Хулгайн анчдын гол зэвсэг нь хавх болжээ
Хавх гэдэг бол амьтны хөлийг хавчин, явж чадахгүй болгох, тусгай төмөр хүрээ буюу уланд бэхэлсэн хоёр хавирга, тэдгээрийг босгож хавчих шахуурга бүхий уян хатан хос гараас бүрдэх ан агнах хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл, амьтныг үхэн үхтэл, тамир нь барагдтал тарчлаан зовоож, мах, ясыг нь хугалж, тасалж, шигдсээр хөдөлж ч чадалгүй шаналсаар үхүүлдэг багаж, зэвсэг. Хавханд орсон амьтдаас маш цөөн нь мултарч чаддаг ч дийлэнх нь хөлөө тэр чигт нь тасдаж үлдээгээд, эсвэл хөл нь тасарч одсон байдаг гэдэг. Монголчууд хэдийгээр амьтныг тамлан зовоох, үүр, ноохой, нүхэнд нь ус цутгах, утах, хавх зүүх, хор тавих зэрэг аргаар ан агнахыг эртнээс цээрлэж ирсэн ч энэ мэт тарлаан зовоодог аргууд ялангуяа хавх тавих явдал орон нутагт өргөн хэрэглэгдсээр байгаа. Сүүлийн жилүүдэд хавхыг хориглох, хавхаар ан хийлгэхгүйн тулд холбогдох газруудаас шат дараат арга хэмжээ авч, багагүй үр дүнд хүрч байгаа. Үүний нэг жишээ нь, ерөнхий боловсролын сурагчдын санаачилгаар эхэлсэн “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг энэ намар гурав дахь жилдээ Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт өрнүүлсэн явдал юм. Аяны нийт хугацаанд 1434 хавхыг байгальд тавихаас сэргийлж чадсан гэдгийг албаныхан онцолж буй. Ийн онцлох болсон шалтгаан нь нэг хавх хамгийн багадаа 10 амьтны амь тасалдаг гэж үздэг. Харин дээрх аяныг өрнүүлснээр багадаа 14340 амьтанд амьдрах “эрх” олгосон гэсэн үг юм. Гэхдээ энэ хангалттай тоо бас биш юм. Аяны хүрээнд цуглуулсан хавхны цөөнгүй хэсэг нь аяныг зохион байгуулагчдын зүгээс санал болгосон бидон, хувин тэргүүтэй зүйлсийн оронд иргэд сайн дураараа авчирч сольсон хавхнууд. Үүний цаана хадгалж, нөөцөлж үлдээсэн хэчнээн хавх байгааг таах боломжгүй. Мөн хилээр ямар ч хориг саадгүй нэвтрүүлэн оруулж ирж буй хавхыг иргэд хямд үнээр хэчнээнийг худалдан авч буй нь ч тодорхой бус юм.
Уг нь Монгол Улс Амьтны тухай хуулиараа “Хавхаар ан хийхийг хориглосон” заалттай. Гэвч уг заалт хэрэгждэггүйн дээр хавх нь хулгайн агнуурын гол багаж, хэрэгсэл болсоор байгаа юм. Буугаар буудаж ан хийхийн оронд хавх тавих нь бусдад баригдахгүй байх нэг арга болсныг хууль хяналтынхан онцолдог. Тиймдээ ч хулгайн анчид гол зэвсгээрээ хавхыг сонгодог болжээ. Ялангуяа ан амьтан ихтэй баруун аймгуудад хавх зэрлэг амьтдын жинхэнэ дайсан болж хувираад байна.
Хэрвээ дээрх хуулийн заалт хэрэгжсэн бол, холбогдох албаныхан хэрэгжилтийг хангахын төлөө ажилласан бол өнгөрсөн хугацаанд хэдэн мянган амьтан хууль бус ангийн золиос болохгүй байсан биз ээ. Хавханд бүх төрлийн амьтан орох магадлалтай ч амьтны арьс, эд эрхтэнд шунагч түүхий эдийн хууль бус худалдаачид ихэвчлэн чоно, үнэг, хярс, мануул, цоохор ирвэс, туулай, тарвага зэрэг амьтныг ашгийн зориулалтаар агнасаар байна.
Хэдийгээр дэлхий дахинд амьтны эд эрхтэн, үс, арьс хамгийн их ашигтай бизнесийн тоонд ордог ч сүүлийн жилүүдэд зовж, тарчилж үхсэн, алуулсан амьтны эд эрхтэн, арьс, үсийг үйлдвэрлэл, бизнестээ ашиглахгүй гэх санаачилга, стандарт, баримтлалыг зарим орны үйлдвэрлэгч, томоохон брендүүд өндөр шаардлагаа болгох болсон. Жилд дунджаар 50 тэрбум туулай, 50 сая булга, дөрвөн сая үнэг зөөлөн, дулаан үстэйнхээ төлөө тамлуулж үхдэг гэх баримт бий. Тэднийг зориудаар фермийн нөхцөлд үржүүлж, эцэст нь хүзүүг нь мушгих, хийгээр хордуулах, тогонд цохиулах гээд аль болох хямд зардлаар арьсыг нь сэвтээж, муутгахгүй байх аргаар амийг нь тасалдаг гэдэг. Нэг булган шуба хийхийн тулд 16-17 булгыг амьдаар нь өвчдөг гэх мэдээлэл бий. Үйлдвэрлэгчид нь “3-4 сартай нялх булганы арьс хамгийн сорлог үстэй байдаг. Булганы амь нь тасрахад арьсны сорлог үс “үхэждэг” учир заавал амьдаар нь өвчих шаардлагатай” тухай хэвлэлд ярьсан байдаг. Амьдаараа өвчүүлсэн нялх булга 10-15 минут зовж, тарчилсаар үхэж буй видео бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсанаар өндөр хөгжилтэй орнуудад амьтны арьсаар хийсэн хувцаснаас татгалзах, өмссөн хүнд таатай ханддаггүй байдал хүчээ авсаар байгаа юм. Үүний цаана амьтныг тамлан хөнөөх, ялангуяа хавх гэх мэт яс, махыг нь тасдаж, зовоож, тарчилгаж аминд нь хүрдэг ангийн хэрэгслийг дэлхий нийтээрээ халах, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, жигших хандлага, санаачилга өрнөж, жил ирэх тусам хүрээгээ тэлсээр байгаа юм. Хавхаар амьтан агнах нь ч мөн дээрхийн адил яргалал, тамлалд багтдаг учир гаднын олон оронд хавхаар ан хийхийг хориглоод байгаа. Маш цөөн тооны оронд хавхыг зүй зохистой ашиглах, шаардлагатай онцгой тохиолдолд тусгай зөвшөөрлийн дагуу хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг аж.
Манайх шиг хөдөө орон нутагт амьдарч буй малчин хийгээд фермер айл бүхэн нь шахуу хавх хадгалах үзэгдэл дэлхийн аль ч оронд байхгүй. Тэр бүү хэл хүүхэд, багачуудаа тарвага, үнэг тэргүүтэнд хавх тавиулдаг ард түмэн ч байдаггүй аж. Гаднын орнуудад тухайн фермер, аж ахуйд үнэхээр хор хөнөөл учирч мэдэхээр тохиолдолд, тусгай зориулалтын ан (гэхдээ энэ аргыг бараг хэрэглэдэггүй)-гийн үед гэх мэт маш цөөн тохиолдолд өндөр өртөг төлж ашиглахыг зөвшөөрдөг аж. Гэхдээ судалгаагаар энэ аргыг хэрэглэх зөвшөөрөл хүссэн, хэрэглэсэн иргэн, аж ахуйн нэгж, анчин бараг бүртгэгддэггүй байна. Энэ нь тухайн орны ард иргэдийн амьтныг нигүүлсэх, зовоож, тарчлаахгүй байх үзэлтэй холбоотой. Харин Хятад, Орос тэргүүтэй зарим оронд хавхыг ангийн зориулалтаар ашигласаар байгаа юм. Түүнчлэн амьтны хууль бус агнуур, наймаа их гардаг орнуудад хавх борлуулалт сайтай ангийн хэрэгсэлд багтдаг байна. Энэ ч үүднээс хавхыг нууц хэлбэрээр үйлдвэрлэх, улс орнуудад худалдан борлуулах байдал ч элбэг байдаг аж. Гэхдээ энэ үйлдвэрлэл хийгээд хууль бус агнуур жил ирэх тусам шахагдаж, үслэг болоод арьсан эдлэл, хувцас, чимэглэлийн үйлдвэрүүд шил дараалан зовж үхсэн амьтны эд эрхтнийг үйлдвэрлэлдээ ашиглахгүй хэмээж буй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд нэр бүхий алдартай брендүүд үслэг эдлэлээс татгалзаж буйгаа илэрхийлсэн. Тухайлбал, Италийн тансаг зэрэглэлийн брэнд “Gucci” амьтны үснээс татгалзах болсноо албан ёсоор зарласан. Харин өнгөрсөн жил “Giorgio Armani”, түүнээс өмнө “Hugo Boss”, “Ralph Lauren”, “Vivienne Westwood” гээд загварын томоохон брендүүд цаашид үслэг эдлэл бүхий хувцас, загвар үйлдвэрлэхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Энэ бол дэлхийн зах зээл байгаль, амьтнаа хайрлах, нигүүлсэх, амьтныг тарчлаахгүй байх, хууль бус ангийн эсрэг нэгдэж буй нэг хэлбэр. Мөн амьтныг хамгийн ихээр өвтгөж, шаналгаж, зовоож аминд нь хүрдэг ангийн хэрэгслүүд, ялангуяа хавхыг халах, хэрэглэхгүй байх санаачилга идэвхтэй өрнөж, үр дүнд хүрсээр байна.
URL: