Ч.Хүрэлбаатарын асуудлаар 65-ын бүлэг хоёр хуваагджээ
-Олон нийт энэ хоригийн тухайд дэмжсэн байр суурьтай байгаа. Гэхдээ Ерөнхийлөгчийг зөв хориг тавьсан ч санаагаа буруу илэрхийлж, хэтэрхий албан бус, хувийн байр сууриас хандсан хэмээн үзэж буй юм-
УИХ өчигдөр нэгэн чухал асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар хойшиллоо. Болсон үйл явцыг тоймловол, УИХ дахь МАН-ын 65 гишүүн мягмар гарагт хоёр салж, 33, 32-оороо хуралдсан. Учир нь УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Сангийн сайдын томилгоотой холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан. Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газар байгуулахыг дэмжээгүй “32-ын бүлэг” Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа аж.
Мөн УИХ-ын даргын өрөөнд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар энэ талаар хэлэлцсэн тухай эх сурвалж мэдээлсэн юм. Харин үдээс хойш болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас МАН-ын бүлэг завсарлага хүссэн тул энэ асуудлыг хэлэлцэх тов тав хоногоор хойшилсон байна.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн зүгээс Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон нь эрх ашгийн зөрчилтэй гэж үзсэн тул ийнхүү хориг тавьсан билээ. Үүний улмаас өнгөрсөн баасан гарагт УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаан зарлаж, энэ тухай хэлэлцсэн. Энэ хуралдаанаар уг хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзэж, нийтэд мэдэгдсэн. Тиймээс Сангийн сайдын томилгоо хүчин төгөлдөр хэвээр үлдэх нь баараггүй гэх итгэл үүссэн аж.
Харамсалтай нь байдал эргэж буй бололтой. Үүнийг МАН-ын бүлэг хоёр хуваагдан хуралдсан хийгээд шийдвэрлэх чухал чуулганаас завсарлага авсан зэргээс нь харж болно. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар үлдээх сонирхол задарч, тохироонд хүрсэнгүй гэж ойлгогдож байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайдын томилгоонд тавьсан хоригоо дараах албан бичгээр илэрхийлсэн билээ. Уг албан бичигт “Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, эрх чөлөөг зөрчсөн агаарын бохирдлын асуудалд шинэ Засгийн газрын гишүүн бүр анхаарч ажиллах ёстой гэж миний бие үзэж байна.
Монгол Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 36 дугаар тогтоол гаргаж “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийг баталсан. Харамсалтай нь тус хөтөлбөр батлагдсан өдрөөсөө хойш долоон жилийн хугацаанд бодитой ажил хэрэг болж хэрэгжсэнгүй. Агаарын бохирдлоос улбаалсан хүн амын өвчлөл, эрүүл мэндийн асуудал өнөөдөр ч бидний санааг зовоосоор, шийдлээ хүлээсээр байна.
Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна.
Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байна.
Шинээр бүрэлдсэн Засгийн газар Монгол Улсын орших, хөгжихийн үндэс болдог эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч эмч, багш нарынхаа цалинг нэмэх, улмаар нийт төрийн албан хаагчдын цалинг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллах ёстой. Харамсалтай нь Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар тавин таван тэрбум төгрөг тараах санал гаргаж байна.
Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй. Иймд Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон Улсын Их Хурлын тогтоолын зохих хэсэгт тавьсан энэхүү хоригийг хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн юм.
Олон нийт ч энэ хоригийн тухайд дэмжсэн байр суурьтай байгаа. Гэхдээ Ерөнхийлөгчийг зөв хориг тавьсан ч санаагаа буруу илэрхийлж, хэтэрхий албан бус, хувийн байр сууриас хандсан хэмээн үзэж буй юм.
Улстөрийн хүрээнд ч уг асуудлаас болж талцаж, олон талаас дүгнэж байна. Яг үнэндээ, шинэ Засгийн газар анх байгуулагдахдаа Мэргэжлийн Засгийн газраас илүү ажиллана гэж амлаж байсан. Засгийн газрыг кабинетыг бүрдүүлэх үеэр ч олон таамаг гарч байсан ч олны бодож байсан шиг томилгоо хийгдээгүй юм. Нэг үгээр хэлбэл, нийгмийн хүлээлт талаар өнгөрсөн гэсэн үг.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тухайд ч төрийн албан хаагч, эмч, багш нарын нийгмийн асуудлыг шийдэхдээ тун гоомой хандсан нь үнэн. Мөн Ашигт малтмалын газрыг Сангийн яаманд нэгтгэх зэргээр ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлсэн алхмууд хийсэн нь Ерөнхийлөгчийн хоригийг ул суурьтай гэж харахад хүргэсэн билээ.
Түүнчлэн дээрх асуудлаас гадна АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, Ч.Хүрэлбаатарыг Түлш, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа утаагүй түлшний үйлдвэр байгуулах ажлыг Засгийн газрын 2008 оны 14 дүгээр тогтоолоор зохион байгуулах үүрэг авсан гэжээ.
Монгол Улсын Үндэсний аудитын газрын дүнгээр тус төслийг ТЭЗҮ бүрэн боловсруулж дуусаагүй, зураг төсөвгүй, эрсдэлийг урьдчилан тооцоогүй байхад улсын төсвөөс 14 тэрбум төгрөг 58 сая 700 мянган төгрөг батлан зарцуулсан ч үр дүнгүй болсон. Нэг зуух нь 6-8 цаг ажиллаад л нам зогссон. 2010 оны улсын төсвөөс таван тэрбум, 2011 оны улсын төсвөөс есөн тэрбумын санхүүжилт авч хувьдаа завшсан байна.
Тиймээс түүнийг АТГ-т ашиг сонирхлын зөрчил байна уу, үгүй юу гэдгийг нь шалгуулах болно. Тухайлбал, уг төсвийн хөрөнгөөс гурван тэрбум 40 сая төгрөг хувь хүний хадгаламжид шилжүүлсэн гэмт хэргийн шинж агуулсан зөрчлүүд илэрсэн байна. Бид Үндэсний аудитын газраас хийсэн үнэлгээн дээр тулгуурлаж ярьж байна гэх мэдээллийг өнгөрсөн хоногт өгчээ.
Харин Ч.Хүрэлбаатар энэ бүхний эсрэг хувийн үзэл бодлоор хандсан мэдэгдлүүдийг гаргаж лицензийн наймааны талаар албан ёсны баримттай тайлбар өнөөг хүртэл хийгээгүй байгаа. Тэгэхээр МАН-ын дотоодод түүнийг авч үлдэх эсэх дээр одоо ч нэгдсэн саналд хүрээгүй нь ойлгомжтой болов.
Р.Саруул
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: