Хөшөөтийн луйварт Н.Энхбаярын эхнэр О.Цолмон холбогджээ
Энэ орд газар нь коксжих нүүрсээр баялаг. Нөөцийн хэмжээгээр Таван толгойн дараа Монголдоо л эхний хоёрт ордог юм билээ. Харамсалтай нь Хөшөөтийг эрх баригчид одоо болтол стратегийн ордын жагсаалтанд оруулаагүй байгаа. Өөрөөр хэлбэл төрийн мэдлээс сугалж үлдээгээд цөөн хэдэн хүн ашиг олох гэсэн нь тодорхой. Тэдгээр хүмүүсийн нэг нь Байгаль орчны сайд асан У.Барсболд байсныг бид урьд нь мэдээлсэн. Түүний адил Ховд аймгийн Засаг дарга Нямдаваа гэгч нь бас энд эзэн сууж, У.Барсболдын “команд”-аар ажилладаг гэж нутгийнхан нь ярьж байна. Энэ үнэн болов уу.
Хөшөөтийн хувьцаа хоёр, гурван жилийн өмнөөс Хонконгийн бирж дээр нэлээд өндөр үнээр борлогдох болсон юм. Хятадын “Санхүү, эдийн засгийн цаг” сонин болон www.mpfinance.com, news.sins.com зэрэг сайтад Хөшөөтийн далд эзэн гэгддэг Лью Ши Чи хүний талаар эрэн сурвалжилсан олон нийтлэл гарч байжээ. Түүнийг нэрээ хэрхэн өөрчилсөн талаар манай сонин өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ хүн хэдэн жилийн жилийн өмнө Хятад даяар дуулиан тарьж байсан “Мү Ма”-гийн гэх авлигын хэргийн гол холбогдогч байжээ. Үүнээс болоод тухайн үед Хонконгийн биржийн хяналт шалгалтынхны анхааралд өртөж биржийн худалдааг нь зогсоож байсан удаатай гэнэ. Хэдийд, хаагуур, яаж яваад энэ хүн Хөшөөтийн хувьцаа эзэмшигч, тэр бүү хэл тус ордыг ашиглах том эрх мэдэлтэн болсон талаар нарийн ширийг мэдэх хүний нэг нь яах аргагүй л У.Барсболд болж таараад байгаа юм.
Мань эр анх “Шинэ дэлхий” групп гэгчийн босс, Америк, Хонконгийн иргэн Саймон Лугтэй танилцаж, ойр дотнын андууд болсон байжээ. Түүний дэмжлэгтэйгээр Хөшөөтийн төслийг санаачлан хэрэгжүүлэхээр зүтгэсэн гэдэг. Ингээд Хөшөөтийн нүүрсийг Хятад руу зөөж эхлэхийн өмнөхөн тэрхүү Лью Ши Чи нь хувьцаа эзэмшигч болжээ. Тэр урьд нь эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан ч гэсэн сүүлдээ Хонгконгийн биржид нөлөө бүхий эрхэмээр тодорсон байлаа. Өнөөдөр Лью Ши Чи нь Хөшөөтийн 13 орчим хувийг дангаараа эзэмшиж байна. Үлдсэн хувьцааных нь нэлээд хэсэг манай УИХ суугаа зарим гишүүдийн гарт байдаг сурагтай. Ер нь Ховд аймаг бол байгалийн баялаг ихтэй. Алт, мөнгө, бусад ховор элементээс гадна байгалийн хий ч бас тэнд бий. Тиймээс өнөөх “алдарт” Алтан дорнод Монголын Орос наймаачдаас өгсүүлээд газар газрын тэнэмэлүүд тийшээ зүглэх болсон юм. Дархан цаазат Сутай хайрхан уулын оройгоос бэл хүртэлх нийт 15 км газрыг оролцуулан 66 мянган га талбай нь Хөшөөтийн ордыг онгичиж буй хятадын “Мон Эн Ко”-д хамаарч байгаа. Аймгийн Засаг ноён Г.Нямдаваа нь Сутайгаа хамгаалахын төлөө дуугарсан нутгийн иргэдээ үзэн ядна. “Элгэн нутаг Сутай” төрийн бус байгууллагынхан энэ талаар нэг бус удаа гомдоллож байлаа. Гэсэн хэдий ч Нямдаваа нь “Мон Эн Ко”-гийн албан ёсны бие төлөөлөгч мэт аашлах нь сонин.
УИХ-ын гишүүдийг талцуулж хэрэлдүүлээд байгаа “Урт нэртэй” хуулиар бол “Мон Эн Ко” компанийн нэлээд хэдэн лицензийг цуцлах ёстой. Энэ талаар Дарви сумын Засаг даргын гаргасан захирамжууд хэрэгжсэнгүй. Тус сумын Мөрөн багийн нутаг дэвсгэр дэх Тахилтын гол, Шавартын амны булаг, Цахар боомын булаг, Цахар салааны булаг, Хойд хөтлийн булаг, Намдалын амны булаг, Задан модны булаг, Шар тэмээтийн булаг, Нирун зуслангийн булаг, Банзат булаг зэрэг Хөшөөт голын ай савд багтдаг булаг шандууд болон Цагаан нуурын орчмыг хамгаалалтад авчээ. Энэ бүсэд “Мо Эн Ко” компанийн эзэмшиж буй MV118888, MV1188, MV15289, MV001414, MV006525 зэрэг ашиглалтын лиценз давхцааж байж байна. Хэрэв сумын засаг даргын захирамж нь хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бол хамгаалалтын бүсэд багтсан “Мо Эн Ко” компанийн Дарви сумын нутагт эзэмшиж байгаа ашиглалтын бараг бүх лиценз цуцлагдах ажээ. Харамсалтай нь аймаг болон дээрээс өгсөн чиглэлийн дагуу энэ захирамж хэрэгжих боломжгүй гэсэн тул Засаг дарга Д.Түмэндэмбэрэл хамгаалалтын бүсийг дахин шинэчлэн тогтоож, хоёр дахь захирамжаа гаргасан байна. Өөрөөр хэлбэл тэр дээдчүүдийн нөлөөлөл дор тийнхүү өмнөх заримжаа өөрчлөхөд хүрэв. Үүнд хамгийн идэвхтэй ажилласан албан тушаалтнуудын нэг нь аймгийн засаг дарга Г.Нямдаваа гэж нутгийнхан нь ярьж байлаа. Түүний хувьд Дарви сумын иргэдийн нийтийн хурлаар байгаль орчноо хамгаалах тухай гаргасан ямар ч шийдвэр хүчин мөхөсдөх ажээ. Х өшөөтийг анх 1969 оноос нээж, ашиглаж эхэлсэн гэдэг. Нөөцийг нь ч гүйцэд тогтоогоогүй байв.
Харин Мон Эн Ко компани 2007 оноос хайгуул судалгаагаар 2009 оныг хүртэл нийт 336 өрөмдлөг хийжээ. Нүүрсний судлыг нэвт өрөмдөн, ул хөрсөнд нь тултал шинжилсэн гэж ярьцгаадаг. Гэхдээ хайгуулын ажлын үр дүн тун таатай гарч, орд газрын нийт баялгийн хэмжээ 460 сая тонн болсон гэжээ. Дээр нь сайн чанарын коксжсон нүүрстэй гэж тодорхойлсон. Гэсэн хэдий ч манайхан дараа нь тэнд 4 тэрбум тонн нөөц элбэг бий гэв. Авах айл ямагт ашгаа нуухыг хичээдэг. Тиймээс Хятад ноёд Хөшөөтийг тийм ч том орд биш гэж олон нийтэд ойлгуулахыг хүссэн байна. Тус ордын коксжих нүүрсний илчлэг нь 7500 килкалори гэж байгаа. Таван толгойгоос бараг илүү гэсэн үг. Ийм ордыг стратегийн гэсэн ангилалдаа багтаалгүй сугалж үлдээснийг өнөөдөр зөвхөн дан ганц У.Барсболдтой шууд холбож ойлгож болохгүй болоод байна. Энэ нөхөр зүгээр л хувийн ашиг хөөсөн нэг муу улаан панзчин, том эрх мэдэлтнүүдэд зуучлагч байхаас зайлахгүй гэж бас өөр нэг эх сурвалж хэлээд байгаа. Тийм ч байж магадгүй. Тэр Хөшөөтийнхөө нэрийг барин Хятадуудтай холбогдож, дундаас нь мөнгө тонших, Ардын намдаа хандив цуглуулах гэх мэт ажлыг амжуулсан биз. Харин түүний ард суугаа хамаатан Л.Пүрэвдорж, эв нь олдвол Хөшөөтийг эзэмшиж буй Мон Эн Ко-гийн Хятад, Хонгконг эздээс ахиухан мөнгө тонших гэсэн битүү санаатай Н.Энхбаяр, түүний эхнэр О.Цолмон, Ховд нутгийн хүү, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гээд олон хүнийг энд хамааруулж болох тухай нэгэн эх сурвалж хэлж байна. О.Цолмон нь тэдгээр Хятад, Хонгконгийн эзэдтэй сүрхий зузаан нөхөрлөж яваа ажээ. Заримыг нь Монгол дахь элчин консулын ажилтан болгохоор хичээнгүй зүтгэсэн гэнэ лээ.
Л.Пүрэвдорж, Д.Дэмбэрэл нарын хувьд сонгуулийн мөнгөө тэднээс татсан байх магадлалтай гэх зарим эх сурвалжийн мэдээ ч бий. Сонгууль гэснээс, өнгөрөгч намраас эхлээд Мон Эн Ко-гийн хятадууд манай зарим улс төрчдийг сонгуульд ивээн тэтгэхээ нуухгүй байгаа. Тэд УИХ-д сонгогдох зургаан хүнд мөнгө хандивлана гэсэн. Эдгээрээс Хөшөөтийг тойрсон бас нэг мафи маягийн сүлжээ нэгэнт үүссэнийг бид харж болох ажээ. Нөөц нь нэмэгдэж, үр ашиг нь “амтагдаж” эхэлсэн Хөшөөтөөс одоо Ярантын боомт руу бараг хоёр минут тутамд 100 хүртэл тоннын даацтай машинууд коксжих нүүрс ачаад цуварч байна. Манай эрхмүүд стратегийн ордын жагсаалтаас авч үлдсэн энэ ордын хишгээс горьдоод Хонгконг, Хятад эздийнх нь өмнө бөхөлзөж сууна.
Б.Отгонбаяр
URL: