Түүхий эдийн засаг

-18062014-1403055218-756915697-ediin_zasag

ХҮЛЭЭЛТ

У.Хүрэлсүх бол нийгмийн хүлээлтээр гарч ирсэн Ерөнхий сайд. Шийдэмгий, зоригтой алхмууд хийнэ гэж МАН-ын Бага хурлын гишүүдээс дутахгүй Монголын ард түмэн хүлээж байгаа. Улстөрчид албан тушаалын хуваарилалт сонирхож байгаа бол ард түмэн эсрэгээрээ эдийн засагт сэргэлт хүсч байна.

Хашгирахыг нь улстөрчид хашгирч, төлөхийг нь ард түмэн төлсөөр…

Судалгааны “МЭК” компанийн иргэдийн дунд санамсаргүй түүврийн аргаар явуулсан судалгааны дүн анхаарал татлаа. Учир нь бэлэнчлэх сэтгэлгээнд дасчихсан гэх Монголын ард түмнийг төлөөлөх нэг хэсэг нь хүүхдийн мөнгөнөөс чухал зүйл бол эдийн засаг бүхэлдээ сэргээхсэн гэсэн хүсэлт байв.“Монгол Улсын хэмжээнд яаралтай шийдвэрлэх асуудлыг нэрлэнэ үү” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 17 хувь нь “Эдийн засгийн хямралыг шийдвэрлэх ёстой” гэсэн хариулт өгчээ. Энэ бол бусад төрөл бүрийн хүсэлтээс хамгийн өндөр хувьтай гарч ирсэн үзүүлэлт нь юм. Харин үүний араас “Цалин, тэтгэвэр нэмэх шаардлагатай байна” гэсэн хариулт удаалжээ. Түүнчлэн “У.Хүрэлсүхийн Засгийн газар Монгол Улсын хэмжээнд нэн яаралтай юуг шийдвэрлэх хэрэгтэй гэж бодож байна вэ” гэдэг асуултад иргэдийн олонхи нь хариулахдаа, “Эдийн засгаа сайжруулах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлээсэй” гэжээ. Бас л давхардсан хариулт. Үүнийг “МЭК”-ийнхэн “Иргэд эдийн засгийн хямралыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн хүсч байгааг энгийнээр үзвэл өөрийн өрхийн эдийн засгаа сайжруулах хүсэлт гэж ойлгож болно” гэв.

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд, түүний тэргүүлэх Засгийн газарт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой ажил хийгээсэй, авто замын түгжрэлийг бууруулаасай гэсэн захиас дайж буйгаа судалгаанд оролцогчдын 40 хувь нь илэрхийлжээ. Мөн хог хаягдалгүй хотод амьдрах хүсэлтээ 16 хувь нь, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдлавчлуулахыг 15 хувь нь хүссэн байна. Иргэдийн хүслийн жагсаалт үүгээр дуусахгүй. Тоймтой нь эдгээр билээ.

Түүхий эдийн засаг

Түүхий эдийн засаг

Түүхий эдийн засаг

ЭРГЭЛЗЭЭ

“Засгийн газрын бодлогын төв нь иргэн ТА байх болно” гэж УИХ-ын чуулганы танхимд мэдэгдсэн шинэ Ерөнхий сайдаас иргэд эдийн засгийн сэргэлт хүсч байгаа ч бодит байдал тийм таатай бус угтлаа. Ардын Засгийн газар анхнаасаа л эргэлзээ дунд торниж байна. Одоо сануулъя. ОУВС-гийн захирлуудын зөвлөл өнгөрсөн сард хуралдах товтой байсан ч Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаас үүдэж хурлаа хойшлуулсан гэдгийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэллээ. Шинэ Ерөнхий сайдаа томилсон Монгол Улсын талаархи мэдээллийг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичихдээ, Оюутолгойн Дубайд хийгдсэн гэрээг шалгана, Тавантолгойг эргэж харна гэж хэлсэн тухай онцлов. Дөнгөж кабинетаа бүрдүүлээд байгаа Ерөнхий сайдыг ийнхүү эргэлзээтэй байдлаар угтаж авсан хөрөнгө оруулагчдын эргэлзээ ийнхүү тайлагдаж байна. Ерөнхий сайд хамгийн анхны гадаад уулзалтаа ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакертай уулзсанаар эхлүүлж, Монгол Улсад өмнөх Засгийн газар огцорч дараачийн Ерөнхий сайдаар томилогдсон миний бие ОУВС-гийн хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа хэмээн албан захидлаа гардуулсан. Тэрээр “Засгийн газрыг МАН дангаараа байгуулна, өмнөх Засгийн газрын ололт амжилт бүрийг үргэлжлүүлэх бөгөөд үүний нэг нь ОУВС-гийн хөтөлбөр” гэж тодотголоо. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар огцорч шинээр байгуулагдсан нь гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлөхгүй гэсэн урьдчилсан таамгийг аль хэдийнэ олон улсын санхүүгийн “Фитч” агентлаг гаргасныг Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч мэдэгдээд байсан юм. Мэдээж, Сангийн сайдын асан Б.Чойжилсүрэн “Долларын ханшийн өсөлтийг анхааралтай ажиглаж байгаа” гэдэг шиг хөрөнгө оруулагчид биднийг анхааралтай ажигласаар байдаг.

“БАЙГАЛИЙН ГАМШИГ ТОХИОЛДОХГҮЙ Л БОЛ ЭДИЙН ЗАСАГ ӨСНӨ”

“Монгол Улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил 1.2 хувийн өсөлттэй байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 5.3 хувиар өсч хүчтэй сэргэсэн. Энэхүү өсөлт нь нүүрсний экспорт нэмэгдсэнээр цаашид үргэлжлэх төлөвтэй байна” хэмээн Азийн хөгжлийн банкнаас хийсэн тайланд дурьдсан. Эдийн засгийн тогтвортой байдлаа хангах хүчин чармайлтаа хадгалж гадаад орчин таатай хэвээр байвал Монголын эдийн засагт байгалийн гамшиг тохиолдохгүй л бол улам сэргэх болно гэж хэлсэн удаатай. Үнэхээр ч Азийн хөгжлийн банкнаас энэ оны дөрөвдүгээр сард гаргасан тайланд манай эдийн засгийн өсөлтийг энэ онд 4 хувь, ирэх онд 3 хувь байна гэж төсөөлснөөс давсан гол шалтгаан бол манай гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ өссөн байгаагаас гадна хөрөнгө оруулагчдад бизнес хийх итгэл төрүүлсэн ОУВС-гийн хөтөлбөр батлагдсан явдал гэнэ.

Ийнхүү гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын эдийн засагчид өөдрөгөөр төсөөлж байхад манай улстөрчид одоохондоо сайн үг амнаасаа унагахгүй байна. Багш, эмч нар нь ажил хаяж Төрийн ордон гороолж, хүүхдийн мөнгө Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш олгоогүй байхад эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай байна гэж суух нь цонхны цаанаас чихэр долоолгохтой адилхан болчихоод байгаа юм. Гэхдээ энэхүү эдийн засгийн өсөлт иргэн Доржид хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг чухал. Судалгаанд оролцсон иргэд эдийн засгаа сайжруулахыг нэн тэргүүнд тавьсан шиг нүүрс хэмээх түүхий эдэд тулгуурласан өсөлтийг иргэдийн хэтэвчинд наалдуулах боломж бидэнд байна уу.

АХБ-ны Монгол дахьСуурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен

Монголын эдийн засгийн өсөлт 2017 онд хүлээгдэж байснаас илүү өндөр байлаа.Ирээдүйн эдийн засгийн өсөлтийг хангахад нэн чухал уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх Засгийн газрын эрмэлзлэл нь төлөвлөгөөт хөрөнгө оруулалтыг баталгаажуулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Монголын ашигт малтмалын нөөц баялгийн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь улс орны ирээдүйн хөгжилд чухал хэдий ч, уул уурхайн салбарт тулгуурласан өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй байлгах, мөн эдийн засгийн төрөлжилт, илүү өндөр бүтээмжийг бий болгохын тулд бүр ч их зүйлийг хийх хэрэгтэй болно.

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер

Шинээр томилогдсон Ерөнхий сайдад баяр хүргэе. ОУВС-гийн хөтөлбөр нь Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулаад зогсохгүй, бодитой өсөлт бий болгох боломжтой юм.

ХАХИР УЛИРАЛ, ХОМСДОЛТОЙ ТӨСӨВ

УИХ-ын дарга М.Энхболд “Айсуй хахир улирал, санхүүгийн хомсдолтой төлөв байдал та бидэнд харилцан ойлголцож, хамтран ажиллах замаар бэрхшээлийг даван туулахыг тулгаж байна. Улстөржилтийг таягдан хаяж, нийтийн эрх ашгийн төлөө шаргуу, шуурхай ажиллах, шийдлүүдийг цаг тухайд нь оновчтой гаргаж чадахгүй бол нийгмээрээ, нийтээрээ хохирон үлдэх хатуу нөхцөл бидэнд тулгараад байгаа” хэмээн намрын чуулганы нээлтэд өгүүлэв. Улстөржсөн асуудлаа шийдэж чадахгүй бол нийтээрээ буюу улсаараа, иргэдээрээ хохирно гэдгээ мэдэж байна уу хэмээн парламентын засаглал бүхий улсын спикер анхааруулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

“Хэдийгээр 2017 онд эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гарахаар таамаглал байгаа ч улс орны эдийн засаг, санхүүгийн төлөв муу байна. Зөвхөн нүүрсний үнээс үүдсэн өрөөсгөл өсөлт нь нийт эдийн засагтаа төдийлөн дэм болохгүй байгаа нь багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлагаас тодорхой харагдаж байна. Ирэх жил төлөх ёстой, хүлээгдэж байгаа гадаад зээлийн төлбөрүүд гэх мэт санхүүгийн асуудлууд олон байна. ОУВС-тай хамтарч ажиллах нь энэ цаг үедээ нэмэртэй байж болох ч үүн дээр бид үндэсний онцлогт тохирсон шийдэл, үндэсний эрх ашгийг эн тэргүүнд бодолцсон заалтууд оруулж чадаж байгаа юу гэдгээ бодох хэрэгтэй. ОУВС-гийн тулгасан болзлуудаас жишээ нь, малыг барьцаа хөрөнгөд тооцохгүй гэдэг бол Монголын онцлогийг яавч тусгаагүй, тооцоогүй зүйл мөн. Нүүдэлчин монголчуудын хувьд хэдэн мянган жилийн турш таван хошуу мал нь л үндсэн хөрөнгө болж ирсэн. Гэтэл тэрийг нь барьцаа биш гэж үзвэл малчид юугаараа зээл авах болж байна. Хүүхдийн мөнгийг халамжтай зүйрлэж байна. Цөөн хүн амтай Монголын хувьд энэ нь огт өөр зорилготой, аль ч Засгийн газар, намын үед хүн амаа өсгөх тууштай бодлого болгон хэлбэрэлтгүй мөрдөх хэрэгтэй” гэх мэтээр ОУВС-гийн болзол дунд бодох зүйл цөөнгүй харагдсаныг УИХ хэлэлцэн шийдвэрлэхдээ Монголын эрх ашгийг тэргүүнд нь эрэмбэлээрэй.

ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ БИДНЭЭС ХАМААРАХГҮЙ

Иймэрхүү байдлаар чуулганы нээлтэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар нь зарчмын саналаа хэлсэн ч байр суурь нь ялгаатай байлаа. Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн “Багш, эмч нарын цалинг 2018 оноос нэмэх талаар ОУВС-тай зөвшилцөнө” хэмээн өмнө нь ярьж байгаагүй үг амнаасаа унагаж харагдсан. Тус сангийн хөтөлбөрийн хүрээнд зөвшилцсөний дагуу тэтгэвэр, тэтгэмжийг 2018 оноос шат дараатай нэмэхээр байгаа ч цалинг нэмэх талаар огт хөндөөгүй. УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсний дараа үргэлжлүүлэн 2017 оны төсвийн тодотголын талаар хэлэлцэхэд эрхэм гишүүдийн дийлэнх нь 900 орчим тэрбум төгрөгөөр давсан төсвийн орлогыг чухам юунд зарцуулах талаар ихэвчлэн асууж байв. Эдийн засгаа урагшлуулахад хуруугаа хөдөлгөж санаагаа уралдуулах ёстой УИХ-ын гишүүд ийнхүү оны төгсгөлд давж биелэх хэдэн төгрөгийг хэрхэн үрэх талаар л сэтгэлээ чилээв. Өөрөөр хэлбэл, эрийн сайндаа бус түүхий эдийн өсөлтөөс хамааран орж ирсэн хэдхэн төгрөгөө хэрхэн үрэх талаараа ам уралдуулан асууж суугаа дүр зураг хэвээр байна.

Түүхий эдийн үнийн хөөсрөл, түүнийг дагасан баярхал аархал нь эдийн засгийн хүндрэл, мөнгө гуйсан төрийн өндөрлөгүүдийн тэнүүлчлэлийнхээ дараа ч улстөрчид сургамж авалгүй “түүхийгээрээ” байгааг харж болохоор байна. Түүхий нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 2018 онд энэ хэвээр өсөлттэй байхаар төлөв гарсан. Хэрвээ бид энэхэн мөчлөгөө ашиглаж чадахгүй дотооддоо зарчмаа тохирохгүй байна гэсээр байх аваас хоосон л хоцрох болно. Хашгирахыг нь улстөрчид хашгирч, төлөхийг нь ард түмэн төлсөөр удаж байна. Түүхий нүүрсний үнэ өсч, буух нь биднээс огт хамаарахгүй байгаа билээ. Иргэн бидэнд юу хамгийн ихээр хамаатай вэ гэвэл эдийн засгийн өсөлтийн өндөр тоонууд бус хэтэвчинд орж ирэх цалин хөлс, орлого, ажлын байр нэмэгдүүлэх нь чухал юм.

EAGLE.mn


URL:

Сэтгэгдэл бичих