Монголын уулчид Актругийн оргилд амжилттай гарлаа
Оргилд амжилттай гарч үндсэн баазад бууж ирлээ
Монгол улсын Гавьяат тамирчин, Монгол улсын анхны Seven Summiteer, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа ахлагчтай Монголын багийн нийт 13 тамирчин түүний дотор Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын тамирчид Хойд Чуйгийн нурууны ноён оргил Актру-д (д.т.д 4044 м) амжилттай авиралт хийж, оргилд гарсан байна. Бид энэхүү баярт мэдээг экспедицийг зохион байгуулж буй “Алтай-Актру” уулын баазын захирал Валерий Иванович Якубовскийтэй 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр УБ-аас утсаар шууд холбогдож авсан юм.
В.И.Якубовский “… Монголын уулчид бүтэн багаар буюу арван гурвуулаа Актру уулын оргилд 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 15:00 цагт (УБ-ын 16:00 цаг) амжилттай гарсан. Тэд 9 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө уулын баазад бууж ирээд одоо амарч байна. Энэ удаагийн авиралт цаг агаарын хувьд нэлээдгүй хүнд нөхцөлд боллоо. Учир нь Актру ууланд 6 өдөр тасралтгүй цас орж шуурч 80 см зузаан цас тогтсон, цасан шуургатай байлаа. Уулчид д.т.д. 2300 метрийн өндрөөс оргилд гарах зам тавьсан. Актру оргилд гарсан Монголын уулчид болон “Сутайн бор” клубын багийн гишүүдийн биеийн байдал сайн, сэтгэл маш өндөр байгааг уламжлахад таатай байна. Тэд 9 дүгээр сарын 29-ний өглөө эртлэн нутгийн зүг хөдлөнө” гэж хэлэв. Монголын уулчдын талаар сайхан мэдээ хүргэсэн В.И.Якубовскийд бид талархал илэрхийлээд, Монголын багийн нийт 13 тамирчдад баяр хүргэж, эх орондоо сайн явж ирэхийн өлзийтэй ерөөлийг уламжлахыг хүсэв. Бид авиралт эхэлсэн өдрөөс хойш В.И.Якубовский болон багийнхантайгаа утсаар холбогдох боломжгүй байсан хэдий ч “Алтай-Актру” уулын баазын захиргааны ажилтан О.Татьянагаар дамжуулан өдөр бүр мэдээ авч байсныг энд дурьдая.
Энэхүү экспедицийг зохион байгуулагчид:
Монголын талаас: “Ганга Эверэст” сангийн тэргүүн, Монгол улсын Гавьяат тамирчин, Монгол улсын анхны Seven Summiteer, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа,
Оросын талаас: “Алтай-Актру” уулын баазын захирал, ОХУ-ын Гавьяат аврагч, уулын спортын багш, дасгалжуулагч Валерий Иванович Якубовский нар хамтран зохион байгуулжээ.
Монгол-Оросын уулчдын хамтарсан сургалт, авиралт: “Актру 2017” экспедицид “Сутайн бор” клубээс 4 уулчинтай баг оролцсон билээ.
Багийн бүрэлдэхүүнд:
1.Д.Болормаа Багийн ахлагч
2.Б.Пүрэвжав
3.Б.Одмандах Уулын спортын I зэрэгтэй
4.О.Олонбаяр
Төрийн тахилгат, мөнх цаст Сутай хайрханд Монголын уулчид анх авирсаны 60 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд ”Сутайн бор” клубээс энэхүү экспедицид хамт олноо төлөөлөн тэд ийнхүү амжилттай оролцлоо. Баяр хүргэж спортын өндөр амжилт хүсэн ерөөе!. Мөн “Актру 2017” Монгол-Оросын хамтарсан экспедицид амжилттай оролцсон Монголын багийн нийт тамирчдад баяр хүргэж, амжилт хүсье.
Дэлгэрэнгүйг тун удахгүй хүргэнэ.
Актру уулын тухай товчхон
Актру уул нь ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын Кош-Агчийн районы нутагт орших Хойд Чуйгийн нурууны ноён оргил бөгөөд өндөр нь д.т.д. 4044м. Алтайн хэлээр Актру гэдэг нь “цагаан сууц”, “цагаан бууц” гэсэн утгатай. Актру уул нь Их Актру, Бага Актру гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Уулын ихэнх хэсэг нь мөсөн голтой. Эдгээр мөсөн голоос Актру гол эх авдаг бөгөөд улмаар Чуй гол руу цутгадаг.Актру уулын оргил руу 3 замаар авиралт хийж гардаг ажээ.Үүнд: Зүүн урд талын мөсөн голоос (авиралтын 2А зэрэглэл), эсвэл Зүүн талын уулын хяраар (авиралтын 3А зэрэглэл), мөн Зүүн талын уулын эгц налуу ханаар (авиралтын 4А зэрэглэл) тус тус замуудтай. Актру нь ОХУ-ын Алтайн нурууны уулын авиралтын төв нь юм. Энд 1А-аас 5А хүртэл зэрэглэлтэй авиралтын зам байдаг. “Алтай-Актру” нэртэй авиралтын төв бааз д.т.д. 2150 м өндөрт байрладаг. Энд 1938 оноос эхлэн уулчдын бэлтгэл сургалт өнөөг хүртэл явагдаж байна.
URL: