Оюутолгой ХХК ажил хаясан хүмүүст “баяртай” гэчихээд шинэ ажилтнууд авч эхэлжээ

Оюутолгой төслийн China camp-ын  50-иад  ажилчин Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь ажлын байраа орхин Даланзадгад руу явсан талаар мэдээлсэн.  Тэгвэл  тэдгээр иргэд ажилдаа гарахгүй байгаа нь Оюутолгой ХХК-ийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж,   шинэ хүмүүс  олноор нь ажилд авч байна гэсэн мэдээллийг орон нутгийн эх сурвалжууд өглөө.

Тэгэхээр өмнө нь бичиж байсанчлан нутгийнхаа газар шороон дээр мөр зэрэгцэн ажиллаж явсан нэг нөхөр нь үл мэдэгдэх шалтгаанаар амиа алдаад байхад,  чимээгүй дараад өнгөрөх гэж  байгаад нь бухимдан ажлын байраа орхин явсан хүмүүсийг эргүүлж авахгүйгээр шууд халж, шинэ хүмүүсээр солих арга замыг Оюутолгой ХХК сонгосон бололтой байна.

Гол нь хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа ажил хаялтын “эзэд” болсон иргэд цалингаа нэмүүлэх гэж, элдэв халамж горилж ажлын байраа орхиогүй. Тэд 18-19-нд шилжих шөнө үл мэдэгдэх шалтгаанаар амиа алдсан талийгаач залуугийн үхэлд нэг ажлын байран дээр ажиллаж байгаа хятад ажилчдыг хардаж байгаа аж.

Тиймээс ч өнөөдрийг хүртэлх хугацаанд албаны эх сурвалжуудаас тоймтой мэдээлэл хийхгүй байгаа энэ хэргийн үнэн мөнийг тогтоолгохын төлөө,  орд газар, ноён доллараас Монгол  хүнийх нь амь илүү үнэтэй гэдгийг харуулахын төлөө боломжийн цалин хөлстэй ажлаа орхицгоосон аж.

Тэгэхээр  хууль хяналтын байгууллага  18-19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь  Оюутолгой төслийн байран дээр гарсан хэргийг  сайтар нягталж, шалгах ёстой байна. Хэдийгээр  Өмнөговь  аймгийн Цагдаагийн хэлтсээс  Ажлын хэсэг гарч  Ханбогд суманд ажиллаж байгаа гэж буй ч, талийгаач өөрийнхөө амийг хорлосон гэсэн мэдээллийг зориуд олны дунд тараагаад байна гэж эх сурвалж хэлж байгаа юм.

Талийгаач З-ийн үхлийн шалтгаан юу байв, тэр үнэхээр өөрийгөө боомилчихов уу, эсвэл ажил хаясан ажилчдын хардаад байгаа шиг хятадуудын гарт амиа алдчихав уу гэдгийг шалгаж, тогтоон үнэн бодит мэдээллийг өгөх нь  зөв биз ээ. Хэрэв энэ хэрэгт үнэхээр Хятад иргэд оролцсон байвал цаашлаад Оюутолгой төслийн хүрээнд ажиллаж байгаа Монгол, Хятад ажилчдын хооронд ихээхэн асуудал үүсч мэдэх юм. Компанийн зүгээс ч үүнд болгоомжтой хандаж байгаа биз. Талийгаач нь Оюутолгой ХХК-тай гэрээлэгч, кемпийн хоол хүнс, ахуй үйлчилгээг хариуцдаг Си Ай Эс Монголиа  компанид ажилладаг байсан. Тэгвэл  Оюутолгой ХХК-д өөр бусад гэрээлэгч 60 гаруй компани бий. Тус компаниудын ажилчдын 10777 нь монгол, 5994 нь гадаад иргэд гэсэн мэдээлэл бий. Харин орон нутгийнхан гадаад тэр дундаа Хятад ажилчдын тоо улам бүр нэмэгдэж байгаа гэдэг. Ямартай ч Оюутолгой ХХК Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 8. ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БОЛОН СУРГАЛТ гэсэн хэсгийн хэд хэдэн заалт зөрчигдөж байгаа талаар  мэдээлж байсан.

Хууль болон гэрээ зөрчсөн үйл ажиллагаа Оюутолгой төслийн хүрээнд явагдаж байгааг сануулах үүднээс дээрх хүснэгтийг хүргэе. Эдгээр  компаниуд Оюутолгой ХХК-тай гэрээлэгч. Ажиллах хүчний  харьцаа нь  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний:

8.5.1. барилгын ажил гүйцэтгэх болон өргөтгөлийн хугацаанд барилгын ажил гүйцэтгэхээр Хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан ажиллаж буй аж ахуйн нэгжүүд нийт ажиллагсдынхаа 60-аас доошгүй хувьд нь Монгол Улсын иргэдийг авч ажиллуулна гэсэн заалтыг зөрчсөн. Тухайлбал,  Жиансу Жианду Монголиа компанийн нийт 4856 ажилтны 906 нь  монгол иргэд,  3950 нь гадаадын иргэд байгаа юм. Тус компани нь барилга угсралт, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Мөн барилга угсралтын чиглэлийн ТИ СИ СИ интернэйшнл компанийн 552 ажилтны 515  нь гадаад ажилчид байгаа нь бас л энэ  заалт зөрчигдөж байна гэсэн үг. Энэмэтчилэн ажиллах хүчний  харьцааны хувьд багагүй зүйл яригдах Оюутолгой төсөл дээр ажиллаж байгаа Монголчууд газар нутаг дээрээ хуулийг хууль шиг мөрдүүлэхийн төлөө ажил хаяад байна. Тэд нутаг нэгтнийх нь аминд гадны хэн нэгэн этгээд хүрч үгүй хийсэн гэж үзсэний үндсэн дээр ийн эсэргүүцэл илэрхийлж байгаа юм байна гэдгийг онцлон хэлье. Тэгэхээр холбогдох байгууллагууд үүнийг анхааралдаа авах нь зөв бизээ. Ажил хаялаа гээд шууд халах эрх Оюутолгой ХХХ-д бий юү? Үүнийг ч бас холбогдох байгууллагууд анхаарч харах ёстой юм.

Э.Болор


URL:

Сэтгэгдэл бичих