Хятадаас хараат Гашуунсухайт
Хятадын талаас хилийн боомтоо чангатгаснаар Өмнөговь аймгийн “Гашуунсухайт” боомтоор гаргаж буй нүүрс тээвэрлэлтийн автомашины цуваа 90 орчим км үргэлжилсэн хэвээрээ байна. Хилээр гаргах нүүрсний хэмжээ багассантай холбогдуулан Засгийн газраас нүүрсний гурван бүлэг орд болох “Энержи рессурс”, “Эрдэнэс таван толгой”, Орон нутгийн өмчит Таван толгой”-д квот тогтоосон байна. Энэ нь 24 сая тонн нүүрс нийлүүлнэ гэсэн манай энэ оны төлөвлөгөө тасрахад хүрээд байгааг эх сурвалжууд хэлж байна.
Энэ зунаас хойш тус боомтод нүүрс тээвэрлэлтийн автомашины урт цуваа үүсэж асуудал дагуулсаар байна. Энэхүү үүссэн асуудал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгааг сэтгүүлчдийн баг газар дээрээс нь энэ сарын 19-21-ны өдрүүдэд сурвалжиллаа. Өмнийн говийн шаргал наран мандахтай зэрэгцээд шороон манан татуулсан тоосон дунд Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтыг зорилоо.
ГАШУУНСУХАЙТЫН БООМТООР НҮҮРСЭЭ ГАРГАХ ГЭЖ ЖОЛООЧ НАР 14 ХОНОЖ БАЙНА
-“Энержирессурс”-ээс хөдөлсөн бид тоос, шороо босож үзэгдэх орчин муу их талын дундуур хатуу хучилттай зам, шороон замаас нэг гарч, нэг орж явсаар тэртээд харагдах нүүрс тээвэрлэлтийн авто-машины тэнгэр баганадан, тоос татуулсан урт цуваанд дөхөж очив. Машины толгой хэсэг нь цагаан, хар, цэнхэр, шар өнгөтэй. Урт тэвштэй эдгээр машинуудыг толгойн өнгөөр нь аль уурхайн машин гэдгийг түвэггүй танина. Боомт руу дөхөх тусам машинууд гэрлээ асаасан харагдана.
Удалгүй эсрэг урсгалд нүүрсээ буулгасан ганц нэг машины тоо нэмэгдэж зөрөн өнгөрсөөр хөл хөдөлгөөн ихсэж Гашуунсухайтын боомт дээр ирлээ. Биднийг Хил хамгаалах байгууллагын аюулгүй байдал шалган нэвтрүүлэх хяналт хариуцсан дарга Б.Мэндбаяр тосож авав. Тэрээр бидэнд боомтод үүсээд байгаа цаг үеийн байдлын талаар мэдээлэл өгөв.
Тус боомт 1992 онд байгуулагдсан. 2009 оноос байнгын ажиллагаатай болж нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Зорчигчийн гарах чиглэлд өглөө 08:00 цагаас орой 17:00 цаг хүртэл, НҮҮРС, эрдэс баялгийн чиглэлд 20:00 цаг хүртэл шалган нэвтрүүлж байна. “Хятадын талаас татан авалтыг багасгаснаар байдал хүндэрч дугаарлалт дээд тал нь 200 км хүрсэн. Өдөрт 350 орчим машин нэвтэрч байсан. Саяхан Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх ирж ажиллаад Хятадын талд татан авалтыг нэмэгдүүлэх хүсэлт тавьснаар зөвхөн өнөөдөр л хамгийн их 831 машин хилээр гараад байна. Цаашид нэмэгдэх хандлагатай.
Одоогоор 7,090 орчим машин дугаарласан байна. Эсрэг талын татан авалтаас шалтгаалан урсгалаа нэмэгдүүлэх боломжтой. Өнөөдөр дөрвөн урсгалаар нэвтрүүлж байна. Хятад хоёрхон замаар хүлээж авдаг. Тиймээс манайх зургаа болгох шаардлагагүй. Хоёр талдаа ачааллаа тэнцүүлж байна. Өмнө нь манайх дөрвөн урсгалаар өдөрт 1,700 машин нэвтрүүлдэг байсан. Тэгэхэд ийм дараалал байгаагүй. Нэг машиныг 25 метр гэж тооцоход 1,700 машин 50 орчим км болдог. Өдөрт 50 км татаж байна гэхээр дараалал үүсэхгүй. Татан авалт нь багасахаар хойноос ачилт нь нэмэгдэж урт дараалал үүсдэг.Одоогоор 90 орчим км урт дараалал үүссэн” гэв.
Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны дарга Ж.Мөнхбат “Өнөөдрийн байдлаар бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Боомтоор хамгийн олон машин нэвтрүүлсэн үе нь тав, зургаадугаар cap. Өдөрт 1,500-1,600 автомашин нэвтэрч байсан бол Хятадын талын хоригоос болж долоодугаар сараас хойш 500-650 орчим машин нэвтэрч байна. Харин сүүлийн өдрүүдийн нэвтрэлтээс хамгийн их 831 авто машин нөхцөл байдал үүссэнээс хойших хугацаанд буюу энэ сарын 20-нд нэвтэрлээ.
Хилийн цэрэг, манайх, МХГ болон бусад газруудад орон тоо нэмэгдэж бүтэц зохион байгуулалт нь сайжирсан. Ажлын ачааллыг даах чадвартай. Хятадын талаас татан авалтыг гүйцэд хийхгүй байгаагаас ийм байдал үүсэж байна” гэлээ.
Энд хилээр гарах гээд дугаарлаж байгаа жолооч нартай уулзсан юм. Энержи Ресурсын жолооч С.Уранбаяр “ Би дугаарлаад зургаа хонож байна. Энэ зун 10 хонож байсан. Гэхдээ богино зайнд таталт хийдэг болохоор арай гайгүй. Хоолоо өөрсдөө зохицуулж байна. Заримдаа ар гэрээсээ хоол авдаг” гэсэн юм. Мөн наадмаас хойш гэртээ хариагүй энд дугаарлаад 14 хонож байна. Хоол ундаа машины бүхээгтээ хийж идэж байна. Газын пилетка зөвшөөрдөггүй болохоор хүндрэлтэй. Одоо хүйтэрч эхэлбэл хүндрэл үүснэ. Хүйтнээс өмнө хэвийн үйл ажиллагаанд орох байх гэж найдаж байна гэж ярих жолооч нар ч таарч байлаа.
ЦАГААН ХАДНЫ ГААЛИЙН БҮСИЙГ НЭЭСЭН Ч УРТ ДАРААЛАЛ ХЭВЭЭРЭЭ
Манай нүүрс тэр дундаа орон нутгийн жижиг Тавантолгойн нүүрсийг үнэ цэнэтэй байлгах гарц Цагаан хадны гаалийн бүс юм. Засгийн газраас Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах тухай шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сарын 17-нд гаргасан нь бас дайран дээр давс нэмсэн үйлдэл болсныг хэлэхгүй өнгөрөх аргагүй.
Учир нь Уул уурхайн компаниуд Цогтцэций суман дахь Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж, Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны Гаалийн хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийлгэн экспортолдог байсан юм. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүний гаалийг Цогт Цэцийд байгуулснаар нүүрсний тээвэр эрхлэх үйл ажиллагааны 50 хувийг БНХАУ-ын тал гүйцэтгэхээр “Эрдэнэс таван толгой” ХК нь Хятадын талтай тохиролцсон байна. Ийм нөхцөл байдал үүссэнээр нүүрсний тээвэр эрхлэх манай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа үндсэндээ зогсох болно.
Үндэсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогссоноор улсын төсвийн орлого, орон нутагт орох татаас болон тээвэр, нүүрсийг дагаж амьдралаа залгуулдаг олон мянган иргэн орлогогүй болно. Хэрэв шууд Таван толгойд байрлах Гүний гаалиас БНХАУ-ын Ганц мод боомтод нүүрс буулгавал тээвэрлэлтэд гарах бүх зардлыг Монголын тал хариуцахаар болжээ. Харин Засгийн газар энэхүү тогтоолоо эргэн харж өнгөрсөн есдүгээр сард уг тогтоолоо түдгэлзүүлж гаалийн бүсийг нээсэн ч дундын тээвэрлэлт муу байгааг хэлж байсан. Уг нь Хятадын тал манайхаас харилцан тээвэрлэлт хийдэг байсан бол манайх хараат байдалд орохгүй л байх байжээ.
Үргэлжлэл бий…
Ц.МЯГМАРБАЯР, ЗУУНЫ МЭДЭЭ
URL: