Хүнсэнд нэвчсэн цацраг идэвхт бодис удмын санд нөлөөлдөг
Японы Фүкүшима дахь атомын станц дэлбэрсний дараа бүс нутгийн хэмжээнд цөмийн цацраг идэвхт бодисын хор хэмжээ тархах аюул нүүрлэсэн.
Одоогоос 25 жилийн өмнө ашиглаж эхэлсэн тус станц урьд байгаагүй сааталд орж, дэлбэрэх нөхцөл байдалд хүрч байсан юм. Үүний сацуу цөмийн идэвхт цацраг бодис орон нутгийн хүнсний бүтээгдэхүүнд нэвчсэн байх магадлалтайг тухайн үед шинжээчид сануулж байжээ. Гэтэл сүүлийн хоёр долоо хоногийн турш Японоос импортлогдож буй бараа, бүтээгдэхүүнд цацраг идэвхт бодис нэвчсэн гэх мэдээлэл тархах болжээ.
Тэгвэл бараа, материал хордсон гэдэг нь үнэн төдийгүй бүр хүнсний гол хэрэглээ болсон цагаан будаанд цөмийн идэвхт хор нэвчээд буй аж. Тус улсын үйлдвэрлэгчид болон хүнсний салбарт аюулын харанга дэлдсэн нь ипмортлогч орнуудыг сандралд орууллаа. Японы тал уг мэдээллийг баталсны дараа тус улсаас цагаан будаа импортлогч орнууд түр хориг тавихад хүрэв.
“Ассошейтэд Пресс” агентлагийн мэдээлснээр Фүкүшима орчмын бүс нутагт газар тариалан эрхэлдэг байснаас цахилгаан станцаас агаарт дэгдсэн идэвхт бодисын хор хөрсөнд шингэсэн байх магадлалтай аж. Одоогоор эрх баригчдын зүгээс хордсон тариалангийн талбайд шинжилгээ хийж, зах зээлд хэчнээн тонн хордсон цагаан будаа нийлүүлсэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
Түүнчлэн тус бүс нутаг дахь иргэдийг дахин эрүүл мэндийн үзлэгт хамруулж, цацраг идэвхт бодист хордсон эсэхийг нягталжээ. Хэдийгээр Фүкүшима атомын цахилгаан станцын гэмтлийг бүрэн засварласан гэж байгаа боловч цөмийн цацрагийн хор ойрын 30 жилдээ арилахгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Цөмийн цацраг идэвхт хор хүний биед нэвтэрсэн тохиолдолд арьс, ясны архаг үрэвсэлд хүргээд зогсохгүй удмын санд нөлөөлдөг болохыг Фүкүшимагийн эрүүл мэндийн их сургуулийн профессор Сэжи Үсимара батлаад байна. Урьдчилсан байдлаар хордсон будаа хэрэглэсэн байж болзошгүй 300 гаруй оршин суугчийг яаралтай лабораторийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Мөн олон улсын цөмийн энергийн эрдэмтэн Фред Меттлерийн ярьснаар “Цацраг идэвхт хор будаанд агуулагдах уургийн дотоод бүтцийг задалж байна. Ингэснээр дотоод бүтэц нь эвдрэлд орсон будааг хүнсэнд хэрэглэвэл органик шинж чанараа нэг мөсөн алдсан байх нь ойлгомжтой” гэжээ.
Тэрбээр 1986 онд Чернобилын атомын цахилгаан станцад гарсан ослын дараа шинжилгээний багт ажиллаж байжээ. Мөн эрдэмтдийн баталснаар цагаан будаанд агуулагдсан цацрагийн хор шууд үхэлд ч хүргэх аюултай аж. Хордсон будаа идвэл амьд үлдэх боломж 40 хувьтай байх аж. Тиймээс энэ нь хүний эрүүл мэндэд заналхийлж буй хэрэг гэнэ.
Фүкүшимагийн ойр орчмыг сэргээхийн тулд хоёр сая ам.доллар зарцуулагдах аж. Мөн 30 гаруй талбайг бүрэн устгалд оруулах бөгөөд нөхөн сэргээлтийн зардал тусдаа гэнэ. Цөмийн цацраг идэвхт хорт бодис өсвөр насныханд аюул занал учруулах эрсдэл өндөр болохыг Фүкүшимагийн их сургуулийн эрдэмтэд баталж байна.
Английн Манчестер дахь Далтоны цөмийн лабораториос уригдан ирсэн химийн ШУ-ы эрдмийн зэрэг хамгаалсан Ричард Уэкфорд профессор энэ цаг үед Японы цөмийн зэвсгийн хор хөнөөлтэй тэмцэх байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж. Тэрбээр“Ассошейтэд Пресс” агентлагт цөөн хэдэн асуултад хариулжээ.
-Цөмийн хор уршгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Юун түрүүнд Фүкүшима атомын ректорын осол хэдэн тэрбумаар тоологдох хохирол, нөхөж баршгүй гай зовлон учруулах байсныг сануулах нь зөв байх. Азаар энэ бүгдээс холуур өнгөрсөн. Хүнсний аливаа нэг бүтээгдэхүүн ч юм уу эсвэл хэрэглээний аль нэг зүйлээс цацраг идэвхт бодис илрэх нь ойлгомжтой байсан. Нэг ёсондоо цаг хугацааны л асуудал. Гол нь хэзээ илрэх вэ гэдгийг хүлээх ёстой. Уран, мөнгөн усны хорт нөлөө харьцангуй хожуу үед илрэх тохиолдол байдаг. Энэ нь хүний биеийн онцлог гэхээс илүүтэй химийн урвалтай холбоотой. Харин Фүкүшима орчмын тариан талбай хордсон үйл явцыг цөмийн цацрагийн идэвхжилийн дунд шат гэж нэрлэдэг.
-Цацраг идэвхт бодист хордсон хичнээн иргэн байгаа вэ. Тэдний амь насанд аюултай юу?
-Үүнийг тодорхой хэлэх боломжгүй. Фүкүшимагийн цөмийн ректорууд үргэлж ил шугамаар станцуудтай холбогддог. Тиймээс хохирол илүү хүнд тусч мэднэ. Гэхдээ Японы эрх баригчид цаг алдалгүй, шуурхай арга хэмжээ авч буй учраас санаа амар байж болно.
-Таныг Чернобильд ажиллаж байсан туршлагатай гэдгийг мэднэ. Япон тухайн үеийн Украйнаас юугаараа ялгарах вэ?
-Чернобильд юу болсныг дэлхий нийт мэднэ шүү дээ. Тэнд хэцүү сонголт хийх шаардлагатай тулгарсан. Атомын станц дэлбэрсний дараа иргэдийг цацрагийн хорт туяанаас хамгаалах ажил хийгдээгүй болохоор хэдэн мянган хүн эрүүл мэндээрээ насан туршдаа хохирох нөхцөл бүрдсэн. Японы Засгийн газар энэ сард багтааж цөмийн ректорын үйл ажиллагааг бүрэн ашиглалтад оруулахаа мэдэгдсэний зэрэгцээ аюулгүй ажиллагааны шинэ төсөл боловсруулснаа ажил хэрэг болгох аж. Өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд байгалийн гамшигт үзэгдэл тохиож цунами нүүрлэсний дараа 9.02 магнитутын хүчтэй газар хөдлөлтөд Фүкүшима атомын цахилгаан станц доголдолд орсон юм. Зургаан ректор ашиглалтаас гарч хөргөх систем доголдсоноор орчин тойронд их хэмжээний цацраг идэвхт бодис тархжээ. Тухайлбал, -131 тэмдэглэгээнд багтах иод, -137 хамаарах цесиум зэргээс гадна 29 өөр төрлийн цацраг идэвхт бодис ойр орчны хөрс, ой мод, ус, агаарыг хордуулсан байна.
Т.Батсугар
URL: