Фэйсбүүк дэх Мөнгө зээлдэг луйвраас өөрийгөө ингэж сэргийлээрэй
Сүүлийн үед фэйсбүүк, твиттерийн хэрэглээ ихсэхийн хэрээр тэр төрлийн луйврын арга мөн газар авчээ. Хүмүүс “би фэйсбүүкээ хакердуулчихлаа. Миний хаягаас мөнгө гуйж хүмүүсээс мөнгө зээлсэн байна. Би биш шүү” гэх пост цахим орчноор их явах болжээ. Энэ бол хамгийн энгийн луйврын арга бөгөөд маш олон хүн үүнээс болж хохирч үлджээ. Энэ төрлийн гэмт хэрэг хийж байсан 20 залууг олж илрүүлэн шалгаж байна гэж ЦЕГ-аас ч мэдээлсэн. Хамгийн гол асуудал нь мөнгө луйвардсан этгээд нэг бол хуурамч хаяг ашигласан, эсвэл таны найзын нэрийг зээлдсэн байх аж.
Ийм төрлийн луйвраас хэрхэн сэргийлэх вэ, ялангуяа хэн нэгэн этгээд таны нэрийг барьж мөнгө зээлэх гэсэн үйлдлээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
Тэгвэл танд бяцхан зөвлөгөөг хүргэе.
Баталгаажуулж байх
Хэрвээ таны дотнын хүн, таньдаг хүн Facebook-ээр мөнгө асууж байвал утасдаад лавшруулж болно. Ихэнх тохиолдолд ийм луйвар хийдэг хүмүүс “Өөр хүний данс байгаа юм, манай ажлын хүнийх, манай ангийн хүүхдийнх” гэх мэтээр өөр данс өгдөг. Хүмүүс “Миний хаягийг хакдчихлаа” гэж бичсэн байдаг. Гэхдээ тухайн хэрэглэгчээс өөр хэн ч Facebook хаяг руу “нэвтрэх” боломжгүй гэдгийг эхлээд санах хэрэгтэй. Тэд зөвхөн хэрэглэгчийн хайнга байдал, зарим нэг зүйлсийг мэддэггүй байдлыг л ашигладаг. Хэн нэгний нээгээд орхичихсон хаягаар нэвтрэх, бүр ижил нэрээр шинэ хаяг нээдэг арга ч бий. Тэгэхээр гаднын этгээд зөвхөн таны “тусламжтайгаар” таны хаяг руу нэвтрэх боломжтой.
Нууц үг шинэчлэх
Хамгийн хялбар арга нь энэ юм. Ялангуяа тухайн хүнтэйгээ найз бол бүр ч амархан. Гэхдээ үүний тулд таны Facebook-т бүртгүүлсэн цахим шууданг мэдэж байх хэрэгтэй. Хэрэглэгчдийн хамгийн түгээмэл алдаа нь цахим шуудангийн хаягийг тэр бүр анхаарч үздэггүй явдал. Тиймээс нууц үгээ бусадтай хуваалцах нь элбэг. Таны цахим шуудангийн нууц үгийг мэддэг хүнд бол facebook мөн л нээлттэй гэсэн үг.
Хэрхэн сэргийлэх вэ?
Зөвхөн Facebook-т зориулсан, өөр хэн ч мэдэхгүй цахим шуудантай байх нь эрсдэлээс сэргийлэх нэг арга. Аюулгүй асуултууд болон хариултыг нь сонгохдоо тун хянуур байж, мартахгүй байх хэрэгтэй. Хүмүүс шинэ хаяг нээх бүрт тааралддаг нууц асуултыг төдийлөн ойшоодоггүй.
Тусгай программ хангамж
Хамгийн хялбар арга нь Firewall-аа идэвхжүүлэх юм. Энэ төрлийн программ ихэвчлэн интернетээр дамжуулан мэдээллээ илгээдэг учраас ямар нэгэн сэжигтэй үйлдлийг компьютер өөрөө зогсооно. Үйлдлийн системээ шинэчлэх, вирусийн эсрэг программ ашиглах, нууц үгээ солих зэрэг нь зайлшгүй хийх зүйлсийн нэг юм.
Үл таних хаягаас ирсэн, мөнгө, төгрөг, урамшуулал амласан цахим шууданг нээж үзэхгүй байх нь цахим хэрэглээний соёлын хамгийн энгийн зарчим юм. Тухайн холбоос руу ороод харахад яг л тухайн сайт шиг, энэ тохиолдолд Facebook шиг харагдана. Гэхдээ сайтын хаяг нь өөр гэдгийг сайтар харвал анзаарч болно.
Цахим шуудангаар ирсэн баталгаагүй холбоос руу хэзээ ч битгий орж байгаарай. Ялангуяа Facebook-тээ нэвтрэх, өөр ямар нэг хаяг руу орохыг асуувал бүр ч оролдож болохгүй. Сэжигтэй санагдсан холбоос дээр ерөөс битгий дар. Тэгээд вирусийн эсрэг программ ашиглаж хэвших. Хаа хамаагүй Wi-Fi сүлжээнд холбогдохгүй байх.
Хаа хамаагүй компьютер, бусдын гар утсаар дамжиж цахим шуудан, нийгмийн сүлжээ ашиглахаас зайлсхийж, үргэлж салгаж байх хэрэгтэй. Түүнчлэн өөрийн үйлдлийг давхар хянаж байхад илүүдэхгүй.
Жишээлбэл Facebook-т “Activity Log”, “Security and Login” гэсэн хоёр цэс бий. Эхнийх нь буюу Activity Log нь таны хийсэн үйлдэл бүрийг бүртгэж байдаг. Зөвхөн та л энд хийсэн үйлдлүүдээ харах боломжтой. Тэгэхээр ямар нэгэн таны өөрийн хийгээгүй үйлдэл, хэн нэгний зураг дээр лайк дарсан гэх мэт үйлдэл гарсан эсэхийг тогтмол шалгаж байгаарай.
Харин Security and Login цэснээс та ямар, ямар төхөөрөмжөөр сүлжээнд холбогдсон болон одоо идэвхтэй байгаа төхөөрөмжүүдийн жагсаалтыг харж болно. Хэрвээ таны ашигладаггүй эсвэл ямар нэгэн сэжигтэй төхөөрөмжөөс холбогдсон байвал бүгдийг нь салгаад нууц үгээ солих хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд ашиглаад дууссан бол үргэлж Logout хийж занших нь хэн нэгэн этгээд ашиглахаас сэргийлэх хамгийн найдвартай арга юм.
URL: