Монгол цэргүүдийн буянтай үйл хэргээс
Өмнөд Судан Улсад манай цэргүүд энхийг сахиулах үүрэг гүйцэтгээд овоо хэдэн жил боллоо. Хүмүүс энхийг сахиулах гэдэг яг ямар ажил байдгыг тэр бүр мэддэггүй. Тэгвэл та бүхэнд манай цэргүүдийн хийж буй олон буянтай ажлын зөвхөн ганцаас нь танилцуулахаар шийдлээ.
Африк тив. Мэдээж халуунаас гадна чийглэг уур амьсгалтай. Тэнд хоёрхон улирал бий. Борооны болон хуурай улирал юм. Борооны улирал нь 5-10 дугаар саруудад үргэлжилдэг боловч заримдаа 4-р сард эхлээд 11 дүгээр сарыг дуустал орох нь бий. Бороо оронгуут хуурай замаар ямарч машин техник нэвтрэх боломжгүй болж газрын хөдөлгөөн бүрэн зогсдог юм. Зам байсан газраас ус урсах, бүр 2-3 метрийн гүнтэй гол урсах нь ердийн үзэгдэл болж хувирна. Ингээд хүмүүсийн амьдралын хамгийн хэрэгцээтэй хүнс, ус, эм тариа, шатахуун зэрэг бүтээгдэхүүнийг агаараар эсвэл голын усаар тээвэрлэх хоёрхон сонголттой тулна.
Монголын батальоны төв штаб байрлаж буй Беньтю суурингийн эргэн тойронд 30 орчим мянган дүрвэгсэд амьдарч буй хуарангууд байрладаг. Манайхан эдгээр орон гэрээсээ дайжсан иргэдийн аюулгүй байдлыг хангахын хажуугаар эргүүл, цувааны хамгаалалтын үүргийг тасралтгүй гүйцэтгэнэ. Дүрвэгсдийг хүнсээр хангах ажлыг “Дэлхийн хүнсний хөтөлбөр” болон бусад хүмүүнлэгийн байгууллагууд хариуцдаг. Харин борооны улирлын үед энэ том хуарангуудад хүнс, ус, эм тариа дутагдаж эхлэх ба үүнийг хамгийн хурдан шийдэх арга бол нисэх онгоцоор хүнсний бүтээгдэхүүн хүргэх ажил юм.
Гэхдээ энэ бол санаж байгаа шиг хялбар ажил бишээ. Мэдээж онгоц газардах талбай байхгүй тул агаараас будаагаа буулгахаас өөр арга байхгүй. “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-тэй гэрээ байгуулсан “Ил-76″ ачааны онгоцууд будаа ачиж нисээд 500 хүртэл метр доошлож нам өндөрт орж ирээд 50 кг-аар шуудайлсан будаануудыг агаараас хаяна.
Харин манай цэргүүд нам өндөрт орж ирж буй онгоц болоод уг будаа буулгаж буй бүсийн аюулгүй байдлыг хангах ажлыг гүйцэтгэдэг юм. Хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ маш болгоомжтой байхгүй бол 50 кг-ийн жинтэй ууттай будаанууд тэнгэрээс бороо шиг бууж байгаа шүү дээ. За будаа буулгах сургаар янз бүрийн асуудал их гарна. Тухайлбал нутгийн “индиан”-ууд энд тэндээс цугларч, үнэгүй хоол олох боломжийг хайна, хулгай хийх гэж үзнэ гээд мэр сэр асуудал гардаг.
Өнгөрсөн оны 9-10 дугаар саруудад Беньтю суурингийн орчимд “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-ийн зүгээс 67 удаагийн нислэг үйлдэж 1500 метр тонн хүнсийг агаараас хаяж буулгасан мэдээ байна. Энэ бүхэнд манай монголын батальоны цэргүүд хамгаалалтад гарч байсан юм. Манай цэргүүдийн хүнд хэцүү, хөдөлмөрийн үр шимээр нутгийн олон мянган иргэд хүнсний дутагдалд оролгүй өдрийн хоолтойгоо залгаж байгаа нь буянтай ажил мөн биз. Монгол цэргүүд ажилласаар, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явна.
Р.Энхболд
Эх сурвалж: Undesten.mn
http://undesten.mn/index.php?newsid=21920
URL: