АТГ-ЫН ДАРГА ХЭДЭН ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ ВЭ?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү анх “Багш нар 600 мянгын цалин авч байхад АТГ-ын дарга 6 саяын цалин авч байна” гэж твиттерт жиргэснээс хойш АТГ-ын гадаа нэг хэсэг жагсаал хийсэн хүмүүс 6 сая төгрөгийн цалин авдаг АТГ-ын дарга огцор гэсэн лоозон барьж зогсох болсон билээ. Харин бодит байдал дээр АТГ-ын дарга 1 сая 400 мянган төгрөгийн цалин авдаг юм байна. Тус газрын албан тушаалтнуудын цалингийн хэмжээг баталсан УИХ-ын тогтоол байдаг аж. 2011 онд УИХ-ын баталсан тогтоол өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа юм байна.
АТГ-ын албан хаагчид бусад төрийн албан хаагчдаас илүү өндөр цалин авдаг нь үнэн аж. Учир нь Авлигын эсрэг хуульд АТГ-ын албан хаагчдын ажиллах улс төр, эдийн засаг, нийгмийн баталгааг төр хангах ёстой хэмээн 2006 онд зааж өгсөн учраас тэр дагуу Засгийн газраас цалингийн сүлжээ, шатлалаар биш харин УИХ-аас тусгайлан тогтоол гаргаж ийнхүү баталдаг юм байна.
Гэхдээ тус газар улсын орлогод чамлахааргүй мөнгө хуримтлуулдаг байна. Санхүүгийн энэ орлогыг АТГ-ын мөрдөн шалгах нэгж цуглуулдаг. Ингэхдээ авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгаж, хууль бус хөрөнгийг битүүмжилэн, хураан авсан эд зүйлээ, бэлэн мөнгийг улсын орлогод тушаадаг аж. Ерөнхийдөө авлигын гэмт хэргийн улмаас улсад дээд тал нь 30-аад тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа гэсэн тоо бий. Харин АТГ-ын жил бүрийн тайлангаас харахад дунджаар 7-8 тэрбум төгрөгийн хөрөнгийг хураан авч, битүүмжлэн хамгаалж, улсын орлого болгосон байх юм.
УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй хууль манайд үйлчилдэг. Ийм хуулийн цоорхойг далимдуулсан түшээд олон нийтийн сүлжээнд, нийгэмд худал мэдээлэл тарааж, ард иргэдийг турхирч төөрөгдүүлэх нь хэрээс хэтэрч байгаа. Уг нь нийгмийг хуурч мэхэлсэн худал мэдээллээс төрийн өндөр албан тушаалтан татгалзаж, ийм үйлдлийг аль болох цээрлэж баймаар. Гэвч тэд үүнийг санахаасаа илүү, өөрийн нэр хүндээ өсгөхийн тулд аль нэгэн төрийн байгууллагыг нулимж, урам зоригийг нь мохоох нь энүүхэнд болжээ.
Монгол Улсын Их Хурлын 2011 оны 55 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ
Албан тушаал | Албан тушаалын сарын цалингийн хэмжээ (төгрөгөөр) | |
1 | Авлигатай тэмцэх газрын дарга | 1410433.6 |
2 | Авлигатай тэмцэх газрын дэд дарга | 1313868.7 |
3 | Хэлтсийн дарга | 1259561.8 |
4 | Албаны дарга | 1193209.7 |
5 | Ахлах ажилтан | 1093681.6 |
6 | Ажилтан | 994153.4
|
Д.ХАЛИУН
Updown.mn
URL: