Ерөнхийлөгчийн тамгалсан үндсэн хуулийн ХЯМРАЛ
Бүгд хардах эрхтэй. Энэ эрхээ илүү эдэлдэг нь. хааяа хэтрүүлдэг нь сэтгүүлчид байх. Далд мэдээллийг ил болгох гэж, хууль бус үйлдлийг илчлэх гэж заримдаа хардаж бичих нь бий. Харин бүх шатны шүүгчийг томилдог, АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорыг УИХ-д санал болгож томилуулдаг Монгол Улсын Ерөнхийлөгч баримтаар биш, хардлагаар ажлаа явуулж болох уу. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэнийг, хэзээ ч хамаагүй хардаад сууж байдаг, тэр хардлагаараа Монгол төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах нь зөв үү. Тэгвэал Ерөнхийлөгч Х.Баттулгын зарим шийдвэр хуулийн гэхээс илүүтэй хувийн чанартай, баримтад түшсэн бус хардлагад үндэслэсэн байгаа нь анхаарал татлаа. Сүүлийн жишээ нь Сангийн сайдыг томилсон УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хориг юм.
Хориг тавих бүрэн эрх Ерөнхийлөгчид байгаа ч Засгийн газрын гишүүний томилгоонд бол хязгаарлагдмал гэдгийг хуульчид мэдэгдэж байна. Энэ тухай сүүлд өгүүлэх болохоор түр орхиод Ерөнхийлөгчийн хардлагын талаар эхлээд тодотгоё. Сангийн сайдын томилгоонд баримтаар биш, хардлагаар хандаж буйгаа Ерөнхийлөгч Х.Баттулга ч өөрөө хүлээн зөвшөөрчээ. Ерөнхийлөгчийн тамгаа дарж, гарын үсгээ зурж баталгаажуулсан албан бичигт нь ийм өгүүлбэр бий.
“Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна. Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон тогтоолд 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн’ хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байна”.
Хориг тавих эрхтэй гэдгээ Үндсэн хуулийн заалтыг эш татан тайлбарласан Ерөнхийлөгчийн энхүү бичигт хориг тавьсан үндэслэл гэгчид нь хуулийн тайлбар олдоогүй бололтой. Харин хэний ч үл мэдэх гучин гэр бүлийн тухай л өгүүлсэн байх юм. Тиймээс энэ хоригийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн баасан гаригт хэлэлцээд “хүлээж авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргаад байна. Энэ талаар тус Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хуралдааны үеэр ч онцолж хэлсэн. Тэрээр “Гучин гэр бүлийн нэрсийг нь хэлж өгөөч. Энэ дотор хэн хэн нэг, хоёр, гурав гээд багтаж байна. Ч.Хүрэлбаатар сайд энэ гучийн яг хэдэд байна вэ. Үүнийг нэгдүгээрт мэдмээр байна. Хориг өөрөө нэгдүгээрт үндэслэлтэй явдаг. Өөрөө дагуулаад эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа. Тэгээд энэ гаргасан үндэслэл, энэ бичгээс нь харж байхад их зовлонтой харагдаж байгаа. Гучин гэр бүлийн нэг гэдэг нь тогтоогдоод байх шиг байгаа юм. Дээрээс нь Агаарын бохирдлыг бууруулах ажлын энэ хүн хийхгүй шинжгэй юм шиг байгаа юм. Эрүүл мэндийн талаар ч энэ Сангийн сайд ажил хийхгүй юм шиг байна, Та бүхний харж байгаагаар. Тэгээд энэ үндэслэл гэдэг юмыг чинь авах ч хэцүү, байх ч хэцүү. Анх удаа ийм хориг орж ирж байгааг харж байна. Өнгөрсөн түүхийг харж байхад Ерөнхийлөгч УИХ-ын 57 шийдвэрт хориг тавьсан байна. Энэ 57 хоригийн материалыг бас авч үзвэл зохилтой юм билээ. Энэ дээр маш сайн бодож тооцож хориг, тодорхой үндэслэл бүхий хориг тавьдаг. Гэтэл сонины нийтлэл маягтай хориг тавигдаж, орж ирж байгаад гайхаж байна. Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн байх ёсҮой гэдгийг Тамгын газрын даргад нь албан ёсоор нэг удаа хэлье. Хоёрдугаарт хориг тавьж байгаа асуудал чинь үндэсний эв нэгдлийг хамгаална, Үндсэн хуульд нийцүүлнэ гэсэн тангарагт нь нийцэж явах ёстой. Гэтэл далд санаатай, давхар бодолтой хориг байж болохгүй гэж би УИХ-ын гишүүний хувьд бодож байна” гэж хэллээ.
Ерөнхийлөгчийн хориг нь хуулийн үндэслэлгүй, хүлээж авах нь өөрөө бүр утгагүй нөхцөл байдал үүссэнийг УИХ-ын мэргэжлийн Байнгын хорооны дарга мэдэгдсэн нь энэ. Тэгвэл энэ бол зөвхөн өнгөц хэсэг нь. Хуульчдын үзэж байгаагаар, тэдний дүгнэж хэлснээр Засгийн газрын гишүүнийг томилсон УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавих нь өөрөө Үндсэн хуулийн хямрал руу түлхэх аюултай ажээ.
Хуулийн гэхээс илүү хувь улстөрчийн үзэмжээр тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригтой зэрэгцэн хуульчид байр сууриа илэрхийлж эхэллээ. Хувийн гэдгийг зориуд тодотгосон нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын оролцоо энэ хориг дээр хамгийн их байгааг хэлэх хүн олон байгаа юм. Үндсэн сэдэвтээ буцаад ороход, олон нийтийн сүлжээнд өрнөж буй “хэлэлцүүлэг”, байр суурийг харахад Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, хуульч Мөнхсайхан, Бат гээд бүгд л Ерөнхийлөгч тийм хориг тавих эрхтэй эсэхээр байр сууриа илэрхийлжээ. Шалтгаан нь Үндсэн хууль бол ердийн хууль биш. Улс төр, эрх зүйн дээд баримт бичиг гэдэг утгаар нь Ерөнхийлөгчийн хоригийг тойрч ярих нь зүй ёсны асуудал биз ээ. Эцэг хуулийн үзэл баримтлал, мөн чанар, амин сүнс талаас нь аваад үзвэл энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний Тамгын газрын дарга З.Энхболд, эсвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас ч өргөн хүрээнд яригдах сэдэв юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн институциуд болох УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын хоорондын харилцаа, эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналт, уялдааны асуудал болохоос Х.Баттулга, З.Энхболд, Ч.Хүрэлбаатар нарын асуудал биш. Хэдийгээр Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан “УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт хориг тавих” гэх эрхээ эдэлж байгаа ч үнэндээ бол Монгол Улс парламентын засаглалтай Юу, Ерөнхийлөгчийн засаглалтай юу гэдэгт хариу болж мэдэх, бүр цаашилбал Үндсэн хуулийн хямрал руу түлхэж мэдэхээр нөхцөл байдал үүслээ. Эндээс Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар гэсэн хувь хүмүүсийг нь орхиод зөвхөн Үндсэн хууль тойрсон сэдэв гэдгээс нь асуудалд хандъя.
Монгол бол Ерөнхийлөгчийн бус парламентын засаглалтай улс. Засгийн газрыг томилдог, чөлөөлдөг бүрэн эрх нь УИХ-д хадгалагддаг учраас ийн нэрлэгдэж байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн засаглалтай улсад Ерөнхий сайд, сайд нарыг Ерөнхийлөгч нь нэр дэвшүүлж, өөрөө шууд томилдгоороо онцлогтой. Энэ өнцгөөс нь харвал УИХ-д хамгийн олон суудалтай нам Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулж, тэр хүнийг нь Ерөнхийлөгч УИХ-д өргөн барьж томилуулсан болохоор Монгол яалт ч үгүй парламентын засаглалтай юм. 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудалтай болж ялалт байгуулсан М.Энхболдоор удирдуулсан МАН эхлээд Ж.Эрдэнэбатыг, сая У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, УИХ-аар томилсон. Түүнээс хэн Ерөнхий сайд болохыг Ерөнхийлөгч шийдэхгүй. Парламентад олонхи болсон нам л нэр дэвшигнээ тодруулж, Ерөнхийлөгчтэй зүгээр зөвшилцдөг болохоос заавал “За” гэсэн зөвшөөрөл авдаггүй. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбат нь байна уу, У.Хүрэлсүх нь байна уу МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигч заавал Х.Баттулгад таалагдах албагүй. Шинэ үеийн түүхэнд Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа Да.Ганболдыг “Зөвшилцөх” гэдэг нь “Зөвшөөрөх” гэсэн агуулгатай гэж 7 удаа буцааж байсан ч хуулийн энэ гажуудлыг 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засчихсан. Өөрөөр хэлбэл, 2000 оноос хойш Ерөнхий сайдыг томилохдоо Ерөнхийлөгчтэй заавал тохиролцсон, зөвшөөрүүлсэн байхыг шаардахаа больсон. Сайд нарын томилгоо бол Үндсэн хуулиараа бүр өөр. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын гишүүдээ өөрөө УИХ-д өргөн барьж томилуулдаг. Үндсэн хуулийн зарчим нь ердөө л ийм. Гэвч өмнөх Ерөнхийлөгч нар органик хуулиудаар эрх мэдлээ нэмсээр, давхарласаар байгаад байгаад сайд нарын томилгоонд хүртэл “зөвшилцөх” гэсэн үгээ оруулчихсан юм билээ. Гэхдээ л зөвшилцөх гэдэг нь заавал зөвшөөрөх гэсэн үг биш гэдгийг дахин тодотгоё.
Зөвшилцөх, зөвшөөрөх тухай олныг нуршсан нь Х.Баттулга анх удаа Засгийн газрыг байгуулах буюу сайд нарыг томилсон УИХ-ын шийдвэрт хориг тавьсан Ерөнхийлөгч боллоо. Нэгэнт ийнхүү хориг тавьсан учраас УИХ хэлэлцэж таарах нь. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёр нь хүлээж авахгүй бол уг хууль, шийдвэр нь хүчинтэй хэвээрээ үлддэг. Харин гуравны нэг нь хоригийг хүлээж авбал УИХ-ын тухайн шийдвэр хүчингүй болж, Ерөнхийлөгчийн хориг хүчинтэй болдог юм.
Хориг хүлээж авах гишүүдийн босгыг нийт гишүүдийн бус хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны нэг гэж заасан учраас 76 гишүүн бүгд чуулганд оролцвол 26-гийнх нь, хамгийн доод ирц буюу 39 гишүүнтэй хуралдвал 14-ынх нь саналаар хүлээж авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч дээр нэмэх нь 14 гишүүн байхад л УИХ-аас гаргасан бүх шийдвэрт хориг тавих, хүлээж авснаар хүчингүй болгох Үндсэн хуулийн эрхтэй юу гэсэн асуудал гарч байгаа юм. УИХ-д үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа 65 суудалтай МАН ч олонхи гэгдэх үү гэх асуудал үүсч байгаа юм. Хэрэв үнэхээр Ерөнхийлөгч дээр нэмэх нь 14 гишүүн асуудал шийдээд байвал парламентад олонхи болсон нам нь Засгийн газраа байгуулдаг, нэр дэвшүүлдэг, хариуцлага хүлээдэг гэх Үндсэн хуулийн, парламентат ёсны бусад хэм хэмжээ юу болох вэ. Хэн нь олонхи, хэн нь цөөнх нь мэдэгдэхээ больж, Засгийн газраа, УИХ-аас томилогддог, зөвшилцдөг бусад төрийн бүх байгууллага, албан тушаалтныг ч томилж чөлөөлж чадахгүй байдалд хүрнэ. Иймээс л энэ бол Үндсэн хуулийн хямрал руу хөтлөх үүд юм.
Засгийн газрын гишүүний томилгоонд хориг тавьсан анхны тохиолдол боллоо гэсэн нь өмнөх Ерөнхийлөгч нар Үндсэн хуулийн суурь энэ зарчим руу халдахгүй байсантай л холбоотой болов уу. Яагаад гэвэл, УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа нам, түүгээрээ дамжаад парламентад байгаа онцгой энэ эрхэд халдах нь засаглалын хямрал руу түлхэх эрсдэлтэй. Энэ удаад сайд томилсон шийдвэр дээрх хоригийн тухай яригдаж байгаа бол сайд огцруулсан асуудал дээр ч ялгаагүй хориг тавьж болох буруу жишгийн эхлэл тавигдлаа. Жишээ нь, УИХ нэг сайдад хариуцлага тооцож олонхиороо огцрууллаа гэж бодоход тэр шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавибал юу болох вэ. Уг хоригийг нь хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны нэг нь буюу доод тал 14, дээд тал нь 26 гишүүн хүлээгээд авчихвал сайд буцаад ажлаа хийх үү. Эсвэл бүр ойрхоны жишээ татъя. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахыг УИХ-ын 42 гишүүн дэмжиж, 32 гишүүн дэмжээгүй. Иймээсч Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын олонхийн саналаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон. Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх Засгийн газрыг огцруулсан энэ шийдвэр дээр хориг тавьсан бол эсрэг кноп дарсан УИХ-ын 32 гишүүн хоригийг хүлээж авахад бэлэн байсан. Энэ тохиолдолд Ж.Эрдэнэбатын Засгийн газар буцаад “байгуулагдах” уу. Амь орж ажлаа үргэлжлүүлээд хийх үү. УИХ-ын олонхийн санал юу болох вэ? Иймээс л энэ мэт цаанаа улс төр, эрх зүйн маш олон үр дагавартай, логик зөрчилтэй хоригийг Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаад тавилаа. Монголын төрийг бүхэлд нь хямрааж мэдэх Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн энэ хориг цаашаа хэрхэн үргэлжлэхийг харах л үлдлээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч УИХ-ын онцгой бүрэн эрхийн асуудал болсон Засгийн газрыг бүрдүүлэх, хариуцлага тооцох энэ харилцаанд Ерөнхийлөгчийг хориг хэлбэрээр оролцохыг Үндсэн хууль өөрөө зөвшөөрсөн юм уу? Ерөнхийлөгчийн тамгатай хардлага Үндсэн хуулийн хямрал руу хөтлөх вий гэсэн хардлага байгаагаа ч эцэст нь тодотгоё. Ерөнхийлөгч нь хардаж болж байхад сэтгүүлч нь хардаж бичиж болно биздээ.
Ж.БАЯРСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: