“МОННИС”-ИЙН ОХИН КОМПАНИЙГ БИТҮҮМЖИЛНЭ
Хөнгөлөлттэй нөхцөлөөр ажилчдаа орон сууцтай болгоно хэмээн урьдчилгаа мөнгийг нь авсан “Моннис” группийн охин компани “Моннис Урбан девелопмент”-ийн эд хөрөнгийг битүүмжлэх шүүгчийн захирамж өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр гарчээ. Ингэснээр гомдол гаргасан тал нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албатай гэрээ байгуулж, баталгаажуулсан өдрөөс эхлэн тус компанийн нэр дээрх бүх эд хөрөнгө болоод гүйлгээ хийдэг дансыг нь битүүмжлэх эрхтэй болж байгаа юм.
Дөрвөн жилийн өмнө “Моннис” групп ажилчидтайгаа хямд орон сууцаар хангах гэрээ байгуулж, 125 ажилтан, ажилчдыг хамруулсан байна. Нэг хүнээс дунджаар 30-40 сая төгрөг, нийт тав орчим тэрбум төгрөгийг байрны урьдчилгаа төлбөрт авчээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд баригдах орон сууц нь гэрээ хийснээс нэг жилийн дараа буюу 2014 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар гэрээнд заасан байв. Гэтэл одоог хүртэл нэг ч блок нь ашиглалтад ороогүй юм. Үүнийгээ санхүүгийн хямрал хэмээн “Моннис Урбан девелопмент” компанийн гүйцэтгэх захирал Б.Урантулга тайлбарлав. Тэрбээр, “2013-2014 оны хооронд тус компани барилга барих найман га газрыг чөлөөлж эхэлсэн. Газар чөлөөлөх ажил удааширч 2015 он хүртэл үргэлжилсэн. Ингээд газраа чөлөөлж дуусаад барилгын ажлаа эхлүүлтэл манай улсад эдийн засгийн хямрал болж, компани санхүүгийн хямралд өртсөн. Мөн засаг төр солигдоод дахин төлөвлөлтийн хүрээнд ажил гүйцэтгэх гэрээ сунгагдахгүй хүлээгдэж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хойно баригдах орон сууцны хороолол нь нийт 10 блок барилгаас бүрдэнэ. Эхний хоёр блок буюу 336 айлын орон сууц 2018 ондоо багтаад ашиглалтад орно” гэв.
Харин “Моннис Урбан девелопмент” компанид байрны урьдчилгаа төлбөр болгож 36 сая 450 мянган төгрөг төлсөн иргэн Д.Батгэрэл өнгөрсөн хавраас эхлэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Эхний гомдлыг нь шүүх хүлээж аваад талууд хооронд эвлэрлийн гэрээ байгуулж өгсөн байна. Шүүх эвлэрлийг баталгаажуулахдаа өнгөрсөн зургадугаар сарын 10-наас наймдугаар сарын 1-ний өдрийн хооронд 36 сая 450 мянга болоод нэмэгдэл төлбөр гурван сая 650 мянган төгрөг нийт 40 сая төгрөгийг шатлалтайгаар бүрэн барагдуулахыг “Моннис Урбан девелопмент” компаниас шаардсан байв. Гэвч тус компани өнгөрсөн хугацаанд шүүхийн шийдвэрт хайхрамжгүй хандаж биелүүлээгүй байна. Тиймээс иргэн Д.Батгэрэл дахин шүүхэд хандаж, шүүгчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн гүйцэтгэх хуудас гаргуулжээ.
АЖИЛЧДААСАА 5 ТЭРБУМ, ТӨСВӨӨС 3.5 ТЭРБУМЫГ АВЧЭЭ
“Моннис Урбан девелопмент” компани нь ажилчдаасаа байрны урьдчилгаа болгож тав орчим тэрбум төгрөгийг авснаас гадна шинээр барих орон сууцныхаа дэд бүтэц, шугам сүлжээ барихад шаардагдах хөрөнгөө нийслэлийн төсвөөс авчээ. Тодруулбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд баригдах орон сууцныхаа дулаан, цахилгааны шугам сүлжээ татахад зориулж “Моннис Урбан девелопмент” компанид нийслэлээс долоон тэрбум төгрөг өгөхөөр төсөвлөсөн боловч гүйцэтгэх захирал Б.Урантулгын хэлснээр төсөвлөсөн долоон тэрбумаа бүтнээр нь аваагүй бөгөөд хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудлаа тодорхой тоочих боломжгүй аж. Харин албан эх сурвалжийн мэдээлснээр, “Моннис Урбан девелопмент” компанид өнгөрсөн хугацаанд нийслэлийн төсвөөс 3.5 тэрбум төгрөгийг өгчээ.
Нийтдээ 120 гаруй иргэн 30-40 сая төгрөгөө өгөн байраа хүлээж сууна. Тэдний нэг нь С.Мөнхжаргал. Тэрбээр “Моннис” группийн нэг салбар компанийн үйлдвэр эрхэлсэн захирлаар 2008-2016 оны хооронд ажилласан. Энэ хугацаандаа зах зээлийн үнээс хямд өртгөөр 65.72 мКв гурван өрөө байртай болохоор 31 сая 545 мянган төгрөгийг урьдчилгаа болгож компанидаа төлжээ. Өнгөрсөн хугацаанд С.Мөнхжаргал зовлон нэгтэй нөхдөө олж, компанийн удирдлагууддаа шаардлага хүргүүлж, ойлголцохоор хөөцөлдсөн ч амжилт олоогүй байна. Учир нь, “Моннис” группийнхэн дам дамдаа байр захиалсан ажилчдынхаа нэрсийн жагсаалтыг ихэд нууцлах болжээ.
Тав орчим тэрбум төгрөгийн урьдчилгаа төлсөн “Моннис” группийн ажилчдаас гадна газраа чөлөөлсөн 100 иргэн байртай болохоор уйгагүй хүлээж сууна. Тэдэнд түрээсийн төлбөр сар бүр байгуулсан гэрээнийхээ дагуу төлдөг гэж “Моннис Урбан девелопмент” компаниас мэдээлсэн ч, орох оронгүй болоод цөхрөнгөө барсан иргэн олон байна. Мөн “Моннис Урбан Девелопмент” компанийн орон сууц барихыг хүлээж тэсэлгүй, түрээсийн байр хэссээр насан эцэслэсэн тохиолдол ч байна.
“МОННИС” АЖЛЫН БАЙРНЫ САНХҮҮГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГ ҮҮ?
Хэд хэдэн удаа иргэн Д.Батгэрэлийг төлөөлж, “Моннис” группийн удирдлагуудтай нүүр тулсан өмгөөлөгч Д.Оюунбат нь “тус компанийг цэвэрхнээр мөнгө угааж, ажлын байрны санхүүгийн дарамт үзүүлдэг” гэж шүүмжлэв. Түүний хэлснээр, “Моннис Урбан девелопмент” компани ажилчидтайгаа орон сууцны захиалгын гэрээг байгуулахдаа ямар ч хүү алданги тооцохгүй гэдгийг онцлон тусгажээ. Энэ нь 40 сая төгрөг төлсөн нэг ажилтан нь мөнгөө 10 жилийн дараа эргүүлэн авсан ч, компанид ямар нэгэн хохиролгүй. 10 жилийн турш 40 сая төгрөгийг угааж байгаад өгөх боломжтой аж. Үүнээс гадна үйлчлүүлэгч Д.Батгэрэлээ төлөөлж, “Моннис” группийн санхүү хариуцсан захирал н.Нарантуяатай уулзан хохирлоо шүүхийн шийдвэрийн дагуу яаралтай барагдуулах шаардлага тавьтал бэлэн мөнгөнийхөө оронд машин авахыг санал болгож, тоглоом тохуу хийсэн тухай өмгөөлөгч Д.Оюунбат ярив.
olloo.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Цаст гэж бас нэг заваан новшийн компани байнаа. Ингээд битүүмжлээд өгдөг ч болоосой.
Гаалийн ажилчдад байр барьж өгнө гэж баахан мөнгө аваад 4,5 жил болж байна. Мөнгөө авах гэж ядарсан хүмүүс зовж байнаа.