Ю.Чулуунбаатар: ШТС дээрэмдсэн залуус хот руу зугтсан байж болзошгүй
Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ШТС-ын түгээгчийг хөнөөжээ.
Гэмт хэрэг даваа гарагийн үүрээр буюу 04:00 цагийн үед гарсан байна. Энэхүү онц ноцтой гэмт хэргийн талаар тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн ахмад Ю.Чулуунбаатараас тодрууллаа.
-Батсүмбэр суманд гарсан хэргийн талаар тодруулахгүй юу?
-Тус сумын нэгдүгээр багийн нутагт “Цагаан далай” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг ШТС-ийн бензин түгээгч 37 настай Л-ийн гуян тус газар нь мэсээр хүнд гэмтээсэн байна. Ингээд гэмт этгээдүүд дотогш орж түүний эхнэр 37 настай Д-г буудаж хөнөөгөөд хоёр сая орчим бэлэн мөнгийг нь авсан хэрэг гарлаа.
-Гэмт этгээдийг саатуулсан уу?
-Амьд үлдсэн залуугийн хэлснээр гэмт этгээдүүд гурвуулаа байсан бололтой. Одоогийн байдлаар бид эрэн сурвалжилж байна. Улаанбаатар хот уруу орсон байж болзошгүй юм.
-Ямар хүмүүс байсныг нь Л сайн харсан болов уу?
-Хохирогч хутгалуулаад ухаан алдсан гэсэн. Тийм болохоор сайн харж чадаагүй юм билээ. Ямар ч байсан гэмт этгээдүүд машинтай ирээгүй гэдгийг л хэлсэн.
-Ямар буугаар буудсан юм бол?
-Ангийн том буугаар хөнөөсөн юм шиг байна. Хэргийн газарт Төв аймгийн Цагдаагийн хэлтэс болон ЦЕГ хамтарсан ажлын хэсэг гарган үзлэг хийж байгаа.
М.Болд
URL: