Д.Эрдэнэбат УИХ-ыг үнэхээр тараах уу…
Сүүлийн үед төрийн ажил байнга гацаанд орох болоод байгааг бид бэлэхнээ харж байгаа. Энэ нь мэдээж 65 суудалтай олонхийн бүлэг дотроо хоёр бүлэгтэй болоод байгаатай шууд холбоотой. Тэгвэл энэ талаар саяхан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Энэ УИХ намрын чуулганы эхэлсэнээс хойш ганц ч хуулийн төсөл хэлэлцсэнгүй, бүтэн хуралдсангүй. Төрийн ажил завхарч байна. 65-ын бүлгийн үл ойлголцлоос болоод сүүлийн бүтэн сар төр ажлаа хийсэнгүй. Хоорондоо хэрэлдсэн, талцсан хүмүүс л байдаг боллоо. Тиймээс ард түмэн энэ УИХ-ыг ойшоохоо больсон. Би бодож байна. Дахиад ингээд асуудлаа шийдэж чадахгүй бол би өөрийн бланк дээр шударга улстөрчид гээд байгаа хүмүүстэй нийлээд, энэ УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулна” гэдгээ дуулгаж байсан. Тэгвэл УИХ-ыг тараах түүний үг хүмүүст нэлээд хүчтэй хүрсэн бололтой юм. Учир нь УИХ-ын гишүүн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эрх баригч намын гишүүд хоорондоо талцаж 32, 33-аараа хуваагдаж хэрэлдлээ. Энэ байдлыг нийтээрээ харж байна. УИХ-ыг тараах бичигт гарын үсэг цуглуулбал би гарын үсэг зурна. Дэмжинэ” хэмээжээ. Энэ мэт Д.Эрдэнэбат гишүүнийг дэмжих хүн мундахгүй олон байх бололтой. Тиймээс эрх баригчид дахиад төрийн ажлыг гацаавал толцож тоглосныхоо “шанг” хатуухан хүртэх нээ.
URL: