Оросын сэтгүүлч, дуучин Екатерина Гордон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ
МОСКВА. /ТАСС/. Оросын нөлөө бүхий сэтгүүлч бөгөөд дуучин Екатерина Гордон ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав.
Е.Гордон өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Би Оросын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ ашиглахаар шийдлээ. Би ганц бие эхчүүд болон хүүхдийн эрхийг хамгаалах болно” гэжээ.
Е.Гордон нь сэтгүүлзүйн салбарт 10 гаруй жил ажилласан бөгөөд өөрийн гэсэн хуулийн фирмтэй нэгэн юм. Түүний хуулийн фирм нь сүүлийн таван жилийн хугацаанд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Тэрбээр цахим хуудастаа өөрийгөө “хүний эрхийн төлөө тэмцэгч, яруу найрагч, дуучин, дуу зохиогч” гэж тодорхойлсон байна.
Оросын шоу ертөнцийн од, телевизийн хөтлөгч, сэтгүүлийн эрхлэгч бөгөөд сөрөг хүчний улс төрч Ксения Собчак мөн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
ОХУ-ын ээлжит ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны гуравдугаар сарын 18-нд болох юм. Сонгуульд нэр дэвшигчдийг энэ оны 12 дугаар сараас албан ёсоор бүртгэж эхэлнэ.
Аль нэг намын гишүүн бус буюу бие даан өрсөлдөхөөр төлөвлөж буй хүмүүс нь нэр дэвшихийн тулд 300 мянган гарын үсэг цуглуулах ёстой аж.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: