Архины хууль бус сурталчилгаа буюу архинд ард түмнээ уриалсан алдартнууд

Шинэ жил, цагаан сар, мартын найман гээд ар араасаа баярууд цуврах хугацаа ирлээ. Энэ хугацааг хамгийн сайн ашигладаг нь архины үйлдвэрүүд.

Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ард түмнийхээ ач буянаар олны өмнө нүүр улайхааргүй болсон хэдэн алдартнууд маань малийтал инээсээр архины ил, далд сурталчилгаанд тоглож эхлэнэ.

Тэртэй тэргүй архины хор уршигийн талаарх тоо баримт хангалттай тул энд Монголчуудын тал хувь нь архинд орсон, одоо араас нь хүүхдүүд орж байна гэх мэт улиг болсон хэдэн үг бичээд дэмий биз.

Харин олны хүчээр алдрын оргилд хүрсэн эрхэмүүдэд хандаж, “шүтэн бишрэгчид, Та бүхнийг хайрлаж хүндэлж явдаг ард түмнийхээ тусыг хар усаар бүү хариулаач” гэж гуймаар санагдана. Урлагийнхны хийсэн ажлаа тайлагнаж, тэр бүү хэл өвдөх үед нь ч талхныхаа мөнгөнөөс илүүчилж та нарыг дэмждэг ард түмэн чинь архинд хангалттай живээд байна. Тиймээс шүтэн бишрэгчиддээ хандаж архи уухыг уриалахын оронд сүү өргөх Монфреш компанийн сурталчилгаанд тогловол хэчнээн сайхан.

Манай улсад согтууруулах ундаанаас шар айраг, дарс зэргийг үдшийн 22.00 цагаас хойш телевизээр сурталчлахыг хуулиар зөвшөөрдөг. Харин 18-аас дээш градустай согтууруулах ундааг сурталчлахыг хориглодог. Хэрвээ хууль зөрчин архи сурталчилвал 10 хүртэл сая төгрөгийн торгуулийг тухайн хэвлэл мэдээллийн байгууллага, захиалагч нарт оногдуулах ёстой.

Энэ хууль баярын саруудад хэр хэрэгжихийг, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уриалгыг хэн хүлээн зөвшөөрч, хэн эсэргүүцэж буйг, цаашлаад Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар чухам хэний талд үйлчилдэгийг эрхэм уншигчид та бүхэн шүүн тунгаана биз ээ.

О.Ариунбилэг


URL:

Сэтгэгдэл бичих