Зээлийн өсөлт эдийн засгийн хэт халалтыг бий болгож болзошгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өчигдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өргөн мэдүүллээ.

 65

Эдийн засгийн идэвхжил сэргэж, богино хугацаат гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт, улсын эрсдэл буурч буй өнөөгийн нөхцөл болон хүлээгдэж буй цаашдын төлөвийг харгалзан банк, санхүүгийн системийн санхүүгийн зуучлалын үр ашгийг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дунд, урт хугацаанд тогтвортой хадгалах шаардлагыг харгалзан төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулан танилцуулж байна хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулгадаа дурдав.

Манай улсын худалдааны гол түнш орнуудын эдийн засаг хүлээгдэж байснаас хурдацтай өсч, экспортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, улмаар гадаад худалдааны нөхцөл сайжирч байгаа нь эдийн засгийн гадаад орчин өмнөх жилүүдээс харьцангуй таатай орчинд шилжсэнийг илтгэж байна. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засаг 2017 оны эхний хагас жилийн байдлаар хүлээлтээс давж 6.9 хувиар өссөн төдийгүй ОХУ, Евро бүсийн эдийн засгийн өсөлт ч мөн адил хүлээгдэж байснаас өндөр байв. Экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээрх үнэ өнгөрсөн оны сүүлчээс эхлэн сэргэж, гадаад худалдааны нөхцөлд эерэгээр нөлөөлж байгаа юм байна.

Монгол улсаас 2017-2018 онд эргэн төлөгдөх гадаад өрийн төлбөрийг дахин санхүүжүүлж, гадаад төлбөрийн чадварын хомсдолыг ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэж, цаашдын тогтвортой байдлыг төсөв, мөнгөний бодлогоор хангахаар бодлогын зорилтыг тодорхойлж байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид болон зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудын зүгээс Монгол улсын эрсдэлийн түвшинг бууруулан ирээдүйн хандлагыг нааштайгаар үнэлэх суурь болж байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжин, төгрөгийн харьцангуй өгөөж нэмэгдэж эерэг түвшинд хүрсэн, хадгаламжийн долларжилт буурсан, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсэн зэрэг нь эдийн засгийн төлөвийн талаарх эерэг хүлээлт зах зээл дээр давамгайлах хандлагатай болсон байна.

Хэдийгээр эдийн засагт эерэг үр дүн гарч, зах зээлийн эерэг хүлээлт бий болж байгаа ч богино хугацаатай хөрөнгийн дотогшлох хөдөлгөөн, нийт гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг шингээхтэй холбоотойгоор бодлогын сорилтууд бий болж байна. Тухайлбал, ашиг хонжоо хайсан, богино хугацаатай хөрөнгийн урсгалын нөлөөгөөр төгрөгийн ханш хэт чангарах, эх үүсвэр болон хөрөнгө оруулалтын хугацааны зөрүүний эрсдэл, зээлийн долларжилттой холбоотойгоор ханшийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй. Түүнчлэн, хөрөнгийн урсгалыг дагасан мөнгө, зээлийн өсөлт нь эдийн засгийн хэт халалтыг бий болгож болзошгүй тул макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн, мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлогыг тууштай хэрэгжүүлэх, макро зохистой бодлогоор хөрөнгийн урсгалын зохицуулалтад анхаарлаа хандуулах нь чухлыг дурджээ.

Цаашид макро эдийн засагт одоогоор үүсээд буй эерэг үр дүнг бэхжүүлэхийн зэрэгцээ үүсч болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогыг чиглүүлэх нь чухал болохыг төслийн танилцуулгад онцолжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих