Спортын тэрбумтнууд
Нэрт боксчин Флойд Мэйвэйдер өнгөрсөн есдүгээр сард холимог тулаанч Конор МкГрегортой хийсэн тулаанаас нийт 300 сая “ногоон”-ы ашиг олсноор их спортоос төрсөн тэрбумтны жагсаалтад албан ёсоор нэгдсэн юм. Уг жагсаалтад түүнээс өмнө ердөө хоёр тамирчин л багтаж байв. Тэд бол баячуудын спорт гэгддэг гольфын супер од Тайгер Вудс, сагсан бөмбөгийн “бурхан” Майкл Жордан нар. Мэргэжлийн боксын ертөнцөд 50 ялалт байгуулсан Флойд сүүлийн тулаанаасаа өмнө 700 сая ам.долларын орлого олсон гэдэг.
Түүнтэй харьцуулахад М.Жордан тамирчин байхдаа 93 сая “ногоон”-ы цалин авсан хүн. Гэхдээ “Nike” компанитай байгуулсан гэрээнийхээ ачаар “Jordan” брэндийг үүсгэн байгуулж, хоёр жилийн өмнө “Чарлотт Хорнетс” багийн эзэн болсноор анх удаа тэрбумтны жагсаалтад багтсан билээ. Түүний брэнд дангаараа 2.8 тэрбумын хөрөнгөтэй гэгдэж, “Nike”-ийн хамгийн их ашиг олсон загвар болов. М.Жордан өдгөө 1.7 тэрбумын хөрөнгөтэй бүх цаг үед хамгийн их ашиг олсон тамирчдын жагсаалтыг тэргүүлдэг.
Нэгэн үе дэлхийн хамгийн баян тамирчин байсан Т.Вудс нурууны бэртлээсээ болж 15 сар их спортоос хол байв. Тэрбээр 2008 оноос хойш томоохон тэмцээнд огт түрүүлээгүй. Хоёр жилийн өмнө дэгдсэн хувийн амьдралынхаа дуулианы ачаар ихэнх ивээн тэтгэгч байгууллагууд нь түүнтэй цаашид хамтрахаас татгалзсан. Тиймээс өнгөрсөн онд “Forbes” сэтгүүлийн гаргасан жагсаалтаар түүний хөрөнгийг 740 сая ам.доллар хэмээн тооцжээ. Гэхдээ Т.Вудс нийт 1.65 тэрбум “ногоон”-ы ашиг олсноор бүх цаг үеийн жагсаалтад хоёрдугаарт бичигддэг юм.
Уг жагсаалтад шинээр багтах боломжтой тамирчин бол Леброн Жэймс. “Nike” компанитай насан туршийн гэрээ албан ёсоор байгуулсан анхны тоглогч бол тэр. Өнгөрсөн онд нийт олсон орлого нь 640 саяд хүрсэн “Хаан” Жэймс бизнесийн ертөнцөө өргөжүүлэхийн тулд тэрбумтан Уоррен Баффеттай тун дотно нөхөрлөдөг.
Өнөөдөр сонин
URL: