Золиослогдсон ирээдүй
Өнөөдөр “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”. НҮБ-аас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан. Энэ жил охидын боловсролыг чанартай эзэмшүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхийн улсууд өөр өөрийн онцлогт нийцүүлсэн ажил зохион байгуулж, дуу хоолойгоо нэгтгэн шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой тавьжээ.
Манай улсад төрийн өндөр албан тушаалтан хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэг гарсан атал үнэн мөнийг тогтоож, шийдээгүй, УИХ нь ус балгасан мэт байгаа. Хүчингийн гэмт хэрэг жилд 300 бүртгэгддэг байсан бол энэ тоо өссөн. Цагдаад хандсан хохирогчдын цөөнгүй нь бага насны охид, тэдний дотор гаж донтнуудын золиос болж амь насаа алдсан, эрдэмдэг зэрэмдэг болсон нь ч байна. Хүйсийн тэгш эрхийн төвөөс бэлгийн хүчирхийлэлд өртөгсдийн эрүүл мэндэд учирч буй хохирлыг судалсан судалгаагаар л гэхэд гурван хүн тутмын нэг нь хүүхэд гэсэн бүртгэл гарсан. Мөн тэдний 81.6 хувь нь сэтгэл санааны ямар нэг өөрчлөлтөд орсон нь ч судалгаагаар тогтоогджээ. Үүнээс үүдэн дөрвөн хүн тутмын нэг нь амиа хорлох тухай бодож, 13 хүний нэг нь ийм үйлдэл хийхээр завдсан. Хүний наймаа, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 2000 орчим хохирогчийн дунд судалгаа явуулахад 600 нь насанд хүрээгүй, олонх нь гурав хүртэлх насандаа аавдаа хаягдсан, 10 хүртэлх насандаа хойд эцгийн гар харсан, 11-13 насандаа хүчирхийлэлд өртсөн байжээ. Сүүлийн зургаан сард бүртгэгдсэн хүчингийн гэмт хэргийн хохирогч 13 насны охид байгааг цагдаагийн мэдээллээс харж болохоор байна. Энэ нь санамсаргүй тохиолдол уу, яагаад 13 настай охид энэ гэмт хэргийн золиос болоод байна гэдэгт харин судалгаа харин алга.
Тухайлбал, Баянхошуунд 13 настай охиныг сургуулийнх нь бие засах газар хүчирхийлсэн, 43 настай этгээд 13 настай охиныг гэртээ олон хоног хорьж удаа дараа хүчирхийлж байсан, 13 настай охиныг хойд эцэг нь хүчирхийлж жирэмсэн болгоод үр зулбуулах эм уулгасан, Өмнөговь аймагт 13 настай охиныг зодож хүчирхийлснээс шархаа даалгүй нас барсан, 20-13 насны залуус 13 настай охиныг Баянзүрх дүүрэгт байрлалтай “Очир төв” компанийн зочид буудалд авч орж хүчирхийлж, амь насыг нь хохироосон хэргүүд шилээ даран гарч, зарим нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байна. Бид ийм л дүн мэдээтэйгээр “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж байна. Сүүлийн үед бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг эрс нэмэгдэж байгааг өмгөөлөгч, хууль, шүүхийн байгууллагынхан дуу нэгтэй хэлж байгаа юм. Гэтэл манайд энэ хэргийг шийддэг, шийтгэдэг хуулийн зүйл заалтууд долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэ хуулиар хөнгөн болсон. 2002 оны Эрүүгийн хуулиар 14 нас хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 15-25 жилийн хугацаатай хорих, эсвэл цаазаар авах ял шийтгэдэг байсан. Гэтэл одоогийн мөрдөж буй шинэ Эрүүгийн хуулиар 14-18 нас хүрээгүй хүнийг хүчиндсэн бол /хүндрүүлж үзэх нөхцөлгүй/ 2-8 хүртэл жил хорих ялаар шийтгэнэ. Харин энэ хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12-20 хүртэл жил хорих ялаар шийтгэнэ гэж хуульчилжээ. Хэдийгээр хүчирхийллийн хэрэгт хүйсийн ялгааг байхгүй болгосон ч ялын хэмжээг хөнгөрүүлснээр бага насны хүүхэд, тэр дотроо охид гаж донтнуудын золиос болсоор байх нөхцлийг хуулиар бий болгосон гэхэд хилсдэхгүй нь. Охидоо хаана нуух вэ?.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.ҮЛ-ОЛДОХ
URL: