Эсэргүүцлийн хөдөлгөөний үр дүнд Египетийн засгийн газар огцрохоо мэдэгдэв

Египетийн засгийн газар Каир болон бусад хотуудад гурав хоногийн турш үргэлжилсэн олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний үр дүнд огцрохоо мэдэгдсэн байна. Гэвч цэргийн зөвлөл одоогоор сайд нар огцорч буйг хүлээн зөвшөөрөөгүй байна хэмээн тус улсын кабинетийн хэвлэлийн төлөөлөгч Мохаммед Хегази хэлжээ.

“Ерөнхий сайд Эссам Шарафын тэргүүлдэг засгийн газар Зэвсэгт хүчний дээд зөвлөлд огцрох хүсэлтээ гаргасан” хэмээн тэрбээр мэдэгджээ.

Тус улсад ажиллаж байгаа Ройтерс агентлагийн сурвалжлагчийн мэдээлж буйгаар цэргийн хүчнийхэн Египетийн шинэ ерөнхий сайдын суудалд нэр дэвшигч тодроогүй тохиолдолд огцрох хүсэлтийг хүлээн авахгүй гэнэ.

Фельдмаршал Мохаммед Тантауин тэргүүлдэг Зэвсэгт хүчний дээд зөвлөл Египетийг гучин жил удирдсан ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцорсны дараа тус улсыг ардчилсан нийгэмд шилжих шилжилтийн үеийг хариуцан ажиллаж байгаа юм.

Сүүлийн гурав хоногийн турш Египетийн нийслэлд 20 гаруй хүн амиа алдаж, 1800 орчим хүн шархдсан байна. Босогчид цэргийн зөвлөлөөс төрийн эрхийг иргэдэд өгөхийг шаардаж байгаа билээ.

А.Цацрал


URL:

Сэтгэгдэл бичих