СЭМҮТ яаралтай тусламжийн төвтэй боллоо
Дэлхийн эрүүл мэндийн салбарт өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх нь тусдаа бие даасан салбар болоод хөгжчихсөн байдаг. Харин манай улсад яаралтай тусламжийн үйлчилгээ ид хөгжих шатандаа явж байгаа гэж хэлж болно. Тэгвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хэсэг эмч нар санаачлан өөрийн эмнэлэг дээрээ “Эмнэл зүйн ур чадварыг хөгжүүлэх сургалтын төв”-ийг байгуулснаа өнгөрсөн баасан гаригт албан ёсоор нээлээ. СЭМҮТ-ийн эмч нар болох Ө.Анхболд, Л.Мөнхтуяа нарын хэсэг эмч нар энэ сургалтын төвийг байгуулах санаачлагыг анхлан гаргаж, улмаар тус эмнэлгийн Үйлдвэрчний хорооны дарга Э.Амгалан хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдэж өгснөөр сүүлийн үеийн компьютерийн програманд холбогдсон зориулалтын манекьенүүд бүхий иж бүрэн тохижуулсан кабинет ийнхүү бэлэн болжээ. Дэлхийн жишигт хүрсэн уг кабинетийг ажиллуулж эхэлснээр өвчтөнд хэрхэн яаралтай тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх практик сургалтыг тус эмнэлгийн эмч нар болон дадлагажигч оюутнуудад зааж сурган, мэргэшүүлэх боломжтой болж байгаа юм. Энэ ажлыг анхлан санаачлагч “Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэг”-ийн тэргүүн, СЭМҮТ-ийн эмч Ө.Анхболд “Өмнө нь манай шинэ эмч нар яаралтай тусламж авах шаардлагатай амьд өвчтөн дээр шууд л туршилт хийдэг байсан гэж хэлж болно. Тэгвэл одоо бидний байгуулсан энэхүү сургалтын төвд зохиомол адилсгуур орчин дээр хангалттай практик туршилт хийж, дадлагажсаныхаа дараагаар амьд хүнд яаралтай тусламж үзүүлдэг болно гэж ойлгож болно. Манай эмнэлгийн эмч нар биднээс санаа аваад Монголын бусад эмнэлгүүд ч бас ийм төрлийн сургалтын орчинтой болно гэж найдаж байна. Яаралтай тусламжийн үйлчилгээ бол эрүүл мэндийн салбарын хамгийн чухал хэсэг” хэмээн бидэнд ярилаа. Харин уг сургалтын төвийг байгуулахад шаардлагатай зардлыг амжилттай шийдэж өгсөн Үйлдвэрчний хорооны дарга Э.Амгалан “Бид иж бүрэн тоноглосон ийм сайхан сургалтын төвийг тохижуулж, хүлээлгэн өглөө. Зориглоод, эхлүүлээд хийвэл санаачилж хийж болохгүй ажил гэж байдаггүй юм. Цаашдаа энэ кабинетийг манай залуучууд өөрсдөө л арчилж, тордож авч явна шүү дээ. Бид ямар ч байсан бусад эмнэлэг, эмч нарт үлгэр дууриал үзүүлж чадсан гэж бодож байна” гэсэн юм. СЭМҮТ-д байгуулагдсан үүнтэй төстэй зохиомол сургалтын төв Монголд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг хоёрыг эс тооцвол өөр байдаггүй юм байна.
URL: