Хөрсөө сэндийчин доошлох замаар ургац тээвэрлэсээр…

10-3-7-550x300Ургац хураалтын ид үе. Гэвч байгалийн эрхшээлд ургац алдах хүндрэл хаалга тогшоод зогсч буйг учир мэдэх хүмүүс хэлж байна. Сэлэнгэ аймгийн тариаланчид өнгөрөгч наймдугаар сарын эхээр улаанбуудай, есдүгээр сарын 3-наас ургацаа хурааж эхэлжээ. Ингээд 30 хоног өнгөрч байхад дөнгөж 10 гаруйхан хоног нь тариа будаагаа хурааж, зөөвөрлөсөн байгаа юм. Сэлэнгэ аймгийн тухайд ургац хураалт 56.7 хувьтай байгаа аж. “Сэлэнгэ аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд технологийн дагуу ажлаа гүйцэтгэсэн. Тиймээс улсын улаанбуудайн хэрэглээний 50 хувийг хангах боломжтой боллоо” хэмээн Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр хэлэв. Хэдийгээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил ургац хураалт санасан төвшиндөө хүрч чадахгүй ч олон хүний хөдөлмөрийн үрээр дотоодынхоо хэрэгцээг хангах боломжтой гэдгийг албаныхан онцолж байна. Сайн хэрэг.

“БУЯНТАЙ ЗАМ” БУЮУ ХУДАЛ АМЛАЛТ

Гэхдээ анхаарах зүйл байгааг энэ дашрамд дуулгах нь зүйтэй. Сэлэнгэ аймаг улсын хэмжээнд хэрэглэх тариа, будаа, хүнсний ногооны 60 гаруй хувийг нийлүүлдэг. Тиймээс ч тариалангийн бүс нутаг гэгддэг. Харин энэ нутагт авто замын асуудал тулгамдаж байгааг нутгийнхнаас нь өөр хүмүүс төдийлөн анзаардаггүй гэвэл хилсдэхгүй л болов уу. Нөгөө талаар хүнд даацын авто тээврийг чадан ядан хүргэж байгаа тэрхүү зам тун чиг буянтай гэдгийг нутгийнхан болоод тариаланчид, тээврийн жолооч нар хэлж байгаа юм. Өнгөрсөн 2008 оноос эхлэн энэ замыг засмал зам болгох тухай дээр дооргүй ярьж байв. Гэхдээ энэ нь зөвхөн УИХ-ын сонгуулийн үеэр л болдог процесс. Ингэж хэлсэн нь бас л учиртай. Эрхэм гишүүний сэнтийд залрахыг хүсэгчид Зүүнбүрэн, Шаамар, Цагаан нуур, Түшиг сумыг дайран өнгөрөх 109 км авто замыг засмал болгоно хэмээн амладаг. Тэр ч бүү хэл техник хэрэгсэл авчирч замын нээлт хийж байсан түүх ч бий гэнэ. Ийнхүү амлалтад итгэсэн иргэд, сонгогчид засмал замтай болж эдийн засгийн болоод эд хөрөнгийн хэмнэлт гарна гэж хүлээсээр. Харамсалтай нь ард түмнийг хоосон хошгируулсаар гурван удаагийн сонгууль буюу 10 жилийг ардаа үдсэн “Буянтай зам” одоог хүртэл шороон зам хэвээр.

ХӨНЖЛИЙНХӨӨ ХЭРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙЖ Л БАЙНА

Сэлэнгэ аймгийн дөрвөн сумыг дамнасан 109 км замыг асфальтан зам болгох хүсэлт гаргасан боловч тодорхой шийдэлд хүрэхгүй байгааг аймгийн Засаг дарга Ш.Оргил хэлэв. Мэдээж улсын хэмжээнд хэрэглэх будаа, тариаг тээвэрлэдэг гол зам учраас хөрөнгө мөнгө шийдэхгүй байна гэх шалтгаанаар хөсөр хаяж чадахгүй байгааг ч тэрээр ярьж байлаа. Тиймээс тус аймгийн “Сэлэнгэ-АЗЗА” компанийн гүйцэтгэх захирал Л.Ганболд “Төсөвт суулгасан хөрөнгийнхөө хэрээр замын засвар, арчлалтыг жилдээ хоёр удаа хийж байна. Хаврын тариалалтын үеэр нэг удаа хусч янзалдаг. Мөн намар тариа хураалтын үеэр дахиж хусч янзална” гэсэн юм. Замын нөхцөл байдлыг харвал хүнд даацын авто машин явах нь бүү хэл жижиг тэрэг явахад ч хүндрэлтэй гэдгийг тээврийн жолооч нар хэлж байв. “Өег гурил” компанийн жолооч С.Баярсайхан 3-4 цаг явах боломжтой замаар хонон өнжин явж хүрдэг тухайгаа ярьж байна. “Бороо, цас ихтэй үед тээвэр хийхэд тун хэцүү. Зам нь ухагдаад шавар, шавхайд суух бол энүүхэнд. Дээрээс нь машин тэрэг эвдэрнэ, цаг хугацаа алдана гээд халгамаар хэцүү байдаг” гэлээ. Нөхцөл байдал ийм л байгаа юм. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсээр байгаад газрын хөрсийг доош нь 40-50 см ухсан байна лээ. Зүй нь тэр замыг ухаж тэгшлэх бус шороо асган далан босгож сайжруулах учиртай аж.

СОЁЛТОЙ “ХУЛГАЙЧ”

Сэлэнгэ аймгийн иргэдийн дийлэнх нь газар тариалан эрхэлж амьжиргаагаа залгуулдаг. Бороо, цас гээд байгалийн хүчин зүйл тариаланчдыг сөхрүүлэх нь бий. Гэхдээ тэд үүнд гомдоллож суудаггүй. Харин төр засаг нь анхаарлаа хандуулаад асуудлыг шийдэх боломжийг тойглохгүй байгаад гомдолтой байгаа юм. Замын бартааг цаг хугацаа болоод эдийн засгийн соёлтой “хулгайч” гэдэг.

Ургацынхаа 50 хувийг алдах нь гэх сургаар гурилын үнэ өснө, ногооны үнэ өндөр байна хэмээн шаагилдаад эхэлсэн. Гэхдээ үнийн өсөлтөд нөлөөлдөг зарим нэгэн хүчин зүйлийг төр анхааралдаа аваад шийдэх боломжтой гэдгийг төдийлөн анзаарахгүй өнгөрөөж байна. Тиймээс гурил, хүнсний ногооны үнийг хямд байлгая гэвэл эхлээд замаа засах нь зүйтэй юм. Харин Сэлэнгэ аймгийн дөрвөн сумыг дамжин өнгөрч буй 109 км, А-42 кодтой зам нь орон нутгийн зам бус хүнд даацын тээвэр хийхэд зориулагдсан авто зам байх ёстой гэдгийг тус аймгийн зам арчлалтын “Сэлэнгэ –АЗЗА” компанийн гүйцэтгэх захирал Л.Ганболд онцлон тэмдэглэснийг энэ дашрамд дуулгая.

Түүнчлэн богино хугацаанд эвдрэл хэмхрэл багатай тээвэр хийх нь ашгийг нэмдэг хэмээн биз­не­сийнхэн хэлдэг.  Сүүлийн жилүүдэд айм­гуудыг нийслэлтэй хол­босон автозамаас харж болох юм. 2-3 хоног явж хүрдэг газарт бараа бүтээг­дэхүүний үнэ Улаан­баатараас даруй 5-6 дахин илүү байсныг хүмүүс мар­таагүй. Харин засмал замын буянаар өндөр үнэ “хөөс” байсныг мэдэж авсан. Тиймээс зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Хямд гурил, ногоо худалдаж авахын тулд ургацын хэмжээ арвин байхаас илүүтэй тээврийн зам бар­таагүй байх хэрэгтэй ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ


URL:

Сэтгэгдэл бичих