Филиппинчүүд монголд хар тамхины наймааг цэцэглүүлж байна
Монгол охид эмэгтэйчүүд, оюутан залуус хил дамнуулан хар тамхи зөөвөрлөсөн тухай мэдээллээр энэ жилийн турш сонин хэвлэл амьсгалав.
Өнгөрсөнд үйлдэгдсэн хэргээс харахад хар бизнес эрхэлдэг этгээдүүд ихэвчлэн охид эмэгтэйчүүдийг овоо хараандаа авч гэмт хэргийн золиос болгосоор байна. Баримт түшихэд Зүүн өмнөд Азийн орнууд руу хэд хэдэн монгол эмэгтэй мансууруулах бодис зөөвөрлөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон.
Тэдэнд хууль бус наймаа санал болгосон этгээдүүд хэн бэ…. Тэд бол Филиппинчүүд. Тамхи зөөвөрлөхийг санал болгосон филиппин этгээдүүд Л.Гантуул, Ё.Оюунчимэг нараар өгөөш хийж хэд хэдэн эмэгтэйг хууль бус наймаанд татан оролцуулж, зольсны нэг нь БНХАУ-ын ардын шүүхээс бүх насаараа хорих ял сонссон Л.Байгальмаа.
Түүнчлэн Филиппинчүүдийн дараагийн золигт гаргасан эмэгтэй бол Дархан-Уул аймгийн харьяат 35 настай эмэгтэй н.Нандинцэцэг. Түүнийг мөн Л.Байгальмааг Бээжин руу явуулахаас тав хоногийн өмнө буюу өнгөрсөн оны зургадугаар сарын 23-ны өдрийн нислэгээр багагүй хэмжээний герион залгиулж Бангладеш улс руу явуулсан байдаг. Тэр эмэгтэй өнөөдөр мөн л хорих ял эдлэж байна. Энэ мэтчлэн хөшигний ард хэдэн монгол эмэгтэй Филиппин этгээдүүдийн тавьсан хавханд орсныг хэлж мэдэхгүй.
Филлипины иргэн Эдварт гэх эрийг сүүлийн үед интерполоор эрэн сурвалжилж буй. Тэр этгээд мөн л манай улсын иргэн С.Ойгонбаярт 1.7 кг героиныг өгч Замын-Үүд дэх хилийн боомтоор өмнөд хөрш рүү зөөвөрлүүлсэн байдаг. Азаар дээрх эрэгтэй монгол цагдаадаа баригдсан учраас цөөн жилийн ялаар шийтгүүлж одоо хорих ялаа эдлэж байгаа.
Яллагдагч С.Ойгонбаяр анхан шатны шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд мэдүүлэхдээ “Уг бодисыг Цэрэндулам гэдэг эмэгтэйн зуучлалаар Филиппинээс Монгол руу оруулж ирсэн Эдварт гэгчээс хүлээж авсан.Тэр бодисыг Сөүл-Улаанбаатарын онгоцоор надад авчирч өгсөн юм. Цэрэндулам гэдэг эмэгтэйтэй хамт ажилладаг Саранцэцэг гэх эмэгтэй надад гадаад паспорт галт тэрэгний тасалбар 1300 юань, эд мөрийн баримтаар хураагдсан саарал цүнхийг галт тэрэгний зогсоол дээр авчирч өгсөн.
Түүнийг би БНХАУ-ын Эрээн хотод нэг хүнд хүргэж өгөх ёстой байсан юм. Намайг цагдаагийн ажилтнуудад баригдан Эрээн хотод очиход Наранцэцэг гэдэг эмэгтэй тосч авах байсан гэжээ”. Шүүх ажиллагааны явцад тэрбээр анх Цэрэндуламтай таксигаар үйлчилж танилцсан бөгөөд “Эрээн, Бээжин рүү бараа хүргэж өгөөд 1000 ам,долларын шагнал авах уу гэсэн санал тавьсан байна. Ингээд түүний саналыг М.Ойгонбаяр зөвшөөрч герион тээвэрлэж өмнөд хөршийг зорьсноор эл хэрэгт холбогджээ.
Түүний мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээс харахад “ Сөүлээр дамжин Монгол руу хар тамхи оруулдаг Филиппин улсын 3-4 иргэн байдаг гэнэ. Тэдний нэг нь Эдварт, нөгөө нь Бобби. Тэд монгол иргэдэд мансууруулах бодис авчирч өгөөд буцдаг талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад дурджээ”.Дээрх баримтуудаас харахад Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтэст шалгагдсан хэд хэдэн эрүүгийн хэргүүдийн цаад эзэд нь Зүүн өмнөд Азийн иргэд байгаа нь Монгол Улс хар бизнесийн сүлжээнд нэгдсэн юм биш байгаа гэх хар төрөх болов. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед олноор гарах болсон нь олны анхаарлыг татаж байна.
Хар тамхитай холбоотой сүүлийн үеийн баримтыг дурдахад ийм. Эдгээр баримтаас харахад манай улсад мансууруулах төрлийн бодис хэрэглэх, тээвэрлэх, худалдах нь цөөн бус болжээ.
Тиймээс шат шатны хуулийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэгтэй эрчтэй тэмцэх, хэргийг мөрдөж буй хууль хяналтын ажилтнуудыг мэргэшүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд нэмэр болох мансууруулах төрлийн бодис илрүүлэх лаборатортой болох, хил гаалийн хяналт шалгалтыг чангатгах гээд олон асуудлыг анхааралдаа авах цаг хэдийн болжээ.
Эс бөгөөс хэдэн жилийн дараа хар тамхи дагасан гэмт хэрэг хяналтаас гарч “ өнгөрсөн борооны хойноос цув нөмрөнө” гэгч болох вий.
Н.Түвшин
URL: