Ц.Нямдорж, С.Зоригийн амь насыг захиалсан этгээдийг илчилж чадах уу?
-Талийгаачийн үхлийн мэдээлэл Монгол Улсын нууцын санд багтах учиртай юм бол алуурчдыг ч чандлан нууцлах ёстой. Гэтэл тэгсэнгүй. Харин захиалагч нь нууц байх ёстой гэнэ. Тэгвэл энэ захиалагч хэн бэ. Олон нийт түүний нэрийг ч мэдэж болохгүй, ямар таавар, нууц агуулсан хүн юм бол. Хууль хяналтын байгууллага захиалагчийг илрүүлсэн гэснээс өөр ямар ч мэдээлэл гаргаагүйг бодоход олны тааварлаа ч үгүй хүн энэ хэргийн цаана байх нь-
Сүүлийн үед Монголын хууль хяналтын орчинд зайлшгүй эргэн харж, нэн яаралтай шийдвэрлэвэл зохих асуудал олширсныг харуулсан үйл явдал олонтоо өрнөлөө. Энэ үед Засгийн газар ч шинээр эмхлэгдэн байгуулагдсан. Харин хууль зүйн салбарыг Ц.Нямдорж хэмээх эрхэм дахин удирдахаар болж байна. Монголын улстөрийн тогоонд хамгийн удаан чанагдсан хашир түшээдийн нэгэн гэгддэг түүнийг Хуульзүйн сайд болсныг олон нийт тун ч анхааралтай ажиглаж байгаа.
Гэхдээ түүнийг ингэж цочир үүрэг өгнө гэж хэн ч санаагүй. Тодруулбал, Ц.Нямдорж ажлаа авсан даруйдаа ЦЕГ-ын удирдлагуудыг хүлээн анч хэд хэдэн үүрэг өгсний дотор С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай асуудал хамгийн ихээр анхаарал татсан юм. Тэрбээр энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж, захиалагч этгээдийг нийтэд зарлах үүрэг өгөв.
Ц.Нямдорж энэ тухайд “Тагнуулын байгууллага шалгасан, цагдаагаас хол байсан гэдэг асуудал ярихгүй. Цаашдаа цагдаагийн мэргэжлийн албад энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Нарийндаа бол энэ тагнуулын биш цагдаагийн харьяаны л хэрэг шүү дээ. Хүн амины хэргийг цагдаа шалгадаг биз дээ. Захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгууллаа гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан. Одоо тэр захиалагч нь байдаг юм бол зарлах арга хэмжээ ав.
Прокурор, тагнуултайгаа ярь. Тэгээд зарла. Юуг нь хүлээгээд байгаа юм. Яагаад Монгол Улсын иргэн Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчхоод гэрч ч биш, хохирогч ч биш болгочхож байгаа юм. Яагаад шүүх хуралд оролцуулдаггүй юм. Тэгсэн мөртөө Булганы хэлсэн ам зургаар хүн шийтгээд байдаг. Захиалсан юм бол төлбөртэй байж таараа. Хэн, хэнд хэдэн төгрөг өгч хүний амь нас бүрэлгэх ажлыг зохион байгуулсан юм.
Баримтгүй шийтгэчихсэн юм бол хилсээр шийтгэсэн хүмүүсийн цайруулах арга хэмжээг нэн яаралтай авах хэрэгтэй. Одоо энэ хүн амины хэргийг улсаас нуух шалтгаан байхгүй. Мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд энэ хэргийг нууцаас гаргах санал танилцуул. Түүнийг нь би Засгийн газарт оруулна.Эхэлж захиалагчийг нь олж тогтоогоод тэдний үүрэг даалгаврын дагуу хүний амь хөнөөсөн хүнийг нь олж тогтоодог хуультай биз дээ. Энгийн логик биз дээ” гэсэн юм.
Ц.НЯМДОРЖ ЭНЭ ХЭРГИЙГ АНХ УДАА СӨХӨӨГҮЙ
Гэхдээ Ц.Нямдоржийн хувьд энэ хэргийг анх удаа сөхөж байгаа юм биш. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд С.Зориг агсны амийг хохироосон гэх хэрэгтэй холбогдуулан Төрийн оодонд сэтгүүлчдэд мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлж байв.
Энэ үеэр тэрбээр “С.Зориг агсны амь насыг хохироосон гэгдээд байгаа гурван хүн 24-25 жилийн ялаар шийтгүүлсэн. Гэхдээ шат шатны шүүх хурлууд хаалттай явагдлаа. Баримтуудаас тун багыг л нийтэд дэлгэсэн. Гэтэл энэ маш ээдрээтэй, урт хугацааны турш нийтийн дунд хүлээлт үүсгэсэн. Хэдийгээр энэ нь миний ажил биш ч энд хүний эрх, шударга хууль цаазын тухай ярьж байгаа учраас би оролцох болно” гэж байсан юм.
Хамгийн гол нь, С.Зоригийг хөнөөсөн гэх гэмт хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн Ц.Нямдоржид хандаж байсан юм. Тиймээс шүүх хурал болохоос өмнө зарим баримтыг дэлгэж байгаагаа ч хэлж байлаа.
Тухайн үед Ц.Нямдоржийн ярьсныг сийрүүлбэл, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар нь өмнө нь таван хүний амь нас хөнөөсөн хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн байдаг. Гэвч энэ бүгдийг хуулийн байгууллага шалгаж, худлаа гэдгийг нь тогтоосон. Тиймээс Ц.Амгаланбаатар С.Зориг агсны хэргийг ч гэсэн худлаа үүрсэн байж болзошгүй гэсэн хардлага байгаа гэдгээ хэлсэн юм. Прокурорын байгууллагын дэлгэсэн зарим материалд Ц.Амгаланбаатар хэргийг үйлдсэн талаараа голлон ярьсан байсан.
Ц.Амгаланбаатар нь 2007 онд үерхэж байсан багын найзынхаа амийг хөнөөсөн хэргээр ял авч, шоронд ялаа эдэлж байсан. Тэр хугацаандаа дөрвөн ч хүний амийг хөнөөсөн гэж мэдүүлсэн. Тухайлбал, “Надад эргэлт оруул, хүүхэн авчир тэгвэл би Ганбат гэж хүний амийг хохироосон хэргээ хүлээнэ” гэж хэлж байжээ.
Тухайн үед Ц.Амгаланбаатарын хэлснээр хэргийг шалгахад тэрбээр энэ хэргийг үйлдээгүй нь тогтоогджээ. Энэ мэтчилэн дөрвөн хүний амийг хөнөөсөн гэж мэдүүлсэн байдаг боловч тэр бүр нь тухайн үедээ шалгагдаж, худал гэдэг нь тогтоогдож байсан юм. Тиймээс энэ удаад ч С.Зоригийн хэргийг хийсэн, Т.Чимгээ, Т.Содномдаржаа нартай хамт үйлдсэн гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа гэдгийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж онцолж байлаа.
ЭНЭ ХЭРГИЙН ЦААНА ОЛНЫ ТААВАРЛАА Ч ҮГҮЙ ХҮН БАЙХ НЬ
Харин одоо тэрбээр хуулийн салбарыг удирдах чухал албанд томилогдлоо. Тэгэхээр хэрэг шийдэгдсэн гэж байгаа нийтийн дунд өнөөг хүртэл асуулт болсоор байгаа С.Зориг агсны үхлийн тухай мэдээлэл, захиалагч тун удахгүй ил болох магадлалтай боллоо гэсэн үг.
Гэвч энд асуудал бий. Мөрдөн шалгаж, шүүн таслах байгууллагуудаас алуурчдыг илрүүлэн зохих шийтгэлийг оноосон гэж байгаа. Туйлын үнэн, эсэх нь тодорхойгүй ч энэ хэргийг иймэрхүү байдлаар шийдвэрлэснийг шүүх хурлууд гэрчилж байгаа.
Гэтэл алуурчид С.Зоригийг санаатай, зохион байгуулалттайгаар, урьдаас төлөвлөн хөнөөсөн ч энэ нь тэдний анхлан сэдсэн хэрэг биш, Үүнийг ч шүүхээс мэдэгдсэн. Ингэхдээ энэ хэргийн цаана захиалагч байгаа гэсэн билээ. Тэгээд ч энэ аллагад ахуйн сэдэл байгаагүйг мөрдөн байцаалтын явцад нийтэд дуулгасан.
Мөн С.Зоригийг улстөрийн зорилгоор, алуурчдад захиалга өгч хөнөөлгөсөн нь илэрхий. Тэгвэл гэмт этгээдүүд илэрч, зохих шийтгэлээ амссан байхад захиалагчийн тухай мэдээлэл яагаад өнөөг хүртэл гарч ирсэнгүй вэ? Алуурчин хэргийг гардан үйлдсэн ч захиалагч нь үүний сэдлийг гаргаж, зохион байгуулж, төлөвлөсөн. Тэгэхээр захиалагч ч ял үүрэх ёстой баймаар. Харин өнөөдөр энэ асуудал таг чиг болж, нийгмийн эргэлзээ ч арилсангүй.
Учир нь Ц.Нямдоржийн хэлсэнчлэн 16 жилийн дараа гэнэтхэн л алуурчдыг илрүүлж, шүүн тасалж, бүхнийг тун богинохон хугацаанд шийдээд дуусгачихсан. Шүүх хурал ч хаалттай болж, баримт сэлтийг тэр чигээр нь нууцын зэрэглэлд оруулсан билээ. Бас нэг асуудал нь С.Зориг агсны үхлийн мэдээлэл Монгол Улсын нууцын санд багтах учиртай юм бол алуурчдыг ч чандлан нууцлах ёстой. Гэтэл тэгсэнгүй. Харин захиалагч нь нууц байх ёстой гэнэ.
Тэгвэл энэ захиалагч хэн бэ. Олон нийт түүний нэрийг ч мэдэж болохгүй, ямар таавар, нууц агуулсан хүн юм бол. Хууль хяналтын байгууллага захиалагчийг илрүүлсэн гэснээс өөр ямар ч мэдээлэл гаргаагүйг бодоход олны тааварлаа ч үгүй хүн энэ хэргийн цаана байх нь. Энэ ээдрээг Ц.Нямдорж тайлж чадах болов уу.
Р. Саруул
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: