Халимагийн Аюук хаан Жангарын бодит дүр үү?

PK-G43SCJM-F3XVMVI-JEWXM9M-ZNМонголчууд Грекийн “Иллиад”, “Одисей”, Энэтхэгийн “Рамаяана”, “Махабрата”, Киргизийн “Манас”, Түвдийн “Гэсэр”-тэй эн зэрэгцэх баатарлаг тууль бүтээсэн үү гэвэл бүтээсэн, гагцхүү түүнийгээ өнөөг хүртэл уламжилж чадсан уу, чадаж байна уу гэвэл асуудал арай өөр өө.

Барга буриадын туульс, Баруун монголын туульс яах арга байхгүй домоглог сэтгэхүйтэй монголчуудын аман зохиолын баялаг уламжлалыг илтгэнэ. Тэр дундаа “Жангар”-ын тууль үг хэл, үлгэр түүхийн үнэнхүү гайхамшиг гэдгийг мань мэтийн дунд, залуу үеийнхэн сайн мэдэхгүй нь харамсалтай.

“Жангар”-ын туулийг хайлж чаддаг хүн өнөө Монголд бараг үгүй, харин Шинжааны Ойрад, Оросын Халимагт үеэс үе, амаас ам дамжин уламжилж байгааг саяхан Бээжинд болсон Жангар судлалын хурлаас мэдэж авлаа.

Монгол, Оросыг бодвол Хятадад “Жангар”-ын судалгаа нэлээд хожуу эхэлсэн ч эрдэмтэд нь жил бүр цуглаж, “Жангар”-тай холбоотой асуудлаар санаагаа уралдуулан хэлэлцдэг аж. Энэ жилийн хурлыг Хятадын “Жангар” судлалыг үндэслэгч, эрдэмтэн Ренчиндоржид зориулжээ.

Эрдэм шинжилгээний хурал, семинар жирийн сонсогчдод сонирхол багатай байдаг бол энэ удаагийн хурал арай өөр байлаа. Аргагүй дээ. “Жангар” тууль бидний л аман зохиол юм чинь. Олон илтгэл дундаас Шинжааны Багшийн Их Сургуулийн багш Ба.Мөнхөөгийн судалгааны үр дүн чихийг минь ёстой л сортолзуулах шиг болов.
Алдарт туульч Жуунайн хайлдаг “Жангар” туулиас газар усны нэрсийг нь ялган судалж, 60-аад газар орны байршлыг бодитоор тогтоосноо газрын зураг дээр тайлбарлан үзүүлж байна, Ба.Мөнхөө. Тэгэхлээр “Жангар”-т түүхэн бодит үйл явдлын тухай өгүүлдэг болж таарах нь ээ дээ. Тийм үү?

Эрдэмтэн “Жангарын нутаг” одоогийн Монгол, Хятад, Оросын нутгаас цааш бий гэсэн сэжүүрийг Монголын “Засагт хан аймгийн түүх” гэсэн номноос 90-ээд оны үед анх олсон гэдэг. Түүнээс хойш эртний ном судар, газрын зургууд, томруулдаг шилтэй өдөр шөнөгүй нөхөрлөж, өнөөдөр судалгааны үр дүнгээ олонд дэлгэж байгаа нь энэ.

  Газрын зураг. “Жангарын нутаг” буюу Торгуудын хаант улс

Ба.Мөнхөөгийн үзэж байгаагаар “Жангар” тууль 17 дугаар зууны үед үүссэн байх өндөр магадлалтай. Тэр ч бүү хэл, “Жангар” тууль бол түүхэн бодит үйл явдлын домогчилсон хэлбэр гэнэ. “Дөрвөн Ойрадын түүх” гэсэн сурвалжид “Торгуудын эзэн Жангар, Хошуудын ноён Галдмай” гэж тэмдэглэсэн бий. Галдмай нь Дөрвөн Ойрадын чуулганы дарга Очирт Сэцэн хааны хүү бөгөөд төрсөн он жил нь тодорхой, Ойрад монголчуудын дунд хамгийн их домог түүхийг үлдээсэн бодит хүн юм. Энэ хүнтэй холбож бодвол Торгуудын түүхэн дэх агуу хаан Аюук “Жангар”-ын бодит дүр байх боломжтой гэж Ба.Мөнхөө таамаглаж байна.

Эрдэмтнээс тодруулж асуухад тэрээр, “Жангар багадаа эцгээсээ өнчирч, уулын агуйд нуугдан амь гардаг. Хааны орыг хөвгүүн нь л залгамжилдаг тул “Жангар”-ыг хаадаас хайж эхлэх нь зүй. Торгуудын хаадын тухай нэгэн сурвалж бичигт, Хошуудын Бар Авлай 40 мянган цэрэг дагуулан Ижил мөрөнд хүрч Торгуудын Пунцаг далай хааныг олзлох үеэр хааны хүү Аюук ууланд нуугдаж амь гарсан тухай тэмдэглэсэн байдаг. Жангар хол ойрын 49 орныг номондоо оруулсан хаан гэж туульд өгүүлдэг. Тэгвэл Торгуудын түүхэнд Аюук хаан шиг агуу хаан үгүй. Аюук хаан Перс, Орос, Турк, Крым, Туркменстан, Башикер гээд их бага 40 гаруй улсыг захиргаандаа нэгтгэж байсан, цаанаа бас Орос, Турк, Крымтай байлдаж, айлгаж чадаж байсан. “Жангар”-т Догшин Цагаан хаан гэж их гардаг. Энэ бол Оросын Цагаан хаан. 1712 онд Цагаан хаан Аюук хааны ордонд өөрийн биеэр тусгайлан ирж, хаан гэж хүлээн зөвшөөрсөн түүхтэй юм. Эдгээрээс гадна Жангарын хоёр хатны нэр Аюук хааны хатдын нэртэй адил байгааг батлах түүхэн сурвалжууд олдсон. Жижиг боловч өөр баримтууд ч бас бий” гэж ярьсан юм.

Ба.Мөнхөөгийн судалгааны үр дүн “Жангар” тууль үүсэж буй болсон цаг хугацааг нарийвчилж, орон зайг тэлээд зогсохгүй түүнд гардаг үлгэр түүхийн бодит эзэн хэн бэ гэдэг шинэ таамаглал дэвшүүлж байна. Намайг ийн тэмдэглэл  бичиж байх зуур эрдэмтэн маань магад таамаглалаа батлах өөр нэг шинэ нотолгоо олчихоод магнай  тэнийн баярлаж байж ч мэднэ. Үнэний эрэл гэдэг тийм л амттай, зүйрлэшгүй баяр хөөр төрүүлдэг ажил юм хойно. Тэрээр эцэст нь өөрийгөө Жангар судлалыг тэмтэрч яваа залуу судлаачдын нэг гэж даруухан тодотгоод, “Дэлхийн монгол судлалын эрдэмтэд, тууль судлаачид миний дэвшүүлсэн саналаар маргалдаж, мэтгэлцэж, үнэн худлыг нь шилрүүлээсэй гэж өдөр шөнөгүй хүсэн хүлээж байна даа” гэсэн юм. “Их гурвалжин” номын зохиолч Ч.Эрдэнэ гуай “Домог гэдэг бол дам яриа гэсэн хоёр үгний сунжирсан хэлбэр” гэж хэлсэн байдаг нь оргүй биш бололтой. Домог гэдэг үлгэр төдий биш үнэн түүх гэдгийг батлахад гагцхүү судалгаа, судалгаа, судалгаа бас цаг хугацаа хэрэгтэй…

Э.Эрдэнэсувд
Бээжин хот
2015.05.10


URL:

Сэтгэгдэл бичих