“Бүрд” компанид бүлээн зүрх халуун сэтгэлтэй дарга байна уу

129aa135a68a30922b50e921ab228d1eСаяхан юм даа, хүйтэн салхи хуйсганаж юу юугүй цасан шамарга тавих нь уу даа гэмээр тэнгэр муухайрсан өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн XIII, XIV хорооны оршин суугч 50-иад иргэн төрд гомдсон гомдлоо хаана хэнд хэлэхээ мэдэхгүй дэмий л бухимдаж өнөөдрийн ямар орчинд үр хүүхдүүд хань ижилээ болгоцгоож яваагаа учирлахтай таарав.

Хэдий тэдний яриа, гомдол цөхрөл “шинэ юм” биш ч бас хуучирч юу ч биш болж хаяглагдах эзэнгүй орхигдож болохгүй. Буух эзэн буцах хаягтай гомдол учраас доор сийрүүлье.

Хотын төвийн хэсгийн инженерийн шугам сүлжээнд ойр байрлалтай гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж барилгажуулах ажлыг нийслэлийн удирдлагууд 2013 оны эхээр эхлүүлсэн байдаг. Газраа чөлөөлж, чөлөөлсөн газарт нь орон сууц баригдсаны дараа байр авах, эсвэл өөр орон сууцны хорооллоос сонголт хийж нүүх гэсэн энгийн процесстой энэ ажил Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг. Гэвч төслийн явцад газраа чөлөөлсөн зарим хэсгүүдэд орон сууцны барилгын ажил удаашралтай байгаагаас хашааныхаа газрыг чөлөөлсөн иргэд өнөөдрийг хүртэл орох оронгүй боллоо гэдэг гомдлоо ярьж байна. Ийм л хохирогчдын төлөөлөл Баянзүрх дүүргийн XIII, XIV хороонд байна. Тэднийг дээрх бичвэртээ “Төрдөө гомдсон иргэд” хэмээн тодотгохын учир нь гэр хорооллыг барилгажуулж иргэдээ орон сууцанд төвхнүүлэх үүрэг авч бас ч гэж олон шалгуурыг давсан гэх 14 компаний нэг “Бүрд”-д байдгаа алдчихсан байгаа юм. “Бүрд” компанийн тухайд “Газрынхаа гэрчилгээг бидэнд өг. Замын цагдаагийн хажууханд босгосон “Амар түвшин” хороололд есдүгээр сар гэхэд оруулна” хэмээн хэлээд иргэдийн гар дээр байгаа ганц өмч болох газрынх нь гэрчилгээг аваад явжээ. “Паартай байшинд орчихвол боллоо” хэмээн халаглаж суусан иргэд “Бүрд” компанийнханы гоё үгэнд хууртаж бичиг баримтаар ч баталгаажаагүй аман ярианд нь хууртаж өдгөө хандах эзэн харах зүггүй болж өвөлтэй золгохоор болчихоод байгааг учирлалаа. Хэдий 50-иад айлын асуудал ч гэлээ цаана нь хэчнээн хүүхэд, хөгшид орох орохгүй таван жил айл айлын хаяа бараадан амьдарч байгааг “Бүрд” компанийн эрх мэдэлт дарга нар бодож үзсэн болов уу. Юутай ч хуулийн дээгүүр жаалдаг энэ мэт дархлагдсан компаниудад даруулга, хариуцлага хоёр хэрэгтэй байгааг сануулсу. ”Бүрд” компанид “гомдсон” иргэдийн яриаг хүргэе.

Ш.Наранцэцэг:ӨВӨЛ БОЛЛОО. ХАМАГ АМЬДРАЛ ЗУУН ЗАДГАЙ БАЙНА

                                                                       (БЗД-ийн XIV хорооны иргэн)

-“Бүрд” компанийн захирлууд 2013 онд А болон Б блокод барьсан байрнаасаа өгнө гэж гэрээ хийсэн ч газар дээрээ байраа бариагүй. Амартүвшин хорооллын 96, 101 дүгээр байранд эхний айлуудаа оруулсан ч Г, Д блокны 53 айлыг оруулахгүй таван жил болчихлоо. Удахгүй өвөл боллоо. Нүүдэл хийх байх гэж хүлээсээр хамаг амьдрал зуун задгай болж байна. Өвөлжилтийн бэлтгэл, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдээ жигдрүүлэх гэх мэт олон асуудлууд бидэнд байна. Монголын маргааш олон тулдаа л болж байна.

Н.Амаржаргал: АРАВДУГААР САРЫН 1 ГЭХЭД БАЙРАНДАА ОРОХГҮЙ БОЛ БИД ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛНА

                                                                       (БЗД-ийн XIV хорооны иргэн)

 -Анх 2013 онд жишиг хороолол барина гэх үед нь гэрээ байгуулж байсан. “Эхний ээлжинд А блокоо барьж эхний айлуудаа оруулна. Та бүхний хувьд гэрээ хийснээс хойш хоёр жилийн дараа байрандаа орно гэж хэлсэн. Гэтэл өнгөрөгч зургаадугаар сард энэ газарт барилга барихад хөрөнгө оруулалтын асуудалтай боллоо. Тиймээс “Амартүвшин” хорооллоос сонголтоо хийгээд орж болно. Хэрэв үгүй гэвэл манай барилгыг ашиглалтад ортол хүлээ” гэсэн. Ингээд нааштай хариу сонссон иргэд баярлан өнгөрөгч зургаадугаар сарын 12-нд байрны сонголтоо хийсэн. Есдүгээр сарын 2-ны өдөр Нийслэлтэй хамтарсан гурван талт гэрээ хийж байрны чинь түлхүүрийг өгнө гэсэн. Гэтэл тэр өдрөө гэрээ хийх гэж очсон бүх айлын газрын гэрчилгээг эх хувиар нь хурааж авчихаад одоо болтол таг чиг болчихлоо. Бид газрын гэрчилгээ ч үгүй хаана хэнд хандах учраа мэдэхгүй сууж байна. Биднийг аравдугаар сарын 1 гэхэд байранд оруулахгүй бол газрын гэрчилгээгээ авмаар байна. “Бүрд” компанийн удирдлагууд ямар шалтгаанаар энэ олон айлуудыг байранд оруулахгүй байгаагаа нээлттэй хэлээчээ. Хэрэв “Бүрд” констракшн заасан хугацааны дагуу байранд оруулахгүй бол иргэд гэрээгээ цуцалж, бичиг баримтаа эргүүлэн авч өөр компанитай гэрээ байгуулна. Төр засагтаа хандахад иргэдийнхээ эд материал, эрүүл мэндийг хөсөр хаяжээ. Төрд итгэх иргэдийн итгэл энэ мэт зүйлээс болоод маш их унтарч байна. “Бүрд” гэх компанид эрх үүргийг нь сануулах, хариуцлага тооцох төрийн хяналт бүхий албан байгууллага байна уу. Хэн гэж дарга нь хариуцахыг одоо болтол компанийнхан нь мэдээлэхгүй байна. “Бүрд” компани тэгэхээр луйврын арга хэрэглэж иргэдийн өмчид халдаж байгаа юм биш үү. Төр яагаад иргэнийхээ өмчийг батлан дааж гурвалсан гэрээнд суухгүй байна вэ. Яагаад бидний хүсэлтийг төр нь ч тэр, энэ барилга барих эрх авсан компани ч тэр хүлээж авахгүй таван жил төөрөлдүүлэв. Үүнд би хариулт авмаар байна.

niigmiintoli.mn


URL:

Сэтгэгдэл бичих