгжилд хэрэг болно гэж байв.

Харааны бэрхшээлтэй нэг хүүхдийн явах талбай зургаан метр байх ёстой. “Нарны хаан хүүхдүүд” цэцэрлэгийн байр энэ стандартад хүрэлцдэггүй. Энэ байраа илүү том болгочихвол хүүхдүүд чөлөөтэй явахаас гадна дахиад хүүхэд нэмж авах боломжтой болох юм байна. Үүнээс гадна хараа хөгжүүлэх кабинет зайлшгүй хэрэгтэй байна. Хүүхдүүд харааны бэрхшээлээсээ болоод хөдөлгөөн нь хязгаарлагдмал болчихдог.

Тиймээс хөдөлгөөн дасгал хийлгэх хэрэгтэй. Гэвч тус цэцэрлэгт заал алга. Хэрэв эдгээр асуудлыг нь төр засаг, салбар яамнаас нь шийдээд өгвөл, үгүй ядаж сайхан сэтгэлээр туслах хүн байвал харааны бэрхшээлтэй олон хүүхэд сурч боловсорч болохоор байна.

Нийтлэлийн баатар Б.Өлзийтогтох хүүд хараатай болох найдвар байхгүй. Тиймээс хорвоо ертөнцийг сонсож, аливааг зөвхөн мэдэрч байж л танилцах нь. Хэдийгээр өнөөдөр юугаа ч мэдэхгүй хөөрч байгаа ч ирээдүйд өсөж томроход нь түүнийг ямар нийгэм хүлээж байгаа бол. Ядаж л боловсролтой, сайн хүн болох боломж нь хэр бүрдэх бол.

Хараагүй ч гэсэн ээж, аавынхаа эзгүйд өөрөө хоолоо идчихдэг, хүссэн газартаа саадгүй хүрчихдэг биеэ даасан хүн болоход нь одооноос цэцэрлэг, сургуульд байхаас нь анхаарч тэдэнд чиглэсэн зөв бодлого, боловсролын хөтөлбөр стандартыг нэвтрүүлэхэд анхаарах ёстой. Тэгсэн цагт харааны бэрхшээлтэй хүүхдүүд маань өнөөдрийнх шиг нүүрэндээ инээмсэглэл тодруулан бусдын гарыг харалгүй амьдрах болно. Ийм бодол тээсээр Б.Өлзийтогтохдоо болон бусад найзуудад нь баяртай гэсээр цэцэрлэгээс гарсан юм.

Ч.ГАНТУЛГА


URL:

Сэтгэгдэл бичих