“АЛДАГДСАН” 12 ТЭРБУМ ТӨГРӨГ

12615

Төр агаарын бохирдлоос “ашиг” олоод байгаа юм биш биз?

УИХ Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Төсөв хэлэлцэх энэ үеэр бидэнд тулгамдаад буй хамгийн том гамшиг болох агаарын бохирдлын улирал иржээ. Ирэх жил агаарын бохирдлыг бууруулахад 17.9 тэрбум зарцуулахаар /нүүрс, цахилгааны хөнгөлөлт, халаагуур, зуух, сурталчилгаа, вакцин/ тооцоолсон байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 13 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Гэхдээ ирэх жил Агаарын бохирдлыг бууруулахад компани, иргэдээс авах төлбөрийн нийт хэмжээ 30 тэрбум төгрөг байгаа нь анхаарал татлаа. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар түүхий нүүрс олборлогч компаниудад тонн тутмаас дунджаар 1,000 төгрөг, органик уусгагч импортлогчоос килограм бүрээс 10-30 төгрөг, утаа ялгаруулах байгууламжийн лиценз авах төлбөр, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ангиллаас хамаарч доорх хүснэгтэд харуулсан төлбөрийг авдаг.

Хүснэгт 1: Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс жил бүр авдаг Агаарын бохирдлын төлбөрийн хэмжээ

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал CO2 хийн ялгарал (г/км) Жилд ногдуулах төлбөр /төгрөгөөр/
A 121-180 1,800
Б 181-250 2,100
В 251-350 3,500
Г 351-500 5,000
Д 501-750 7,500
Е 751-ээс дээш 9,500
Нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ Агаарын бохирдлын төлбөрийн 90-ээс дээш хувийг бүрдүүлдэг байна. Энэ жил манай улс 28 сая тонн нүүрс экспортолж гаргахаар төлөвлөсөн тул 28 тэрбум төгрөг төвлөрнө гэж үзжээ. Үүн дээр автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулсан төлбөр нь 1.9 тэрбум төгрөг болох юм байна. Харин бусад бохирдуулагч эх үүсвэрээс 100 сая төгрөгийн төлбөр хураах ажээ.

Хилийн хоригоос болж нүүрсний экспорт 2017 оны зургаадугаар сараас хойш 50 хувиар хумигдаж сардаа 2 сая тонн болоод байна. Хэрэв БНХАУ-ын хилийн хоригийн асуудал төрийн дээд түвшинд шийдэгдэж чадвал сардаа 4 хүртэл сая тонн нүүрс экспортлох боломжтой. Үүнийг дагаад олборлолт нэмэгдэж агаарын бохирдлын төлбөрөөс хуримтлагдах мөнгөний хэмжээ ч нэмэгдэх юм.

Уг нь агаарын бохирдлын төлбөрийг АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД зарцуулах нь шударга. Гэвч энэ жил 17.9 тэрбум төгрөгийг зарцуулах гэж байгаа нь улс агаарын бохирдлын төлбөрөөс авч буй мөнгөнөөсөө даруй 12.1 тэрбум төгрөгийг ДУТААСАН санхүүжилт байлаа.

График 1: Агаарын бохирдлын төлбөрөөс улсад орсон орлого, 2018 оны төсөөлөл, /1,000 төг/

ДУТААСАН санхүүжилт энэ жилээр тогтохгүй. 2017 онд улсын төсвөөс агаарын бохирдлыг бууруулахад 5 тэрбум төгрөг зарцуулсан нь агаарын бохирдлын төлбөрөөс олсон орлогын 20 хувьтай л тэнцэж байлаа. Эдийн засаг хямарсан нэрээр үлдсэн мөнгийг төсвийн бусад зардалд шингээсэн байх юм.

2011 оноос хойш өнөөг хүртэл улсын төсөвт агаарын бохирдлын төлбөр гэж 146 тэрбум төгрөгийг ИРГЭН, КОМПАНИУД төлжээ. Үүн дээр Мянганы Сорилтын сан, Дэлхийн Банкнаас орж ирсэн санхүүжилтүүд тэрбумаар хэмжигдэнэ.

Иргэд, аж ахуйн нэгжүүд төлбөрөө үнэнчээр төлсөөр байна. Төр ажлаа хэзээ хийх вэ? Агаарын бохирдлыг өргөс авсан юм шиг алга болгодоггүй юм аа гэхэд бага ч гэсэн үр дүн харагдахгүй байгаа нь “алдагдсан” мөнгө энэ жилийн 12 тэрбум төгрөгөөр зогсохгүй гэдгийг нотлох шиг.

Эх сурвалж: IKON.MN

Б.БЯМБАСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих