Үүрэг хүлээх цаг
Ардын Засгийн газрын ам бүл сая нэг юм бүрэн бүрдэж ажилдаа орлоо. Ачаа үүрч, үүрэг хүлээх шинэ засгийн он тоолол ийнхүү эхэллээ. У.Хүрэлсүхийн хөтөлсөн хөсөг замдаа гарлаа. Эдийн засагтаа гарц олох, иргэд рүүгээ зам тавих их ажил тэднийг хүлээж байна.
Үүнийг ч Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг томилогдохынх нь яг өмнө бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзахдаа тов тодорхой хэлсэн. Тэрээр Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд хандаж хэлсэн үгэндээ “…Монголчуудыг хамгийн их ажилтай болгодог салбар бол дэд бүтэц. Өнөөдөр дэд бүтцэд ажлын байрыг гаднынханд өгч байна. Ажилгүйдэл эндээс ундарч гардаг” гэдгийг тодотгосон. Мөн Барилга, хот байгуулалтын сайд болж буй Х.Баделханд “Моргейжийн 8 хувийг зогсоосон. Ажлын байрууд байхгүй. Зарагдаагүй 80 мянга орчим орон сууц байна. Багш, эмч нарыг орон сууцжуулахад үүний нэг хэсгийг гаргаж болно. Цалин нэмж чаддаггүй юм бол эмч, багш нарыг орон сууцанд оруулъя гэж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсных нь дараа хэлж байсан” гэдгээ хэлээд авсан.
Төрийн тэргүүний энэ үгс дэд бүтэц, зам барилгын салбарт У.Хүрэлсүхийн Засгийн газар эрс эргэлт гаргаасай гэсэн нэг ёсны захиас байв. Тэгвэл тэр эрс эргэлт хаанаас эхлэх вэ. Мэдээж монгол хүнээ орлоготой, монгол компаниудаа ажилтай байлгахаас эхлэх ёстой. Учир нь сая Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар сүүлийн жилүүдэд Монгол Улсад ядуурлын түвшин огцом нэмэгдэж, 3 сая монголчуудын гуравны нэг нь ядуу амьдарч байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр иргэдээ ядуурлаас, төрөө дампуурлаас гаргах уриатай Ардын засгийн бодлого үүнд чиглэх ёстой болж таарч байна. Халамж тараая гэхээр мөнгө байдаггүй. Тэгвэл яах вэ?. Иргэдээ ажилтай болгохоос өөр олигтой гарц харагдахгүй байна. Түүний тулд Ерөнхийлөгчийн хэлснээр хамгийн их ажлын байр гаргадаг дэд бүтцийн салбараа хөгжүүлж нэг сумаар хоёр туулай буудахаас өөр сайн шийдэл алга.
Нэг үеэ бодоход монгол хүн чадахгүй гэдэг үхээнц бодол үеэ өнгөрөөж үндэсний компаниуд юу хийж чаддагаа төр түмэндээ харуулсан сайн жишээ энэ засагт түшиг болох учиртай.
Манай үндэсний компаниуд салхин цахилгаан станц барьж, өндөр хүчдэлийн шугам татаж, хатуу хучилттай авто замаар хот хөдөөг холбож олон том бүтээн байгуулалтыг өөрсдөөрөө овоглосон. Даанч дэд бүтцийн салбарт тэднийг дэмнэж дэмжих бодлого өнөөг хүртэл тун чиг тааруухан хэрэгжсэн.
Гадны ажилчид, Хятадын компани хэдэн зуугаар нь концесс авч зам гүүр, барилга байшин барихаар таг дуугүй байсан тамын тогооны өвчин үндэсний хэдэн компани өөрсдийнхөө мөнгөөр бүтээн байгуулалт хийж, төрөөс төлбөрөө боломжтой үед нь авах гэхээр улс төрийн улин хийрхэлээр будаа болгодог буруу жишиг тогтсон.
Уг нь үндэсний хэдэн компани ажилтай байж, өөрсдөө монголчууд бүтээн босгож, мөнгө нь гадагшаа биш дотооддоо үлдэх нь мөн ч хэрэгтэй гэдгийг дээд дооргүй бүгдээрээ л мэддэг баймаар.
Гадныхныг хэт шүтэх үзлээсээ болоод тэр үү, гар хөл хүндрүүлэх юманд нь болоод тэр үү мэдэхгүй үндэсний аж ахуйн нэгжүүдээ адлах өөдгүй ийм үзлийн урхагаар Ховд, Баян-Өлгийн иргэд хохирсоор байгаа нэгэн жишээг дурдая. Ховд-Баян-Өлгий чиглэлийн 189 км автозамын ажил гадныханд очоод гацсан түүх л дээ хөөрхий.
Уг нь энэ ажлыг эхлүүлэх тендер аль 2014 оны наймдугаар сард зарлагдаж тендер шалгаруулалтад гадаад, дотоодын нийлсэн нийт 38 компани шаардлагын дагуу материалаа хүргүүлжээ. Гэтэл тендерийн хариу бүтэн жил өнжин байж 2015 оны долдугаар сард гарч, дөрвөн багц бүхий замын ажлыг БНХАУ-ын хоёр компанид хувааж өгчээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын “Эйч Ки Би энтернэйшнл” компани, үлдсэн гурван багцыг нь БНХАУ-ын “Чайна Хуа Ши Энтерпрайз” компани хэрэгжүүлэхээр болсон аж.
Ном ёсоороо бол энэ тендер шалгаруулалтын ажлыг “Худалдан авах ажиллагааны газар” хэрэгжүүлэх ёстой байсан ч яагаад ч юм Зам тээврийн яам дур мэдэн зохион байгуулж анхнаасаа хууль зөрчсөн хуудуутай ажил хийжээ. Тендер шалгаруулалтын үед тендерийн үнэлэх хугацаа гурван удаа сунгагдаж, гурван удаа урьдчилсан дүгнэлт гаргаж, гадаад, дотоодын нийлсэн нийт 40 орчим компани өрсөлдсөн 189 км автозамын ажлыг анхнаас нь “бантагнуулж” орхисон нь тэр.
“Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр 2” ажлын хүрээнд хэрэгжиж буй 189 км автозамын төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр санхүүжүүлэхээр болсон байдаг. Гэтэл Хятадын “Хуа Ши Энтерпрайз” компани хариуцаж авсан гурван багцынхаа хүрээнд өнөөг болтол хүрз шороо ч асгасангүй, хүний мөр ч гаргасангүй. Уг нь Зам тээврийн сайд асан М.Зоригт гадны компаний гацаасан замын ажлыг аль 2015 оны намар Сайдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэж, “Хуаши Энтерпрайз” компанитай байгуулсан гэрээнүүдийг цуцлах шийдвэр гаргажээ Тухайлбал “Хашаатын даваа-Толбо сум” чиглэлийн гуравдугаар багцын 60 км, “Цагааннуур-Улаан байшинт”-ын чиглэлийн дөрөвдүгээр багцын 25.8 км автозамд төлөвлөгөөний дагуу машин механизм, тоног төхөөрөмж, ажиллах хүч оруулж ирээгүй, зам барилгын ажил огт эхлээгүй тул гүйцэтгэгч компани болох “Чайна Хуа Ши Энтерпрайз”-тай байгуулсан гэрээнүүдийг цуцлах шийдвэр гаргасан ч тус яамны газрын дарга нар энэ үүрэг, даалгаварыг биелүүлэхгүй “том толгойлж”, “Хуа Ши Энтерпрайз” компанитай үгсэн хуйвалдаж нүдэн балай чихэн дүлий царайлж өдий хүрсэний уршгаар зам барих ажил зангууны үлгэр болов. Хамгийн гол нь Хятадын “Хуа Ши Энтерпрайз” компани хууль зөрчиж тендер авсныг шүүх тогтоож, шүүхийн шийдвэр нь хүртэл гарчихаад байхад өмнөх сайдууд хүчин төгөлдөр бус гэрээг цуцлалгүй өдийг хүрсэн нь маапаантай.
Увайгүй гадны компани, улсаа боддоггүй урагшгүй түшмэдийн балгаар 2017 онд хатуу хучилттай авто замаар холбогдох ёстой байсан Ховд Баян-Өлгий аймгийнхан энэ янзаараа бол хорин онд ч замтай болохооргүй шинжтэй байгааг залруулах цаг хэдийнэ болжээ. Эхэлсэн ажил байхгүй ээдрээ гацаатай энэ тендерийг цэгцлээд, зам барих туршлагатай зангарагтай хэдэн үндэсний компаниуддаа хуваагаад өгчихвөл наанадаж хэдэн зуун монгол хүн ажлын байртай болж, цаанадаж засаг төр алслагдсан баруун бүсийг замтай болгох амлалтаа амжиж биелүүлэх боломжтой болох аж.
Яамны хэдэн түшмэдийн далд сонирхолд хөтлөгдөж, ямар ч чадамжгүй Хятадын компанид тендерээ өгчихөөд гаслаж суугаа өмнөх алдааг сүхдэж засахаас У.Хүрэлсүхийн Засгийн газар ажлаа эхэлвэл сая Ардын Засгийн газар гэдгээ асуудалгүйгээр батлан харуулж чадна. Шүүхийн шийдвэрийг яаралтай хэрэгжүүлж, луйврын тендерийг луухаанаас буцаах нь шударга ёсонд нийцнэ. Булш хиргэсүүр ухаж замаа тавилгүй тэнүүчилсэн бусдын компаний идэш болж аманд нь орох уу, аль эсхүл буцах хаяг, буух эзэнтэй үндэсний компаниуддаа итгэж замаа ч, мөнгөө ч Монголдоо үлдээх үү? гэдэг Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд ард түмнээс асууж оноосон эхний бодлого болж байна.
Ховд-Өлгийн замыг хойш суулгүй ашиглалтад оруулж чадвал “Бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах” Засгийн газрын мөрийн хөтөлбөр бүрэн биеллээ л гэсэн үг. Үүрэг хүлээх энэ цаг дор зам тавихад занга болсон энэ мэт асуудлыг шийдэж байж л үндэсний компаниудад үүр цайж, үндэстэн Монгол минь мандан бадрана.
URL: