Монгол Улс 2018 оны төсвөө хуулийн хугацаанд нь баталж чадах уу
УИХ-ын намрын чуулганы гол шийддэг асуудлын нэг нь ирэх жилийн төсвийг хуульчлах явдал байдаг. Гэхдээ бас цаг хугацаатай. Хуулийн хугацаа нь энэ сарын 15 гэхэд батлагдсан байх учиртай. Энэ жилийн хувьд 2018 оны төсвийн хуулийн төсөл хоёр ч Засгийн газрын гар дамжиж хууль тогтоогчдын гар дээр ирж байна. Засгийн бодлогын залгамж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үнэтэй цаг хугацааны хөрөнгө мөнгөний урсгалыг зохицуулах төсөв гэдэг утгаараа буурьтай суурьтай хэлэлцэх шаардлага байгаа нь тодорхой. Гэвч хугацаа бага үлдлээ. Үндсэндээ хоёр долоо хоногийн хугацаа байна.
Гэтэл МАН төсвийн хэлэлцүүлгээр тав хоногийн завсарлага авчихлаа. Энэ хугацаа ирэх даваа гарагт буюу 6-нд дуусахаар байгаа. Ингэж тооцвол цаана нь багахаан хугацаа үлдэж байна гэсэн үг. Улсын төсвийн төслийг наанадаж 3-4 удаагийн хэлэлцүүлэгээр баталдаг. Өмнөх жишгүүд ийм байсан. Тэгэхээр энэ жил ч гэсэн үүнээс нэг их хол зөрөхгүй байх. Гэтэл анхны хэлэлцүүлгээ ч бүрэн дуусгалгүй гацаанд орчихов. Гацаанд орсон шалтгаан бараг тодорхой. Засгийн газрын томилгоонд Ерөнхийлөгчийн хэсэглэн тавьсан хориг дээр том бүлэг маань санал нэгдэж чадахгүй байгаа явдал.
Өчигдөр Төсвийн байнгын хороо хуралдаж асуудлаа хэлэлцэх байсан ч ирц хүрэхгүй байсаар цуцлагдсан, иймэрхүү л байр байдалтай байна. Энэчлэн мордохын хазгай гэдэг шиг хэлэлцүүлэг сунжрах төлөвтэй болчихлоо. Өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдах хуваарьтай байгаа ч ирц энэ тэр нь юу болох нь тодорхойгүй.
Төсөв хэлэлцэх цагаар улстөрийн салхи шуурга ихтэй байгаа нь нэрмээс болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын шийдвэрт хэсэгчилсэн хориг тавьсан нь асуудлыг улам хүндрүүлэв.
Ерөнхийлөгчийн онилсон бай бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Улсын төсөв хэлэлцэх үеэр сангийн сайдын байх эсэх асуудал яригдаж байгаа нь угтаа командлагчгүй армийг тулаанд оруулж байгаатай адил хэмээн зүйрлэж байна.
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх нь өнөөгийн эрх баригчдыг бас л хоёр талд хувааж, бүлэг тус тусдаа хуралдсан гэх мэдээлэл байна. Тэр ч байтугай МАН төсвийн асуудлаар 5 хоногийн завасарлага авсан нь хөшигний цаана Сангийн сайдын асуудлаа нэг талд гаргах гэсэн арга гэж зарим эх сурвалж тодотгож байгаа нь санамсаргүй бус байх.
Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн хугацаанд шийдвэрлэх хуулийн заалттай. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд 100 хувийн саналаар хүлээн авах боломжгүй гэх шийдвэрт хүрсэн байсан ч салхи гэнэт эргэж энэ долоо хоногийн эхээр тус бүлэг хоёр тусдаа хуралдсан төдийгүй өмнөх шийдвэрээсээ буцсан гэж байгаа юм.
Гэхдээ энэ асуудлаар олонхи одоо болтол нэгдсэн байр суурьт хүрээгүй гэдгийг эх суралжууд хэлж байгаа. Үндсэндээ Сангийн сайдад тавьсан хоригийг хүлээж авах эсэхээс төсвийн хуулийн хэлэлцүүлэг гацчихаад байгаа бололтой.
Цагаа олоогүй улстөрийн шийдэл гэдэг цаанаасаа балаг их чирдэг. Ерөнхийлөгчийн хориг иймэрхүү замаар, төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайдыг ноцож авсан нь төсвийн чанар, бодит байдалд хэр нөлөөлөхөийг хожмын өдрүүд л харуулах байх даа. “Авлигжсан төсөв” гэдэг шиг “гурилдсан” төсвийг цаг хугацааны хязгаарлалтад нь багтааж батлагдахыг үгүйсгэхгүй. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг төсвөө дахин дахин тодотгож аргацаах ганц зам л бий. Төсөв гэдэг ирэх монголчуудын хийж хэрэгжүүлэх, эдэлж хэрэглэх, идэж уухаас эхлээд аж амьдралын маань бүхий л хөрөнгө мөнгөний тооцоо хуваарилалт. Тийм болохоор л энэ хэлэлцүүлгээс хариуцлага хяналт шаардаад байгаа юм.
М.Нэргүй
zaluu.com
URL: