Нэгдмэл үйл ажиллагаатай Нунтаглан баяжуулах хэсэг

              11778                                                                                                                                              ————Дугаарын сурвалжилга———–

-Цонхныхоо шилэн дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм заалт бүхий плакат наасан хоёр номерын автобусаар зорчин явахад зүс таних хүн цөөрсөн нь “Эрдэнэт” үйлдвэрийн ахмадууд гавьяаныхаа амралтад гарч тэдний залуу халаа хүч түрэн орж ирсэн бололтой. “Эрдэнэт”-ийн “зүрх” нь Баяжуулах үйлдвэр.  Үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа явагддаг төв цэг нь  Нунтаглан баяжуулах хэсэг. Энэ хэсгийн үйл ажиллагаа өөр хоорондоо нягт уялдаатай. Нэгийг нь нөгөөгөөс  салган ойлгох боломжгүй. Тусгай зориулалтын талбайд засварчид, гагнуурчид ээлжит төлөвлөгөөт ажлаа гүйцэтгэсээр. Тэдний угсарч засаж сэлбэсэн тоног төхөөрөмжийг кранчид байр байранд нь зөөвөрлөнө.  Гурван шатны бутлуураар орсон хүдэр туузан дамжуургаар усны урсгал шиг тасралтгүй хөвөрсөөр тээрэмд нунтаглагдана. Хар ухаанаар бол уулнаас ирсэн том чулууг технологийн дамжлагаар  оруулж энд 0,074 мм хүртэл нунтаглана гэсэн үг.

12365 12366

Тээрэмд нунтагласан хүдрээс хөвүүлэн баяжуулах технологиор зэс, молибдений баяжмалыг ялгана. Дараа нь зэс, молибденио салган шүүн хатааж савлан ачиж экспортод гаргадаг. “Эрдэнэт”-ийн үйлдвэрлэлийн технологийн процесс ийм. Энэхүү үйлдвэрлэлийн үйл ажиллагааны шат дамжлага бүрт тээрмийн болон насосны  машинч,мастер, технологич,механикчид гар сэтгэл нийлж ажиллана. Энэ хэсгийн өндөр хариуцлагыг технологичид хүлээдэг. Тэд зэсийн металл авалтыг 86 хувь буюу хамгийн өндөр түвшинд барьж ажиллах ёстой. Зэс, молибденийн баяжмалын чанарыг стандартын дагуу 23,47 хувьд барих гол зорилготой. Хэрэв технологийн ямар нэг доголдлоос шалтгаалан  баяжмалаа хаягдал уруу алдвал эргэн авах боломжгүй. Өчнөөн сая төгрөгийн алдагдал хүлээх эрсдэлтэй. Иймээс үйлдвэрлэлийн технологийн процессыг оновчтой тодорхойлж ажиллах нь технологичдын үндсэн үүрэг хариуцлага байдаг . Харин механикчид бол нунтаглан баяжуулах хэсгийн тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг хариуцна. Тоног төхөөрөмжийн ашиглалтыг уртасгахын тулд эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Тээрэм,насос,хөвүүлэн баяжуулах машин, өтгөрүүлэгч гэсэн үнсэн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг механикууд хариуцан хуваарийн дагуу засвар үйлчилгээ хийдэг. Бид Бутлан тээвэрлэх хэсгийн тоног төхөөрөмжийн механикч Д.Бат-Эрдэнэтэй уулзахад: “Манай хэсгийнхэн насос, хөдөлгүүр хоёрын хатуу холбоосыг зөөлөн холбоосоор өөрчилснөөр 350 цаг ажиллах нөхцөл бүрдэж ажлын бүтээмж нэмэгдэн асар их эдийн засгийн хэмнэлт гаргасан. Өмнө нь хатуу холбоостой насос дунджаар 150 цаг ажиллаж байлаа. Одоо бас нэлээн үр ашигтай нэг ажил санаачлан туршиж байна. Бидний зумьп гэж ярьдаг, материал хадгалах сав хоёр хуваарилах хайрцагтай. Нэг нь их урт. Үүнийг адил хэмжээтэй болгосноор  их үр дүн гарахаар байгаа. Технологийн үйл ажиллагаанд гарсан хүндрэлийг арилгах зорилгоор ийм шийдэлд хүрч тоног төхөөрөмжийнхөө ашиглалтыг сайжруулах ажил хийж байна” гэв. Олны хүч оломгүй далай гэдэг. Ийн хөдөлмөрлөж яваа бүтээлч хамт олны экспортолсон зэс, молбидений баяжмал доллараар үнэлэгдэн улсын сан хөмрөгийг арвижуулсаар. Харин баялаг бүтээгчид маань маргааш тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэртээ зогсолтгүй ажиллана.      

12367 12368 12369

                                                                                                                      Т.БАТЧУЛУУН


URL:

Сэтгэгдэл бичих