“Содмонгол”-оос 400 орчим сая төгрөг залилжээ

Хан-Уул дүүргийн иргэн н.Должин гэгч хуурамч бичиг баримт ашиглан “Содмонгол”-оос 400 орчим сая төгрөг залилсан байна.

Энэ хэргийг Хан-Уул дүүргийн шүүх өнгөрсөн оны 12 дугаар сард авч хэлэлцсэн байдаг ч, хэргийн явц нэлээн удааширч, өнгөрсөн долоо хоногт Дээд шүүх дээр хянагдахаар ирээд байгаа гэнэ. Тухайн үед анхан шатны шүүхээс буюу Хан-Уул дүүргийн шүүхээс  н.Должинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан долоон жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг долоон жилийн хугацаагаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх ял ногдуулсан байна. Тэр шууд санаатай шунахай сэдэлтээр 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Содмонгол”  ХХК-ийн хооронд хийсэн гэрээг ашиглан 24260 литр шатахуун авч, 25857100 төгрөг, мөн сарын оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Бридж констракшн” ХХК болон “Содмонгол” ХХК-ийн хооронд хийсэн гэрээг ашиглан 15000000 төгрөг, мөн дараагийн сар буюу долдугаар сарын 30-ны өдөр иргэн М.Эрдэнэбилэг болон “Содмонгол”  ХХК-ийн хооронд хийсэн гэрээг ашиглан 21560 литр түлш авч 21991200 төгрөг, Зөөврийн ус хангамжийн албанд өгөх ёстой 3,6 сая төгрөгийн талон авч, 1800000 төгрөгийн шатахууны талоныг  өгөөгүй завшсан, “Сод монгол” ХХК-ийн “Өргөө” кино театрын билетний 440000 төгрөг, “Очирням” ХХК болон “Содмонгол” ХХК-ийн хооронд хийсэн гэрээг ашиглан 2009 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 6520 литр түлш, 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 13230 литр түлш авсан байдаг гэнэ. Үүнээс гадна   Т-тэй бүлэглэн 2009 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 10,0 сая төгрөгийн шатахууны талон ашиглаж 32712500 төгрөгийн, мөн 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “ТЭЦ-3”  ХХК болон “Содмонгол”  ХХК-ийн хооронд хийсэн гэрээг ашиглан 7900 литр түлш авч, 1542000 төгрөг хохирол учруулах зэргээр нийт “Содмонгол” компанид 400 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Должин мэдүүлэхдээ  “Анх Иргэний нисэхийн ерөнхий газар дээр 2009 оны 05 сард тендер зарлагдаад манай компани ялагдсан.

Анандбазар захирал тэр гэрээг олж ир гээд би маркетингийн менежер Галбадрахтай яриад гэрээгээр сард 50 000 000 төгрөгийн бензин авна гээд гэрээ хийж, захиалга өгөөд эхний сараа аваад дараа нь 06 сард захиалга өгөөд тал шатахууныг буюу 25 000 000 төгрөгийн шатахууныг аваад талыг нь намайг зарж борлуулаад цагт нь хий гэсний дагуу 25 000 000 төгрөгийн шатахууныг би авч борлуулсан. 25 857 100 төгрөгийн хохирол учруулсан. “Бридж констракшн” талон худалдах, худалдан авах 30 000 000 төгрөгийн гэрээ хийгээд 10 000 000 төгрөгийн шатахуун  аваад 20 000 000 төгрөгийн шатахууныг аваагүй. Би талоныг нь авч ашиглаад  15 000 000 төгрөгийн хохирол учруулсан. Баянхонгорын Эрдэнэбилэг нь 2006 оноос хамтарч ажиллаж байсан. Шатахуун зээлээр авъя гээд 2009 оны 02 сараас Эрдэнэбилэг би хэрэглэж чадахгүй нь ээ.

Чи зараад өгөөч гэсний дагуу тухайн шатахууныг 21 991 200 төгрөгийн бензинийг авч борлуулсан. Зөөврийн ус хангамжийн албанд өгөх ёстой 3,6 сая төгрөгийн талон авч, 1800000 төгрөгийн шатахууны талоныг өгөөгүй, 2009 оны 05-р сарын 14-ний өдөр ТЭЦ-3 ХХК тендерт орж гэрээ хийсэн. Үүний дагуу 20 000 000 литр шатахуун гаргах зөвшөөрөл аваад 12 100 литрийг ТЭЦ-3 дээр буулгаад 7 900 литрийг нь багтахгүй байна гэсэн учир бөөний үнээр зарж 1 542 000 төгрөгийн хохирол учруулсан. “Трансбус” ХХК дээр “Сод монгол” групптэй хийсэн зээлийн гэрээтэй байсан. 2009 оны 06 сараас шатахуун авахаа больсон.

Тэгээд 15 000 литр шатахуун авч  17 250 000 төгрөг авсан. “Очирням” ХХК болон “Содмонгол” ХХК-тай 2007-2009 оны хооронд зээлийн гэрээтэй байсан. Албан ёсны гэрээгээр авсан боловч 10 000 000 төгрөгийн шатахуун талоныг авч хэрэглэхгүй, чи манай компанийн нэр дээр авч хэрэглэвэл хэрэглэ. Надад урамшуулал нь хэрэгтэй байна гэж Баярмаа хэлсэн. Тэгээд би 2009 оны 08-р сарын 14-ний өдөр авсан. Гэхдээ Баярмаагаар авахуулах гэсэн боловч Замын-Үүдэд байсан болохоор Төгөлдөр рүү ярихад талбайн тэнд явж байна гэхээр нь дуудаж авахуулсан. Би яриад 20 000 литр шатахуун авч 12 100 000 төгрөгийн хохирлыг учруулсан.

Энэ мөнгөнүүдийг би өөрөө авч хэрэглээгүй. Хоёр “Майти” маркийн машин авсан.  Энэ өрийг дарах гээд Баттогтох гэж хүн надад дарамт шахалт үзүүлж байгаад 138.000.000 төгрөг гаргуулж авсан. Би өрийг төлнө. Төлөх юм бол чи эрүүгийн хариуцлага хүлээхгүй. Хэрвээ би татагдах юм бол өрөө төлж чадахгүй. Чи хэргээ даагаад яв, би төлбөрийг чинь төлъе гээд бүтэн жил болсон. Энэ хэрэгт Баттогтохыг татан оролцуулах хүсэлтэй байна” гэж мэдүүлж байжээ.

Д.Сүх mminfo


URL:

Сэтгэгдэл бичих