ЦЕГ-аас зарим хэргийн талаар тодруулга гаргалаа
Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зарим хэргийн талаар зөрүүтэй мэдээлэл гарч байгаа учраас цагдаагийн байгууллагаас тодруулга гаргажээ. Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуун зарим хэргийн талаар мэдээлэл өгсөн байна. Тухайлбал,
“Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо “Очир” төвийн зочид буудлын 304 тоотод 13 настай “М” нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсныг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач нь архины цочмог хордлогын улмаас нас барсан болох нь тогтоогдсон ба Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суугч Ж, А нар нь амь хохирогч М-ыг архиар шахаж улмаар согтоон, биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчирхийлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2017.09.20-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн 2017.10.14 буюу өнгөрөгч бямба гаргийн 20 цаг 48 минутад иргэн М-ээс “…Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд оршин суугч, 28 настай, “В” гэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийн 6 настай охиныг хүчирхийлсэн” гэх гомдол мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн шуурхай шалган эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаж байна.
Одоогоор насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа. Цагдаагийн байгууллага нь хохирогч Х-г Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны дэргэдэх хариу үйлчилгээний төвд 2017.10.15-ны өдрийн 13 цаг 50 минутад хүлээлгэн өгч Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулан, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Хан-Уул дүүргийн 14-р хорооны хамтарсан баг нөхцөл байдлын үнэлгээг хийн холбон зуучлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
URL: