АН-ын удирдлагууд залуучуудаа мөнгө, санхүүгийн эрхшээлд оруулахаар шийдсэн үү

11932

Ардчилсан нам  энэ оны эхэнд бүх гишүүдийнхээ саналаар даргаа сонгосон билээ. С.Эрдэнэ түүхэнд анх удаагаа бүх гишүүдээсээ сонгогдсон АН-ын дарга болж чадсан. Гэвч энэ бүх нийтийн сонгуульд нэр дэвшигчидээс ихээхэн хэмжээний мөнгө гарсан гэдгийг өнөө ч хэлсээр буй. Бараг л УИХ-д нэр дэвших хэмжээний хөрөнгө цацсан гэдэг.

Гэтэл өнөөгийн АН-ын удирдлагууд залуучуудын холбооныхоо Ерөнхийлөгчийн мөн л бүх нийтийн санал асуулгаар тодруул хэмээн шахаж эхэлжээ. Харин үүнийг нь АЗХ нь залуучуудаа мөнгө, санхүүгийн эрхшээлд оруулах эрсдэлийг бий болгож байна хэмээн ихээхэн эсэргүүцэж байгаа аж.

Ардчилсан Залуучуудын Холбоо үүсэн байгуулагдаад өнөө 17 жилтэйгээ золгож байна. Тэртээх  2000 онд Ардчиллын төлөөх таван нам нийлж Ардчилсан намыг байгуулах үед тус намуудын дэргэдэх Залуучуудын байгуулллагууд ч мөн адил нэгдэж одоогийн Ардчилсан Залуучуудын Холбоог байгуулсан түүхтэй.  Хүнээр бол нас биенд хүрч байгаа тус холбоо нь гэсэн дүрэм, бүтэц, удирдлага, гишүүд, дэмжигчидтэйгээр бие даасан байдалтайгаар АН болон АН-ы үе үеийн дарга, удирдлагатай хамтран ажиллаж ирсэн.

Үйл ажиллагааны ялгаа нь нам нэгэнт танигдсан лидерүүдийнхээ дэвшүүлж буй концепцид тулгуурлан улстөрийн сонгуульд ялалт байгуулахын төлөө ажилладаг бол Ардчилсан Залуучуудын Холбоо намынхаа хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулах, дотоодоосоо лидерүүдийг таниулан гаргаж ирэх зарчмаар ажилладаг.

Гэтэл хоёр ийм өөр үйл ажиллагаатай байгууллагын удирдлагыг АН-ынхан өөрсдийн зарчмаар буюу улс орон даяар явагдах нүсэр сунгаагаар тодруулахыг АЗХ-нд тулгаж, үүнийгээ залуучуудын байгууллагын үндсэн дүрэмд өөрчлөлт хийх замаар гүйцэлдүүл хэмээн шахах болжээ. Харин үүнийг нь АЗХ нь эсэргүүцэж,  “Залуучуудын байгууллага мөнгө, санхүүгийн хүлээсэнд баригдаж, өөрсдийн зорилгоосоо хазайхад хүрнэ. Мөнгө, санхүүгийн эрхшээлд орсон удирдлагатай улстөрийн нам, аливаа хүчин улс оронд ямар их гай тарьдаг болохыг бид бэлхэн харж байгаа. Тиймээс тусдаа өөрийн гэсэн дүрэм журамтай, он удаан жил оршин тогтнож ирсэн Ардчилсан Залуучуудын Холбооны дотоод асуудалд Ардчилсан намын зүгээс хэт оролцож байна”  гэжээ. Мөн тус холбооны гишүүд дэмжигчид Ардчилсан залуучуудын Холбооны 7-р Үндэсний чуулганы дарга, тэргүүлэгчдэд хүртэл шаардлага хүргүүлсэн байна.

Тус шаардлагад  “2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хуралдахаар товлосон Үндэсний чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ардчилсан нам, Ардчилсан Залуучуудын Холбооны гишүүдийн зүгээс дараах шаардлагыг хүргүүлж байна. 1. Ардчилсан Залуучуудын Холбооны дүрмийг шинэчлэх төслийг боловсруулахаар Ардчилсан намаас байгуулсан ажлын хэсгийг өөрчилж, тус ажлын хэсгийг 100 хувь Ардчилсан Залуучуудын Холбооны гишүүдээс шинэчлэн бүрдүүлэх, 2. АЗХ-ны VII чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа Ардчилсан намаас байгуулсан ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг шинэчлэн бүрдүүлэх ажлын хэсэгт буцааж, улмаар Ардчилсан Залуучуудын Холбооны ээлжит VI бага чуулганы тогтоолын дагуу 21 аймаг, 9 дүүрэгт бүртгэлтэй нийт 42,000 гишүүн залуучуудын саналыг тусгаж, анхан шатаар хэлэлцүүлэх” гэсэн байна.

Б.Өрнөх


URL:

Сэтгэгдэл бичих