Дэлхийн эдийн засгийн сулрал Монголд нөлөөлөхгүй

Дэлхийн банкны үзэж буйгаар бол дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, байгалийн гамшиг зэрэг нь Зүүн Азийн орнуудын үсрэнгүй хөгжилд эрсдэл учруулж мэдэх гэнэ. Тус банк өчигдөр зарласан Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн тоймдоо энэ тухай дурджээ. Зүүн Азийн орнуудын ДНБ 2011 онд 8.2, 2012 онд 7.8 хувь байх нь. Эдгээр орнуудын эдийн засгийн өсөлт сайн байгаа ч доллар, еврогийн бүсийн тогтворгүй, удаан сэргэлттэй байгаа нь эдгээр орны гадаад секторт хүндрэл учруулна. Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн сэргэлт удаан байгаа нь Зүүн Азийн орнуудын экспортыг царцаах аюул нүүрлэнэ. Тиймээс тус орнууд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар эрэлтийг бууруулахгүй байх хөтөлбөр, арга хэмжээнд түлхүү анхаарал хандуулах шаардлагатай. “Евро бүсийн орнуудын төсөв, мөнгөний бодлогоо чангаруулж байгаа ч эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь Зүүн Азийн эдийн засагт нөлөөлнө. Евро бүсэд зээлийн хомсдол үүссэнээс Зүүн Ази руу орох капиталын урсгал багасна.

Гэхдээ Зүүн Азийн орнуудын валютын нөөц хангалттай байгаа тул эдийн засгийн дарамтад өртөхгүй байх магадлалтай” гэж Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан ахлах эдийн засагч Б.Хофман өгүүлж байна. Зүүн Азийн эдийн засгийн өсөлтийн хурд буурч байгаа нь боловсруулах үйлдвэрлэл буурч байгаагаар илэрч байна. Еврогийн бүсийн эдийн засгийн саажилт эдгээр орнуудын томоохон зах зээл болох электрон барааны экспортыг бууруулна. Гэхдээ түүхий эдийн хэрэгцээ нэмэгдэж байгаа нь уул уурхай, байгалийн баялагтай орнуудын хувьд эдийн засгийн өсөлт саарахгүй гэсэн үг юм. Хөгжингүй орнуудын нийт эрэлт буурах энэ цагт нийт импортод эзлэх Хятадуудын хэрэглээ нөлөө бүхий жин дарж байна. Мөн бүс нутгийн орнуудын нэг найдлага тавьж болох хүчин зүйл бол хятадуудын өсөн нэмэгдэж байгаа өргөн хэрэглээний барааны импорт. “Өнөөгийн эдийн засгийн түвшинд суурилсан судалгаагаар 2011 онд Зүүн Азийн орнуудын 40-өөд сая иргэн шинээр ажлын байраар хангагдана. Бүс нутгийн эмзэг хэсэгт дэлхийн эдийн засгийн таагүй байдал нөлөөлж, хүнсний үнэ өсөх, орлого буурах зэрэг үзэгдэл нь ядуурлыг бууруулахад саад болж болзошгүй байгаад бид санаа зовж байна” гэж Б.Хофман мэдэгдэж байна. Гэхдээ зөвхөн дэлхийн эдийн засгийн байдал тус бүсэд аюул тариагүй. Бүс нутгийн хэд хэдэн оронд болсон үерийн гамшиг ч тухайн орны эдийн засагт нөлөөлж байна. Зөвхөн энэ шалтгаанаар Тайландын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан төлөвийг 2.4 хувиар бууруулж байна.

“Евро бүсийн эдийн засаг нааштайгаар шийдэгдээгүй тохиолдолд, өнөөгийн нөхцөлд улс орнууд дэд бүтэц, боловсрол, нийгмийн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах замаар бүтээмжээ дээшлүүлэх хэрэгтэй. Түүгээр ч зогсохгүй нэмүү өртөг шингэсэн боловсронгүй үйлдвэрлэлийг бий болгох боломж юм” гэж Дэлхийн банкны эдийн засагч Е.Вострокнутова хэлж байна. Мөн тайланд хөрөнгө оруулалт эрчимтэй хийгдэж байгаа улс орнуудад үр ашгийг нь дээшлүүлж, дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг тэнцвэржүүлж болохыг сануулжээ. Дээрх тоймоос харахад дэлхийн эдийн засгийн өсөлтийн сааралт Зүүн Азийн орнуудад нөлөөлнө. Харин түүхий эдийн хэрэгцээ буурахгүй гэдэг нь ямар ч боловсруулалтгүй баялгаа гаргадаг манай орны хувьд ашигтай тусна. Монголчуудад энэ нь таатай цонх боловч өнөөгийн манай сулхан дэд бүтэц бүрэн дүүрэн ашиглах боломж олгохгүй. Мөн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлтийн хурд буурч, Зүүн Азийн электроникийн зах зээл хумигдах нь ч бидэнд өндөр ашигтай тусна. Хятадын өргөн хэрэглээний импорт буурахгүй гэдэг нь манай хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн борлуулалтад сайнаар нөлөөлнө гэсэн үг.

Бүс нутаг дахь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт монголын мал аж ахуй, газар тариалан сэргэхэд чухал нөлөө үзүүлнэ. Өнөөдөр манайд ам.доллар шиг их зүйл байхгүй. 1997 оны Азийн хямрал монголчуудад багагүй ашиг авчирсан. Азийн хямралын үеэр тус бүсэд иргэдийн худалдан авах чадвар буурч барааны үнэ хэд дахин буурсан. Энэ үеэр монголчууд ам.долларыг тухайн орны мөнгөн тэмдэгтээр сольж хэрэгцээтэй бараагаа хямдаар худалдан авах бололцоотой болсон. Энэ түүх ойрын 2-3 жилд дахин тохиолдох магадлалтай юм. Хэрэв Дэлхийн банкны тойм үнэн бол шүү дээ.

Х.БАТТӨГС


URL:

Сэтгэгдэл бичих