Уул уурхайн хэт хамаарал нь хэтийн төлвийг тодорхойгүй болгож байна

olloo_mn_1506909175_81Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлаг, вэб сайтууд Монголын талаар хэрхэн мэдээлснийг “Тэд бидний тухай” буландаа орчуулан хүргэж байна.

XINHUANET.COM: ХЯТАД УЛС ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХЭД ҮРГЭЛЖ ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭЭР ИРСЭН

БНХАУ үүсэн байгуулагдсаны түүхт 68 жилийн ой өчигдөр тохиосон. Энэ түүхт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинд баярын мэндчилгээ илгээжээ. Тэгвэл баасан гарагт Хятадын Гадаад хэргийн яам манай улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд хариу талархал илэрхийлсэн тухай “Синьхуа” агентлаг онцолсон байна.

Тэрхүү мэдээнд “БНХАУ Монгол Улстай хөгжлийн стратегиа хөгжүүлж, хоёр талын хамтын ажиллагаагаа сайжруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд найрамдах Хятад улс байгуулагдсаны түүхт 68 жилийн ойн баярыг хөрш орны удирдагч Ши Жиньпинд хүргэсэн байна. Энэ талаар хэвлэлийн бага хурлын үеэр Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лю Канг мэдээлжээ.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхййлөгч Х.Баттулга тэргүүтэй дэлхийн олон орны удирдагчдаас баярын мэндчилгээг бид хүлээн авсан” хэмээгээд “Хятад, Монгол хоёр улс найрсаг хөршүүд. Тэр дундаа Хятад улс хоёр талын харилцааг хөгжүүлэхэд үргэлж чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн” гэдгийг онцолсон байна. Мөн Монгол Улстай нэг нэгнийхээ үндсэн ашиг сонирхол, гол асуудалд хүндэтгэлтэй хандаж, хөгжлийн стратегиа нэгтгэн бодит хамтын ажиллагаагхөгжүүлэх, ард түмний хоорондын харилцааг хөгжүүлж, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ ажиллах болно гэж Лю Канг хэлжээ.

Люгийн хэлснээр Ерөнхийлөгч Х.Баттулга мөн Монгол Улсын хөгжилд оруулж буй БНХАУ-ын дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлж, хоёр улсын харилцаа тасралтгүй урагшлан хөгжиж буйг онцолсон байна” гэжээ.

CA-NEWS.ORG: УУЛ УУРХАЙГААС ХЭТ ХАМААРАЛТАЙ БАЙДАЛ НЬ ХЭТИЙН ТӨЛВИЙГ ТОДОРХОЙГҮЙ БОЛГОЖ БАЙНА

Монгол Улс өрсөлдөх чадварын индексээрээ өнгөрсөн жилийнхээс нэг байр ахисан ч уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэт хамааралтай байдал нь хэтийн төлвийг тодорхойгүй болгож буй тухай тус сайтад мэдээлжээ.

Үүнд “Монгол Улс өрсөлдөх чадварын индексээрээ 101 дүгээрт бичигджээ. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад, нэг байраар ахисан үзүүлэлт юм. Швейцарийн Женевт төвтэй “Дэлхийн эдийн засгийн форум” байгууллагын мэдээлснээр энэ жил Монгол Улс 3.9 оноо авсан байна. Харин дэлхийн өрсөлдөх чадварын индексийн жагсаалтыг Швейцарь тэргүүлж, АНУ дахин хоёрдугаарт бичигдэж, Сингапурт гуравт жагсчээ.

“Дэлхийн эдийн засгийн форум” байгууллага 137 орныг 12 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн бөгөөд Монгол Улсын өрсөлдөх чадвар өнгөрсөн жилийнхээс төдийлөн нэмэгдээгүй буюу өөрчлөлт ороогүй гэж дүгнэсэн байна.

Мөн Монголын эдийн засаг урьдын адил уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос ихээхэн хамааралтай байгаа нь эдийн засгийн хэтийн төлвийг тодорхойгүй болгож байгааг онцолжээ. Гэхдээ үүнээс үл хамаарч, Монголын макро эдийн засгийн үзүүлэлтэд 0.8, техникийн боломж, зах зээлийн орчинг 0.1, дэд бүтцийг өнгөрсөн жилийнхээс 0.2 оноогоор тус тус илүү үнэлсэн байна” гэжээ.

FNN-NEWS.COM: МОНГОЛ ЗАЛУУ ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЛЭЭ

Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй зэрэгцэн Японы мэдээллийн агентлаг монгол залуугийн тухай таагүй мэдээлэл хүргэсэн юм.

Тус мэдээнд “Токиогийн Эдокава дүүргийн нутаг дэвсгэрт байрлах барааны дэлгүүрээс худалдан авалт хийгээд гарч явсан эмэгтэйг хүчиндэхийг завдаж, гэмтээсэн гэх үндэслэлээр монгол залууг баривчилжээ. Сэжигтэнг Баатарын Батдорж гэдэг бөгөөд эдүгээ 27 настай аж.

Тэрбээр есдүгээр сарын 25-ны шөнө дундын үед Эдокава дүүргийн машины зогсоолд 20 гаруй насны бүсгүйн араас нь тэвэрч, улмаар доош нь түлхэн унагааж, хүчиндэхийг завдсанаас гадна бүсгүйн биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр саатуулагдсан байна. Мөн хэргийн мөрдөн байцаалтын үеэр сэжигтэн Батдорж “Дэлгүүрээс гарч явсан бүсгүйг араас нь дагасан” гэдгээ хүлээжээ. Сэжигтэн хохирогч бүсгүйтэй ямар нэг холбоогүй байна. Түүнчлэн, хэрэг гарсан газрын ойролцоо тус залуугийн үйлдсэн өөр хэрэг ч илэрсэн бөгөөд цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж” гэжээ.

XINHUANET.COM: МОНГОЛЫН ПАРЛАМЕНТ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИГЧИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

БНХАУ-ын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг УИХ-аар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох асуудлыг хэлэлцэхээр болсон тухай мэдээлсэн байв.

Тус мэдээлэлд “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт шинэ Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэх тухай албан ёсны баримт бичгийг УИХ-д гардуулан өглөө. Тус бичигт “Шинэ Засгийн газрын тэргүүнээр томилох асууддыг УИХ-д оруулж буй” тухай дурьдсан байна. Эрх баригч Монгол ардын нам мягмар гарагт шинэ Ерөнхий сайдад шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийг дэвшүүлэхээр сонгосон юм.

Энэ сарын эхээр хууль тогтоогчид Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг гурван сайд нь өөрсдөдөө хамаарал бүхий компаниудтай 328 сая ам.долларын концессын гэрээг үзэглэж, парламентын журмыг зөрчсөн хэргээр огцруулсан байдаг” гэсэн байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү


URL:

Сэтгэгдэл бичих