400 МЯНГАН АМ.ДОЛЛАР ИДЭЖ ЛУЙВАРДСАН Ч.БЭЭЖИНХҮҮ ГЭГЧИЙГ ТӨРИЙН ТОМЧУУД УЛАМ ӨӨГШҮҮЛЖ БАЙНА
Монгол хэлний их тайлбар толь бичигт “Луйварчин” гэдгийг “Улаан луйварчин”, “Шуналт луйварчин”, “Луйварчин дээрэмчин” гэж гурван янзаар тайлбарлажээ. “Улаан луйварчин” гэдгийг “Луйвард гаршсан хүн, мэхт арганд гаршсан этгээд” гэж тодотгосон бол “Шуналт луйварчин” гэдгийг “Муу мөртэй хар хулгайч, худалч хүн” гэж онцолжээ. Харин “Луйварчин дээрэмчин” гэдгийг “Бусдын юмыг башир муу аргаар тонон завшигч” гэж тайлбарласан байх жишээтэй. Ч.Бээжинхүү хэмээх нэгэн эмэгтэйн тухай бичихийн тулд яалт ч үгүй монгол хэлний их тайлбар толь руу шагайж харсан нь энэ. Учир нь энэ эмэгтэй “Улаан луйварчин”, “Шуналт луйварчин”, “Дээрэмчин этгээд” гэсэн энэ гурван хэлбэрийн аль алинд нь яв цав тохирч байгаа юм. Ийм хүний туулж ирсэн амьдралын эх сурвалж мэдээжийн хэрэг заль мэх, зарга тэмцлээр дүүрэн байх нь ойлгомжтой. Гэхдээ энэ удаад Ч.Бээжинхүүгийн зөвхөн нэг л хэргийн тухай өгүүлье. Энэ этгээд иргэн Б.Лхагвасүрэнгийн 400 мянган ам.доллар буюу монгол мөнгөөр нэг тэрбум төгрөгийг луйвардчихжээ. Тэгээд үүндээ ханаж цадалгүй зарим нэг хуульчдыг өөрийн талд ашиглан иргэн Б.Лхагвасүрэн, түүний хүү Л.Золбоо нарыг дахин луйвардахаар улайрч явна. Үүгээрээ энэ эмэгтэй “Шуналт луйварчин”, “Улаан луйварчин”, “Дээрэмчин этгээд” гэсэн гурван категорийг нэгэн зэрэг хэрэгжүүлж яваа бөгөөд үүнийг нь бодохоор жигшин зэвүүцэхээс өөр аргагүйд хүрч байгаа юм.
Энэ хэрэг явдал анх 2007 онд эхэлжээ. Тэр үед Ч.Бээжинхүү Цэрэндагва гэдэг хүний газрыг ашиглах маягаар өөртөө захиран зарцуулах итгэмжлэл аваад, улмаар Цэрэндагвын газрыг зувчуулж иргэн Б.Лхагвасүрэнд зарахаар болжээ. Тэрхүү газар нь Зайсанд байх 3,3 га газар бөгөөд тухайн үед Зайсан дахь газрууд ид үнэд орж байсан цаг. Нийслэл хотын онцгой бүс гэдгээр Зайсан дахь газар нь Байгаль орчны яамны мэдэлд байдаг юм байна. Цэрэндагвын төрсөн ах Хатанбаатар нь тухайн үед Байгаль орчны яамны зөвлөх байсан бөгөөд мань хүн Зайсанд газар авахдаа дүү Цэрэндагвынхаа нэр дээр авчихжээ. Чухам энэ үед зальт хүүхэн Ч.Бээжинхүү Цэрэндагвын нэр дээр 3,3 га газар байгааг мэдэнгүүтээ шуналын сэтгэл нь оволзож, юуны өмнө Цэрэндагвын тархийг барьж “Наад газрыг чинь би эргэлтэнд оруулъя. Би таньд 50 сая төгрөг олж өгье. Надад харин итгэмжлэл хийгээд өг” гэх мэтээр хошгируулж байгаад аравхан сая төгрөгөөр итгэмжлэл хийлгээд авчихжээ. Цаад Цэрэндагва нь сайдын зөвлөх ахынхаа буянаар зүгээр олдсон газрыг тэгтэлээ үнэрхсэнгүй. Зайсан дахь газар ихээхэн үнэ цэнтэй болохыг ч Цэрэндагва тухайн үед анзаарсангүй. За яахав, Цэрэндагва гэгч хэнэггүй эрийг мангартуулж байгаад ийм нэг газрын итгэмжлэлтэй болчихдог байж. Одоо харин жинхэнэ луйвар эхэлнэ.
Ч.Бээжинхүү газрын итгэмжлэлтэй болмогцоо л иргэн Б.Лхагвасүрэнд мөнөөх газраа 400 мянган ам.доллараар зарчихжээ. Тэгэхдээ хөрөнгө оруулалтын гэрээ хийж, газрын гэрчилгээ болон бусад бичиг баримтыг Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Золбоогийн нэр дээр шилжүүлэхээр болжээ. Тэгтэл Ч.Бээжинхүү 400 мянган долларыг нь авчихсан хэрнээ мөнөөх газрынхаа бичиг баримтыг Золбоогийн нэр дээр шилжүүлэлгүй бултаж зугтаад хөгийн юм болжээ. Уг нь ийм их мөнгө сул шахам өвөртөлчихсөн хүн дахиад шуналталгүйгээр газрынхаа бичиг баримтыг хэл амгүй шилжүүлчихэж болмоор доо. Гэвч Ч.Бээжинхүүгийн дээр өгүүлсэн “Шуналт луйварчин” хэмээх категори нь дотроос нь хатгаад амар заяа үзүүлсэнгүй. Учир нь мань хүүхэн мөнөөх 400 мянган ам.доллараа аль хэдийн идээд уучихсан, үнэтэй цайтай “Ланд” машин хоёрыг ч аваад уначихсан, тэгээд дахиад мөнгө хэрэгтэй болчихжээ. Бусдын юмыг идэж уугаад ханадаггүй, муу ёрын ходоодтой хүн л ийм авир гаргана. Ч.Бээжинхүү нь Ховд аймгийн уугуул бөгөөд дахин башир арга хэлэглэж газраар мөнгө олохын тулд Ховд аймгаас төрж гарсан томчуудтай сүжрэлдэх болжээ. Гэвч цаадуул нь түүнийг “Улаан луйварчин” гэдгийг мэдээгүй байсан нь харамсалтай. Жишээ нь мань хүүхэн Ховд аймгийн уугуул, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Ховд аймгийн Дарви сумын уугуул, хошууч генерал О.Үржин, Ховд аймгийн уугуул, Улсын ерөнхий Прокурорын орлогч дарга Б.Амгаланбаатар, Улсын ерөнхий прокурорын прокурор Ш.Оюунбилэг нарын хүмүүстэй сүжрэлдэж, өөрийгөө нэг л их хохирчихсон, бусдад газраа булаалгачихсан маягтай дүр үзүүлж явсан байхыг яана. Хүнд чинь бас айж, ичих булчирхай гэж байдаг даа. Гэвч Ч.Бээжинхүү бол ёстой л цагаандаа гарчихсан шуналын тулам ажээ. Мань хүүхэн мөнөөх 3.3 га газраа буцааж авахын тулд иргэн Б.Лхагвасүрэнгийн найз Батдоржоор зуучлуулан хошууч генерал О.Үржинг өмнөө барьжээ. Ингээд Үржин генерал Б.Лхагвасүрэнтэй уулзахдаа: “Манай дүү хүүхэн Бээжинхүү чамд газраа зарчихсан юм байна. Одоо буцааж авъя гээд байна. Газрыг нь буцаагаад өгчихөөч” гэж гуйжээ. Хариуд нь Б.Лхагвасүрэн: “За тэгвэл гурван сарын хугацаа өгье. Энэ хугацаанд миний 400 мянган долларыг буцаагаад өг. Тэгээд газраа ав” гэж тохироод гэрээ хийж, гарын үсэг зурсан байна. Гэрчээр нь Б.Лхагвасүрэнгийн зуучлагч бас гарын үсэг зуржээ. Гэвч энэ явдлаас хойш гурав, дөрвөн сар болоход Ч.Бээжинхүү хэл чимээ байдаггүй. Өмнө нь зальдсан хамаг мөнгөө ууж иддэг улаан хоолой руугаа цөлчихсөн юм чинь энэ хүүхэнд юу боллоо гэж 400 мянган ам.доллар тэнгэрээс унасан мэт ороод ирэх билээ. Тэгэхдээ Үржин генерал, зуучлагч Батдорж нарыг мөн л хулхидсан байгаа юм. Мань хүүхэн Үржин генералд хаус авч өгнө, бас гучин мянган доллар өгнө гэж даналзжээ. Зуучлагч Батдоржид болохоор 20 мянган доллар өгнө гэж ам гарчээ. За эд нар ч яахав, Ч.Бээжинхүүд хулхидууллаа гэхэд ямар эд мөнгөөрөө хохирсон биш. Нутгийн ах Үржин генерал нь Бээжинхүүг хулхины авгай байна гэж мэдээд л зайгаа бариа биз. Харин энэ хооронд зальт хүүхэн Бээжинхүү юу хийж явсан гэж санана. Мөнөөх иргэн Б.Лхагвасүрэнд зарсан газраа өөрийн “Ихэрнева” гэх компанийн нэр дээр хууль бусаар дахин шинэ газрын гэрчилгээ гаргаад авчихсан байх нь тэр. Уг газар нь гурван хэсэг газар бөгөөд нэг хэсэг 0,5 га газрыг нь Пүрэвтогтох гэдэг хүнд 100 мянган ам.доллараар зараад 50 мянган ам.долларыг нь Бээжинхүү аваад идчихжээ. Тухайн үед Байгаль орчны яамны газрын дарга Намхай гэж хүн байсан бөгөөд Бээжинхүү мөн л энэ нөхрийн тархийг барьж хуйвалдаад “Ихэрнева” компанийн нэр дээр шинээр газрын гэрчилгээ авч, тэр газраа дахиад дамлан зувчуулан зарах гээд явж байжээ. Харин үүнийг нь иргэн Б.Лхагвасүрэн олж мэдсэнээр цагдаад гомдол гаргасан байна. Тэгтэл нөгөө зальт хүүхэн Бээжинхүү цагдаагаас бултаж зугтаад олддоггүй. Энэ үед Бээжинхүүгийн нөхөр Эрдэнэдалай (Одоо бол салчихсан юм байна) Б.Лхагвасүрэн дээр ирж “Манай авгай хэрэгт орох гээд байна. Чи газрыг нь буцаагаад өгчихөөч” гэж гуйжээ. Хариуд нь Лхагвасүрэн “Тийм юм байхгүй. Мөнгө төгрөгөө буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй. Тиймээс та нарыг хууль бус үйлдэл хийсэн тэр Намхай даргатай чинь цуг залилангийн хэргээр цагдаад өгнө” гэж хэлжээ. Алдсан хүн арван тамтай гэдэг. 400 мянган ам.доллараа хулхидуулчихсан, тэгээд бас худалдаж авсан газраа хууль бусаар алдчих гээд байгаа хүнээс бол хуц зайл, ална, хядна, нохой гахай гэх мэтийн айхтар үг урсах л байх. Гэвч Б.Лхагвасүрэн их л даруухан харьцсан байдаг. Сүүлдээ Эрдэнэдалай “Манай авгай хэрэгт орох гээд байна. Цагдаагаас гомдолоо татчихаажээ” гэж гуйх болжээ. Тэгээд мөнөөх “Ихернева” компанийн нэрээр хууль бусаар хийлгэж авсан бүх бичиг баримтыг нь Б.Лхагвасүрэнд өгөөд, уг газрын 60 хувийг Лхагвасүрэнгийн нэр дээр шилжүүлж өгсөнөөр иргэн Б.Лхагвасүрэн цагдаад өгсөн гомдолоо татаж авчээ. Ч.Бээжинхүү нь ХУД-ийн шүүхэд энэ онд нэхэмжлэл гаргажээ. Юу гэхээр “Ихэрнева” ХХК-ний нэр дээр газраа шилжүүлж авмагцаа уг компанийнхаа 60%-ийг Лхагвасүрэнгээс булаан авах юм гэнэ. Уг газар дээрх их хэмжээний барилга боссоныг хараад шуналтаж байгаа нь тэр юм байна. Тухайн үедээ төөрөгдөөд хууртаад 60%-ийн хувьцаагаа шилжүүлсэн нь буруу байсан тул буцааж авахаар нэхэмжлэл гаргасан нь тэр гэнэ. Гэвч шүүх өнгөрсөн 7 хоногт 2 дахь шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Тэгтэл бас болоогүй ээ, энүүхэн хооронд Ч.Бээжинхүү бас жаахан луйвар хийгээд авсан байдаг. Жишээ нь Б.Лхагвасүрэн Ч.Бээжинхүүгийн өмнөөс Пүрэвтогтох гэдэг хүний 50 мянган доллар, мөн уг газар дээр хашаа барьсан 3000 доллар, нийт 53 мянган долларыг зээлж өгсөн бөгөөд үүний барьцаанд Ч.Бээжинхүү 89-66 УБӨ улсын дугаартай Ландкрузер машинаа тавьсан байна. Гэтэл Ч.Бээжинхүү “Газрын гурвалсан гэрээг “Ихэрнева” ХХК-д хийлгээд өгье, унаа хэрэгтйэ байна, явган ажил бүтэхгүй байна, бас газрын алба хахуулийн таван сая төгрөг өгчих гээд гэрээ хийж өгөхгүй байна” гэж Энхтуяа гэдэг хүний “ХААН” банкны данс өгчээ. Тиймээс Б.Лхагвасүрэн түүнд итгээд уг мөнгийг нь шилжүүлжээ. Гэтэл энэ нь худлаа байжээ. Төрийн албан хаагчийн нэрийг ашиглаж залилж авсан байв. Мөн Ч.Бээжинхүү хот төлөвлөлтийн газарт эскиз зураг батлуулж өгье. Хахуульд нь 4,5 сая төгрөг өгчих гэж залилж авчээ. Ингээд тэр барьцаанд тавьсан машинаа хуурч аваад мөнгөө ч төлөлгүйгээр зувчуулан зарж үрэгдүүлжээ. Иргэн Б.Лхагвасүрэн аргаа барахдаа Бээжинхүүгийн барьцааны машинаа залилж аваад зувчуулан зарж үрэгдүүлсэн, хоёр ч удаа 5 сая, 4.5 сая төгрөг залилж авсан, мөн Пүрэвтогтох гэдэг хүнд 50 мянган ам.доллараар давхар газар зарж завшсан гэх мэт залилангийн хэргийг нь бичээд цагдаад гомдол гаргасан боловч цагдаа, прокурорынхон шууд л шат шатандаа хэрэгсэхгүй болгосон юм байна. Тэгсэн хэрнээ Б.Лхагвасүрэнд болохоор хуулийн сүр хүчийг үзүүлж, улмаар аюултай луйварчин Ч.Бээжинхүүгийн талд үйлчилж, ингэснээр зальт хүүхэн улам гаарч, бусдын хөрөнгийг булааж дээрэмдэхээр нэр нөлөө бүхий хүмүүсийг ашиглаж, энэ үйлдэлдээ бүр улайрчихаад явж байна.
Мань хүүхэн иргэн Б.Лхагвасүрэнтэй анх гэрээ хийхдээ түүний хүү Л.Золбоогийн нэр дээр газрын бүх бичиг баримтыг шилжүүлж өгөх ёстой байлаа. Ингээд Л.Золбоогийн нэр дээр “Ихэрнева” компанийн бичиг баримтыг шилжүүлж гарын үсэг зуруулахаар Ч.Бээжинхүүг олж уулзах гэсэн боловч нөгөөдөх нь зугтаагаад олдож өгдөггүй. Энэ нь Бээжинхүүгийн компани болохоор түүний тамга тэмдэг, гарын үсэг хэрэгтэй байдаг. Уг газар дээр барилга байшин барих ёстой байдаг, тайлан тооцоо өгөх ёстой байдаг. Гэвч Бээжинхүү гурав дөрвөн жил зугтаагаад олдсонгүй. Тиймээс Б.Лхагвасүрэн аргагүйн эрхэнд Байгаль орчны яаманд хүсэлт гаргажээ. Анх ямар гэрээ хийгдсэн, Бээжинхүүд 400 мянган доллар өгсөн, одоо Л.Золбоогийн “Далай Омбо” компанийн нэр дээр бичиг баримтыг шилжүүлэх ёстой. Тэгтэл Бээжинхүү гарын үсэг зурахгүй, олдохгүй байна гэх мэтээр бүхий л гомдол саналаа тайлбарласан байна. Байгаль орчны яам түүний хүсэлтийг хүлээж аваад үнэхээр хөрөнгө оруулагч тал нь хөрөнгө оруулах гээд байгаа юм бол газрыг нь нэрэн дээр нь шилжүүлэх хувилбар угаасаа байдаг юм гээд сайдын тушаал гаргуулаад “Далай Омбо” компанийн нэр дээр шилжүүлчихжээ. Тэгэхдээ Бээжинхүү олдохгүй байсан учир Бээжинхүүгийн өмнөөс Лхагвасүрэн гарын үсэг зуржээ. Ингээд уг газар дээр зуугаад сая ам.долларын төсөл бүхий гадаадын хөрөнгө оруулалт орж ирээд иж бүрэн гражтай найман ширхэг байшин барьжээ. Энэ инь уг төслийн 30 хувь нь л баригдсан юм байна. Тэгээд барилга баригдаад дуусах үед мөнөөх улаан луйварчин Ч.Бээжинхүү чинь “Миний газрыг “Далай Омбо” компани булаагаад авчихлаа” гээд дахиад босоод ирэх нь тэр. Ингээд тэр Чингэлтэй дүүргийн цагдаад “Лхагвасүрэн нь намайг залилсан. миний өмнөөс гарын үсэг зурж газрыг минь шилжүүлж авсан” гэж гомдол гаргажээ. Гэвч уг хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учир хэрэгсэхгүй болж хаагдсан байна. Гэтэл Бээжинхүү нь захиргааны хэргээр БОНХЯ-ны шүүхэд өгч сайдын тушаалыг цуцлах нэхэмжлэл гаргажээ. Гэтэл Бээжинхүү нь уг тушаалыг мэдсэнээс хойш нэг сарын дотор шүүхэд хандах ёстой байхад бүтэн жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад гомдол гаргаж байхад шүүх үүнийг нь хүлээн авч хэрэг үүсгэж сайдын тушаалыг цуцалсан байгаа юм. Мөн Ч.Бээжинхү нь иргэн Б.Лхагвасүрэнг гадаад руу оргон зайлж магадгүй гэж хилийн хориг тавиулж, бизнессийн үйл ажиллагаанд нь ноцтой хохирол учруулсан бөгөөд улмаар хөрөнгө оруулагчдыг нь Монголд оруулж ирэхгүй болгох гэж Гадаадын харъяатын газраар өргөдөл барин гүйж, гадаад хөрөнгө оруулагчдыг айлган сүрдүүлсэн байх жишээтэй. Ингээд Б.Лхагвасүрэнг гадаад түншүүдийнх нь өмнө ичгэвтэр байдалд оруулж, үл итгэх байдал үүсгэсэн тул цааш нь хийх хөрөнгө оруулалтаа зогсоожмаш их хэмжээний хохиролд оруулжээ. Үүгээр зогсохгүй Бээжинхүүгийн шунал нь улам гозолзож гадаадын хөрөнгө оруулалтаар барьсан долоон орц байрны хоёр орцыг нь үнэ төлбөргүй надад өг гэсэн шаардлага тавьжээ. Тэгээд энэхүү шуналдаа бүрэн автаж төрийн болон хуулийн байгууллагын, мөн Ховд нутгаас төрж гарсан дарга нарт, өмгөөлөгч нарт байр сав амлаж, өөрийн бузар хэрэгтээ хүчин зүтгүүлж, хуулийн сүр, эрх мэдлийг ашигласан байх юм. Түүнйи энэхүү бузар арганд орж хулхидуулсан хүмүүс Б.Лхагвасүрэн рүү 8000… 9909…., 9519…. 9962….тай утаснуудаас утасдаж, “Зайсангийн барилгаас Бээжинхүү авах ёстой юу, надад хоёр өрөө, гурван өрөө байр өгнө гэсэн юм. Энэ үнэн болов уу” гэж асууж байсан байна.
Нэгдүгээр шатны шүүх газраа алдчихсан энэ тэр гэж матрын нулимс унагасан Ч.Бээжинхүүгийн талд гарч, харин хоёрдугаар шатны шүүх “Далай Омбо” компанийн талд гарчээ. Харин гуравдугаар шатандаа буюу Улсын дээд шүүх дээр очиход зальт хүүхэн Ч.Бээжинхүү наагуур нь баахан хор найруулсан байгаа юм. Энд зөндөөн булхай луйвар орсон бололтой. Одгэрэл гэдэг эмэгтэй “Бээжинхүү надаас 40 сая төгрөг авчихаад өгөхгүй байна аа” гэж ярьжээ. Энэ нь үнэн юмсанж. Яах гэж 40 сая төгрөг авсан бэ гэхээр “Дээд шүүхэд хахууль өгөх гэсэн юм. Хамгийн чухал шийдвэр гаргуулахад мөнгө хэрэгтэй байна аа” гэж Бээжинхүү хэлж байжээ. Ингээд бодоход Улсын дээд шүүх дээр хахуулийн хэрэг явагдсан болж таарах гээд байх шиг. Учир нь дээд шүүхийн захиргааны хэргийн шүүгч Г.Банзрагч нь Бээжинхүүгийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд эд нар ямар нэгэн байдлаар тэр 40 сая төгрөгний хахуулийг зуучилсан байх магадлалтай байгаа юм. Даанч энэ нь иргэн хүний нүдэнд хэрхэн яаж харагдах билээ дээ. Иймэрхүү юм чинь нууц далд л хийгдэнэ. Харин хахуулийн хэрэг явагдсаны тод жишээг гаргасан шийдвэрээр нь тодорхойлж болно. Хэн ч харсан мэдээжийн хэрэг залилан луйвар гэдэг нь ойлгомжтой байхад Улсын дээд шүүх хуулийн цоорхойг ашиглаад ганц асуудал гогдож авсан нь Бээжинхүүгийн өмнөөс Лхагвасүрэн гэж гарын үсэг зурсанд байлаа. Үүн дээр дөрөөлөөд иргэн Б.Лхагвасүрэнг Улсын дээд шүүх унагажээ. Хуулийн цоорхой ашиглана гэж үүнийг л хэлдэг байх. Чааваас даа, энэ бол яс юман дээрээ хэрэг биш шүү дээ. Харин 400 мянган ам.доллар зальдаж аваад цусалчихсан явдал бол маш том гэмт хэрэг. Хуулийнхан үүнийг л олж харахгүй байв гэж дээ. Мөн дараахан нь өршөөлийн хууль гарснаар уг хэрэг явдал хаагдаж, зальт хүүхэн Ч.Бээжинхүүгийн Чингэлтэй дүүргийн цагдаад гаргасан гомдол бүрэн дуусч, түрхэн хугацаанд хад мөргөжээ. Ингээд мөнөөх Зайсангийн газар дээр амар жимэр үйл ажиллагаа явагдаад байж байтал 2016 онд Ч.Бээжинхүү дахин босч ирээд Улсын Ерөнхий Прокурор хавиар нэг хэсэг гүйжээ. Ингэснээр Улсын ерөнхий прокурорын Ш.Оюунбилэг хэмээх прокурор иргэн Б.Лхагвасүрэнг бусдын газрыг хуурч авсан гэдгээр мөнөөх хэргийг дахин сэргээх нь тэр. Энэ нь ямар ч үндэслэлгүй, аль хэдийн хэрэг нь хаагдаад, хугацаа нь дуусаад, өршөөлийн хуульд орчихсон_ мөн уг газар нь шүүхийн шийдвэрээр эргээд “Ихэрнева” компанийн нэр дээр шилжсэн байхад уг хэргийг сэргээж, найман удаа сунгаж, бүтэн жилийн турш сунжруулж, иргэн Б.Лхагвасүрэнг дарамталж, эд хөрөнгийг нь хуулийн сүрээр далайлган зальт хүүхэн Ч.Бээжинхүүд авч өгөх гэж улайрсан байх жишээтэй. Б.Лхагвасүрэнг буруутгасан гол шалтгаан нь Бээжинхүүгийн өмнөөс гарын үсэг зурсан гэх хөгийн шалтгаан. Энэ мэтийн хуулийн өчүүхэн цоорхойг манай хуульчид арай хуулийн шинэчлэл гэж боддог юм биш биз дээ, бурхан минь… Тэгвэл ёстой том эндүүрэл болно. Харин 400 мянган ам.доллар залилсан хэргийг эд нар тоодоггүй юм байна. Энэ хэрэг бол хуулийнхан хэрхэн яаж булхайцдагийн тод жишээ. Одоогийн байдлаар Б.Лхагвасүрэнгийн газраа луйвардуулсан уг хэргийг Ч.Бээжинхүүгийн талд үйлчлэх маягаар 2017 оны 10-р сарын 9-нд дахин сэргээгээд байгаа хүн бол Улсын Ерөнхий Прокурорын орлогч дарга Б.Амгаланбаатар гэгч ажээ. Ховдын гаралтай Ч.Бээжинхүү нутгийнхаа хамгийн том прокурорыг шүүрч авсан нь энэ. Шуналт хүний арга заль гэдэг аймаар. Өөрийгөө хохирчихсон мэтээр, газраа бусдад алдчихсан мэтээр яасан их уйлан дуулсан бол доо. Ер нь Бээжинхүү Ховдын хэд хэдэн хүнийг хуурч мэхэлсэн юм байна. Миний юмыг хөөцөлдөөд өгвөл мөнгө төгрөг, байшин барилга өгнө гэж том ам гардаг аж. Сайн гэсэн өмгөөлөгч нарыг хөлсөлж авахдаа гаргууд гэх бөгөөд энэхүү газрын хэрэг дээр гэхэд л таван ч өмгөөлөгч ээлж дараалан хөлсөлж аваад, мөнгө төгрөг, байшин барилга өгнө гэж амлажээ. Гэвч тэр өмгөөлөгч нартаа хүртэл юу ч өгөлгүй зальдчихсан байх жишээтэй. Ёстой үйл нь ирсэн хүн л түүний өмгөөлөгч болдог байна. Мөн Ч.Бээжинхүү Ховд аймгийн уугуул, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлийн нэр хүндийг ашиглажээ. Нутгийн ах Дэмбэрэл нь хүртэл Бээжинхүүгийн зарим нэг луйврын ажлыг бүтээчих санаатай хотын дарга руу утасдаад “Тэг ингэ” гээд гүйж явсан байгаа юм. Уг нь мань хүн чинь төрийн түшээ явсан төлөв даруу хүн шүү дээ. Гэхдээ Д.Дэмбэрэл гуай Ч.Бээжинхүүгийн луйвар хийж явсныг анхандаа мэдсэнгүй. Одоо харин мэдчихээд зайгаа барьсан бололтой. Ер нь Ч.Бээжинхүүгээс зайгаа барьсан хүн олон байгаа бөгөөд наад захын асуудал гэхэд л нөхөр Эрдэнэдалай нь хүртэл түүний ууж идээд ханадаггүй улаан хоолойг ямар шуналтай болохыг мэдэнгүүтээ салж сарнисан байх жишээтэй. Мөн Ч.Бээжинхүү нь төрийн албаны нэр барихдаа гаргууд нэгэн бөгөөд жишээ нь “Би дээгүүр их нөлөөтэй. Төрийн томчуудтай найз нөхөд. Тиймээс төрийн одон медаль гаргаад өгч чадна” гэж олон хүнийг хууран мэхэлж их хэмжээний мөнгө залилсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа юмсанж.
Одоогийн байдлаар “Далай Омбо” компани Зайсангийн газар дээрээ хориод тэрбум төгрөгийн байр байшин барьчихаад байгаа бөгөөд газрын эрх нь “Ихэрнева”-гийн нэр дээр, ухаандаа УЕП-ын орлогч дарга Б.Амгаланбаатар уг хэрэг явдлыг Ч.Бээжинхүүгийн талд дахин сэргээчихээд байгаа болохоор улсын комисс хүлээж авахгүй байгаа юм байна. Энэ тухай иргэн Б.Лхагвасүрэн өгүүлэхдээ: “Ерөөсөө хуулийнхан луйварчингуудтайгаа хуйвалдаад захиалгаар ажилладаг юм байна. Х.Баттулга ерөнхийлөгчийг хууль прокурорынхоо зарим хүнийг солиочээ гэж шаардаад байгаа нь үнэн юм байна. Их хурлын гишүүдэд хууль прокурорынхон захиалгаар ажилладаг гэдэгт би итгэдэггүй байсан. Өөрсдөө хулгай хийчихээд тэрнийгээ илчлэгдэх гээд ирэхээр боож үхэх гээд үнэн худал нь мэдэгдэхгүй хуулийн байгууллагууд руу дайраад гэж боддог байсан. Үгүй юм байна. Хуулийнхан ялангуяа прокурорынхон чинь бүгдээрээ авилгачид болчихсон, бүгдээрээ захиалгаар хүнийг нэг бол шоронд хийдэг, нэг бол хуулийн цоорхойг ашигладаг болчихжээ. Жишээ нь хэдэн жилийн өмнө өршөөлийн хуульд хамрагдаад, хэрэг нь хаагдчихсан миний тэр Бээжинхүүгийн өмнөөс гарын үсэг зурсан явдлыг прокурорынхон хоёр ч удаа өлгөж аваад хэрэг үүсгэж байна. Энэ бол Бээжинхүүгийн талд илэрхий үйлчилсэн явдал. Бээжинхүү ч Ховдынхныг залилж мэхлээд бүр сурчихжээ. Юуны өмнө хуулийнханд сайн цэвэрлэгээ хийхгүй бол хэн нэгэн зальт хүний арганд ороод иргэн хүнийг цаашдаа өчнөөн гомдоож мэдэхээр байна. Төр, хууль гэдэг чинь ёстой муухай, итгэхэд бэрх болчихжээ…” гэж бухимдаж сууна.
Эцсийн эцэст улсын болоод хувь хүнд өч төчнөөн ажил удаж, дахин дахин луйвар хийх гээд улайраад байгаа Ч.Бээжинхүү гэгч энэ шуналт хүүхнийг яалтай ч билээ. Жишээ нь “Далай Омбо” компани Зайсан дахь газартаа дэд бүтэц тавихын тулд цахилгаан, дулаан, бохир ус гэх мэтэд нэг тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн бусад компаниуд уг газрын дэд бүтцэд 6,5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Ийм их хөрөнгө гаргачихсан байхад үүнийг булааж авах гээд төрийн нэр барьсан хуулийнхнаар далайлгаж суугаа Ч.Бээжинхүүд өөрт нь ёстой эрүүгийн хэрэг үүсгэмээр юм байна. Түүний энэхүү улаан цагаандаа гарсан луйврыг бодохоор Францын Эйфелийн цамхагийг бусдад зарсан 20-р зууны эхэн үеийн зартай луйварчин Виктор Люстиг гэгч хүн санаанд бууж байна. Мань эр нэгэн франц сониноос алдарт цамхаг ихэд хуучран муудаж, засвар хийх шаардлагатай байгаа тухай олж уншжээ. Люстиг үүнийг ашиглахаар шийдэж өөрийгөө Шуудан холбооны яамны орлогч сайд гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлж аваад хэд хэдэн газрын дилерүүдэд албан захидал илгээсэн байна. Францын гэнэн итгэмтгий зарим хуульч, төрийн албан хаагчид хүртэл түүний энэ үйлдэлд итгэчихсэн байгаа юм. Дараа нь Люстиг нэрд гарсан бизнесменүүдийг өөрийн буудалласан үнэтэй зочид буудалд үрьж цамхагийн засварт маш их хөрөнгө зарцуулах тооцоо гарсан тул засгийн газраас түүнийг буулгаж, хаалттай дуудлага худалдаан дээр хаягдал төмөр болгон зарах шийдвэр гаргасан тухай танилцуулжээ. Ингээд хэсэг хугацааны дараа мань эр цамхагийг буулган зайлуулах эрхийг Андре Пуассон гэгчид зарж, чемодан дүүрэн бэлэн мөнгөтэй болж аваад Вена руу зугтчихаж. Харин Пауссон ажил хэрэгч хүрээлэлдээ тэнэг хүн болж харагдахыг хүсээгүй тул энэ явдлыг хав даран нууцалсан байна. Тиймээс хэсэг хугацааны дараа улаан луйварчин Люстиг Францад эргэн ирж яг ийм маягаар Эйфелийн цамхагийг хоёр дахь удаагаа зарж, улмаар түүнд зальдуулсан бизнесмен цагдаагийн газарт хандсанаар Люстигийн хамаг хэрэг илэрчээ. Энд юу хэлэх гээд байна вэ гэвэл залилан мэхлэгч нар эхнийхээ үйлдэлд гаршчихаад, заавал дахин давтдаг, тэгээд түүндээ улайрдаг, бас ямар ч хүнийг арга эвэндээ оруулж чаддаг, тэр дундаа үүнд төрийн албан хаагч нар хутгалдаж орвол ямар аюултай байдал үүсдэг болохыг сануулах гэсэнд оршино.
Яруу найрагч Барнангийн Доржпалам агсан нэгэн луйварчны тухай шүлэглэхдээ “Идээд цаддаггүй улаан ходоод” гэж онцолсон байдаг. Ер нь төрөлхийн луйварчин хүний ходоод бол идээд идээд цаддаггүй бололтой. Ходоод нь цадлаа ч сэтгэл нь ханадаггүй юм байна. Бусдын 400 мянган ам.долларыг идчихсэн Ч.Бээжинхүү одоо ингээд гэдэс нь цадаад, сэтгэл нь ханаад зогсчихож болдоггүй л юм байх даа. Хамгийн харамсалтай нь “Улаан луйварчин”, “Шуналт луйварчин”, “Дээрэмчин этгээд” гэсэн гурван тодорхойлолтыг хамтад нь хэрэгжүүлж буй Ч.Бээжинхүү гэгчийг хуулийн зарим хүн улам өөгшүүлээд байгаа нь хачирхалтай. Энэ бол төрийн нэр, эрх сүрийг амин хувьдаа ашиглаж байгаа гутамшиг. Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвшихдээ хуулийн шинэчлэлийн талаар их л зүйл амлаж байсан санагдана. Арай иймэрхүү хөгийн луйврыг өөгшүүлэх гэж Ерөнхийлөгч болоогүй нь лавтай. Хуульч нар иргэн хүнийг илэрхий хохироож буй энэ мэтийн новширсон зүйл дээр Ерөнхийлөгч Х.Баттулга та анхаарлаа хандуулах цаг нэгэнт болсон байна шүү!
Хуульч, сэтгүүлч Б.Бадрах
Эх сурвалж: “Ноцтой мэдээ” сонин
URL: