Сэтгэлгээнд салхи сэвэлзэх болтугай
Бодолд байдаг, “тэгш дүүрэн, амар жимэр амьдрал” И-Мартын, эсвэл Номингийн лангуун дээр зарагддаг бол үнийг нь асууж байгаад, халаас хэтэвч, хадгаламжинд байгаа бүх мөнгөө нийлүүлээд авахсан. Хүрдэггүй дээрээ, яг өөрийн бодсон тэр амьдарлаа худалдагчид нь “би авна шүү” гэж хэлээд хадгалуулчихаад бүх хүчээрээ хөдөлмөрлөж, дутууг нь бүрдүүлэхсэн. Даанч лангуун дээр худалдах болов уу? Бас тэгш дүүрэн амьдрал намайг очтол байж байх болов уу? /Аа бас, лизинг байж болох юм л даа. Гэхдээ, миний зорилго ийшээ халих биш/
Ингэж бодож байсан уу? Бараг л үгүй байх.. Мөнгө хүссэнийг худалдаж авч болдоггүй агаад, Түүний хүч хүрэхгүй зүйл бас байна.
Хүн бүрт өөртэйгээ ярилцах цаг бий. Дотогшоо нэг өнгийн харж яг юу хүсэн мөрөөдөж байгаагаа “өөрөө” мэдрэх гээд үзэх. Ямар нэг албадлагагүй, дүр эсгэлгүй, лаг болох гэж хичээлгүй.
Үүнийг хийхэд нэртэй, эсвэл өндөр настай психологи ч, философи ч эсвэл урлаг спортын гавьяат тэр байтугай төр нийгмийн зүтгэлтэн байх шаардлагагүй (Харах, анзаарах, ухаарах боломж байхад төлөвших нь наснаас хамаарах нь юу л бол). Хүн бүрт тэгш эрх , эрх чөлөө өгөгдсөн нь дураараа дургихаас хавьгүй тэнгэрлэг зүйл. Амьдарлыг тийм ийм гээд дүрслэн, төсөөлөхөд бэрх ч, бид тухайн цагт түүний аль нэг хэсгийг л бүрдүүлдэг (Өмхий гээд бөгсөө авч хаядаггүй). Тийм байхад, нэг нөгөөгөөсөө илүү, тэр нь энэнээсээ дутуу гэх адын бодол, хэтийдсэн утгагүй харьцуулалт бүхий сэтгэлгээ, хандлагын өнгөр хэдийнцтогтоод буйг анзаарах цаг болжээ. Нийтийг уриалж, нийтийн оролцоог хангахгүй бол нэг хэсгийнхний л амьдрал болох гээд байна. Нийгмийн ялгарал нь ахадсан өнөөгийн уршигт байдлын уг шалтгаан хэсэг нөхдийн л буруу гэвэл бас тийм биш. Хэн юунд анхаарлаа хандуулж байна, тэр хүний сэтгэж буй нь тийм л байна. Хэн юуг чухал гэж бодон ач холбогдол өгнө, тухайн зүйл нь төдий чинээ онцгойрно. Бид ямар байдалтай өдийг хүрэв, Одоо Бид бүгдээрэ юу хүсч байна вэ?
“Сэтгэлгээнд салхи сэвэлзүүлэе”
Нэг тогоонд хоол хийж түүнээсээ хамтдаа хооллох гэж буй бүлэг хүмүүс. Тэдний зарим нь давс ихтэй, зарим нь сул. Нэг хэсэг нь сонгинотой, нөгөө хэсэг нь сонгиногүй идэх хүсэлтэй ч нийтийн эрх ашгаа эрхэмлэх ухамсарт хөтлөгдөн орц, порцоо тааруулна. Үр дүнд нь эхийг нь эцээсэнгүй, тугалыг нь тураасангүй. Зөвшилцөл, хүндлэл, ёс суртахуун ноёлож байгаа нийгэм атаархам аж.
Нээх тийм сайхан, амар жимэр амьдрахсан. Энэ бол яг өнөөдрийн Монгол хүн бүрийн хүсч буй бодол. Бүх хүнийх. Бид хэдүүлэхнээ атлаа, яагаад ч юм үнэхээр арчаагүй. Ямар сайндаа л “пөөх” ийм амьдрал байдгаа гэж алмайрч явна. Нээх тийм амар, ая тухтай, боломжийн амьдрал байдгийг Зурагтаар үзсэн, хилийн гадна явахдаа харсан, тэгээд эх орондоо ирээр, “адилхан хүмүүс байж бид яагаад” ийм гэж үглэцгээх болсон. Түүнээс ахисан зүйл ч одоогоор алга л байна. Тэгш дүүрэн амьдрал гээд бодохоор, кино, эсвэл үлгэрт л байдаг төсөөлөл гэмээр. Гэхдээ сэтгэлд илүү ойр буух үг хэмээн сонгов. Нээх тийм сайхан, амар жимэр, ая тухтай амьдархын гол нууц нь “аймар их мөнгө, өндөр дундаж наслалт, эдийн засгийн огцом өсөлт, ажилгүйдлийн түвшин буурах, боловсролын систем сайжрах” зэрэг гэвэл юу л бол. Аливаа өсөлт өөрийн дараалалтай. Яг л Хүүхэд сайн сурна гэсэн хүсэл эрмэлзэл, шийдвэртэй болсны дараа үр дүнгүүд гарч эхэлдэг. Зан чанарын өөрчлөлт бүхний эхлэл. Өөрөөр хэлбэл, “та-чи-би-бид” амьдралдаа хэрхэн хандахаас, яагаад ингэх ёстойдоо үнэн зөв дүгнэлт хийж эхлэхээс.
Шуналгүй, шударга байхыг эв, хүндлэлтэй хамт эрхэмлэн хичээвэл бидний дунд тэгш дүүрэн амьдрал бүрдэхэд бүдрэх саадгүй. Нэгэнд нь тохиох золгүй явдал нөгөөгөөс үүдэлтэй, нэг хэсгийнх нь өөдгүй авир, шударга бус үйлдэл нь үлдсэн хэсэгт нь хор уршиг тарьж байгааг засан тохинуулах арга нь зан чанар, хийгээр сэтгэлгээндээ хүчтэйхэн шиг салхи сэвэлзүүлэхээс эхлэх юм. “Тэгш дүүрэн амьдрал” нь : Прагматикаар харвал, дундаж давхаргынхан олшрох, бүгд зөвшөөрсөн соёл, хэм хэмжээ, түүнийгээ зөрчвөл ичдэг, эмээдэг ёс суртахуун. Бүр цаашилбал, худлаа хэлэхгүй, хууран мэхлэхгүй, хулгай хийхгүй байх. Найзуудаа, ах дүүсээ бүгдээрээ нэгнээ дэмжье, Монголоо хөгжүүлье. Хамтдаа урагшлая гэх хандлагын буухиаг хөдөө, хотгүй үргэлжлүүлье.
Өө хайвал, мань мэт дунд цэвэр цэмцгэр олдох нь юу л бол доо ах дүүс минь. Гэхдээ өөрчлөгдөхөд саад болох зүйл энэ биш.
Тарчиг, сул дорой Солонгосоо хараад тэвчиж чадаагүй, Пак гуайн бүх иргэдийнхээ сэтгэлгээнд салхи сэвэлзүүлсэн үгс байнга санагддаг. “Тахиа ухаантай юу? Солонгос хүн ухаантай юу”.
Салхи сэвэлзэх болтугай.
URL: