Ууланд аялахад анхаарах зүйлс…

12272
Би уулчин хүн.Ууланд гарах дуртай.Санаа нийлсэн нөхөдтэйгээ аялалаар явж уулс үүлстэйгээ нийлсэн сүрдэм тэнгэрийн мандлаас тэртээх газар,байгаль дэлхийг харж зогсож сайхан мэдрэмж.Ийм нэг шүлэг байдаг.
“Миний дээр зөвхөн сансарын салхинаас өөр юу ч байхгүй
Миний доор тэртээх уулс толгод,далай тэнгис,хүн зон байна
Тэгэхээр би өөрөө энэ ертөнцийн оргил юм”.Химлайн уулсын тухай өгүүлсэн аж.Оргилд гарсан хүмүүсийн бахархал энэ товчхон шүлгээр хэмжигдэх байх.Хэдийгээр би ууланд аялах дуртай ч цас мөстэй оргил руу авирах гэж явж үзсэнгүй.Санал ирсэн ч татгалздаг.Дургүйдээ биш айдгаасаа,дурласан болгон нь хийдэг ажил биш гэж үздэгээс мөсөн оргил өөд авирах гэж явж байсангүй.
Уулчин хүнийг хувьдаа хоёр ангилдаг.Нэгдүгээрт байгалийн сайханд дурлаж,зав боломжтой үедээ үзэсгэлэнт хангай,уулын оргилд гарч сэтгэлээ сэргээгсэд,Хоёрдугаарт 3000 метрээс дээших өндөрт орших томоохон нуруудын цас мөстэй оргил өөд авирагч мэргэжлийн уулчид.Мөхөс би бээр нэгдүгээр категорт хамаарна. Миний тогтоосон амжилт,бахархалт зүйлс бол Цэцээ гүн рүү алхсан,Асралт хайрхан дээр гарсан аялал юм.Боллоо,энэнээс илүү шунал хэрэггүй.Өөрийнхөө хир хэмжээнд л үлдэе,болжмор хичнээн бүргэд шиг болохыг хүссэн ч бүргэд шиг өндөрт халин нисэж чадахгүй.Байгалийн хууль.
Цас мөстэй оргил халил руу авирана гэдэг бол олон жил бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүсийн хийх ажил.Мэргэжлийн уулчин болоход наад зах нь 10 жил бэлтгэгдсэн байх ёстой гэдэг юм билээ.Уулын спорт хөгжсөн улс орнууд өөрийн тогтоосон стандарттай түүнийгээ хатуу чанд мөрддөг гэсэн.Манайд чухам тийм юм байдаг юмуу,байгаад мөрддөг ч юмуу үгүй ч юмуу бүү мэд.Лав л энэ талаар дэлхийн амжилтыг үзүүлсэн анхны Монгол хүн болох Өсөхбаяр гавьяатыг Хималайн оргилд хөл тавьсан 2007 оноос уулын спортын клубууд олноороо байгуулагдаж,Гангаамааг 2011 онд Эвэрэстэд гарснаас хойш эмэгтэйчүүд ч олноороо ууланд авирахыг эрмэлзэх болжээ.
Уулчин хүнд нэг талаас маш их бэлтгэл сургуулилт,дадлага туршлага,тэсвэр хатуужил,овсгоо самбаа,мэдрэмж,эр зориг нөгөө талаас асар их зардал чирэгдэл,хувийн бэлтгэл,цаг хугацаа,мэдээлэл,хариуцлага,болзошгүй эрсдэл,зөвшөөрөл шаардагддаг тул өнөөдөр хэдүүлээ ярьж тохироод явчихдаг чөлөөт цагаа өнгөрөөх,нэр алдар олох тоглоом биш юм.Уулын спортын тоноглол,багаж хэрэглэгдэхүүн л гэхэд энгийн бидэнд ганц хоёр цаг тайлбарлаад ойлгоод хэрэглэчих эд ч биш.Зөвхөн гутал нь л гэхэд цасных,мөснийх,цөмрөлттэй газрых,оргилынх гээд цаашилбал гурван мянган метрийх,таван мянган метрийх,найман мянган метрийх уулын өндрөөсөө,агаарын даралт цас мөсний биетэд хэрхэн нөлөөлдгөөсө хамаараад явж өгнө.Энэчлэн олс,дэгээнүүд ч зориулалтаасаа хамаараад олон янз.Таяг,мууран хумс,мөсний алх сэлтийг хэдийд яаж хэрэглэх вэ гээд бөөн шинжлэх ухаан.Энэ бүхнийг гартаа ортол хэвшүүлье,хэрэглэж чаддаг болъё гэвэл олон жилийн сургалт дадлага хэрэгтэй.Зүгээр нэг клубт харъяалагдаад оргилд гарчихна гэвэл амиа хорлосонтой ижил.Адаглаад физикийн,гидравликийн,даралтын,дулааны хуулиудыг мэддэг байх шаардлагатай.Үгүйдээ ядаж далайн түвшний тухай мэдэж байхад ч илүүдэхгүй.Ус тэг градуст хөлддөг +100C-т буцладаг.Тэгвэл далайн түвшин гэдэг нь ус буцлах ерөнхий температур юм.Ууланд,жишээ нь 8000 метрийн өндөрт ус буцлах боловч мах болдоггүй,яагаад гэвэл тэнд агаар нягтрал муутай учир ус +63 градуст буцладаг.Ердийн бидэнд амьдрал дээр тэр болгон хэрэг болдоггүй боловч ууланд өндрийн метр бүхнийг далайн түвшнээр хэмжинэ,метр бүхэнд нөхцөл байдал өөрчлөгдөж байдаг.Мөн уул бүхэн,оргил бүхэн онцлог нь өөр байдаг учир аль улиралд хэдийд ямар оргилд авирвал тохиромжтойг гагцхүү олон жилийн туршлагатай хашир уулчид л мэддэг юм.
Яг өдийд хүйтэрч сэрүүсээд цас биежин хатуурдаг боловч доогуураа уян зөлөн чанараа хадгалж байдгаас тах цөмөрсөн тохиолдолд багахан доргилтоор ойр орчмын гадаргуу нь гулсаж,хүндийн хүчний үйлчлэлээр доош урсахдаа том талбай массыг хамарч их хэмжээний нуранги үүсгэх магадлалтай байдаг.Ямартай ч Отгонтэнгэр хайрханд 17 уулчин амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.Заримых нь цогцос олдоогүй л байна.Аюул хэлж ирэх биш.Зарим хүмүүс хэлж байна дэлхийд жилд дунджаар 150 уулчин амь эрсэддэг ш дээ гэнэ.Тоон үзүүлэлтээр нь хөөж бодвол Монголоос 17 хүн амиа алдлаа,үлдсэн 133-ийг нь долоон тэрбум хүнд хуваавал..харамсах сэтгэл төрнө.Монгол хэдэн хүнтэй билээ.
Манай уулын спорт арай л замбараагүй санагддаг байсан.Хэтэрхий задгайрсан ч байж магадгүй.Оргилд гарах нь мэргэжлийн түвшнээсээ хальсан.Алдар хүнд,адал явдалд дуртай хэн ч бай аль нэг клубт харъяалагдсан болоод олигтой бэлтгэл ч үгүй гарцгаадаг.Бүүр мөнгөтэй хүмүүсийг авч явдаг тогтсон ханштай ч болсон.Хөөрүү залуус байтугай бийлэгжүү тэтгэврийн өвгөд ч явдаг болсон.Хурдан морины уралдааныг ямар заваан жонхуу болгосон уулын спортын хөгжил энэ замаар л замнаж байгаа.Нэг баньд ууланд очоод гутал хэрэглэлээ өмсөж мэдэхгүй бусдаас тусламж авч байна лээ гэж шоолж инээлдэж байсан.Уулчин дагаж гарсан залуу дараа нь найзуудыгаа дагуулж очоод бүтэл муутай авиралт хийсэн сураг дуулдсан.Хаагуур яаж нуранги үүсэхгүй явахыгаа ч мэдэхгүй улс.Халамцуу бүлэмцүү нөхдүүд ч гарч байж магадгүй.Өчнөөнөөрөө дахиж үрэгдэхгүй гэсэн баталгаа алга. Одоо цэгцэнд нь оруулж дүрэм журмаа мөрдөхгүй бол цаашид ч ууланд хүмүүс амь насаа алдсаар л байх болно.Төр үүнд оролцох ёстой.Төр арга хэмжээ авахгүй бол олон түмэн дуу хоолойгоо хүргэ.Гэхдээ хааж боож болохгүй,боломжийг нь нээлттэй байлга.Энэ олон уулын клубүүдэд шалгуур тавь.Хаа хамаагүй хэн дуртай нь ууланд авирдгийг болиул.Мэргэжлийн бус уулчин,сонирхогчдод зориулсан бааз байгуул.Тэндээ уулчдад,авирагчдад зориулсан сургалт зохион байгуулж,сэтгэл зүйн звлөгөө өгч,эрүүл мэндийн үзлэгт оруулж,тохирох хувцас хэрэглэлийг нь сонгож өгч,мэргэжлийн уулчидтай хамт хүн хүнийх нь тохирсон өндөрт гаргаж үйлчилж болно.
Монгол хүн өндөр ууланд гарч алсын бараа харах дуртай.Мах цусанд нь шингэсэн дуршил бий,гэхдээ ингэж олноороо үхэж эрсдэлд ороод байж болохгүй.Сайн бүхэн дэлгэрэх болтугай..!

Х. Батжаргал

URL:

Сэтгэгдэл бичих