Зарчмаа мартсан Засгийн газар айсуй

22155431_1487493874668647_1363415546_nУ.Хүрэлсүхийн Засгийн газрыг эмхлэх ажиллагаа “Чингис” зочид буудалд эрчимтэй үргэлжилж байна. Нэгэнт 60 тэрбум төгрөгийн хэрэг гэгчээр хариуцлага хүлээлээ гэж үзэж байгаа тул “хуурай” хардуулахгүй байхаар шийдэж төлбөртэй сайдууд төрөх нь ойлгомжтой боллоо. Юуны өмнө засгаа эмхлэхийн тулд зарчмаасаа хазайхаас аргагүй болсон нь тодорхой байна. Дан дээлтэй сайдууд томилох, дэд сайдгүй болох, төсвийн үрэлгэн байдлаас сэргийлэх, одоо ажлаа хийж байгаа яам, агентлагийн газар, хэлтсийн дарга нарыг солихгүй байх зэрэгтээ хүрье гэвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдталаа удах, тэр ч байтугай УИХ тарж мэднэ. Тиймээс “зарчмаа мартаж” гомдогчдоо тайтгаруулж ямар нэг сэтэр зүүж шагнаж байж Засгийн газар нь элэг бүтэн болох төлөвтэй байна. Учир нь гуйж байж гарын үсгийг нь авчихаад сайд болгохгүй бол У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудал дээр удаан суухгүй, “сандлынхаа хөлийг хөрөөднө” гэгч болох юм.

Тухайлбал ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Я.Содбаатар, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэдэг энэ олон салбарыг Г.Сарангэрэл сайд болж “базаад”, асар чухал нөлөөтэй Зам, тээврийн сайдаар Ц.Бат-Энх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар гээд тоочихоор “Юун нөгөө гарын үсэг зурсан 31 хүнээс сайд болохгүй байх”-тай манатай байгаа биз. Ичсэндээ Ц.Нямдорж сайд болох тухай одоогоор дуулдаагүй байна. Мөн дээрх хэдтэй барьцаж байгаа төдийгүй хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн, өндөр амбицтай, том суудал хүлээж байгаа Д.Амарбаясгалан, Т.Аюурсайхан, С.Чинзориг,  М.Оюунчимэг нарыгаа хаана байршуулах вэ. Шинэ яам нэмэх үү. Маш ашигтай бол “ Сангийн яам”,  засгийн хөгжлийн яам нэмээд Т.Аюурсайханыгаа залах уу гэхчлэн У.Хүрэлсүх тархиа гашилгаж эхэллээ.

Одоо У.Хүрэлсүх баараггүй Ерөнхий сайдаар томилогдчихдог л юм бол тэр мөчөөс түүний зовлон эхэлнэ. Учир нь тамгаа гардангуут нь  олон нийт түүнээс Засаг нэхнэ. Хажуугаар нь амлаад байсан зарчмыг нь нэхнэ. Төлбөр төлдөггүй, мэргэжлийн сайд нэхнэ. Гэтэл тэднийг нь гүтгэж гүжирдээд хөөчихсөн У.Хүрэлсүх яаж  амласнаа биелүүлэх вэ. Ерөнхий сайдаар томилогдохын тулд гарын үсгийг нь гуйгаад авчих амархан, томилогдсоны дараа зарчмаасаа яаж хазайхыг нь одоо л харж байя. Дэндүү олон хүнд тэр өртэй үлдлээ. Тэр өрийг төлөхгүй л бол Засгийн газар нь бий болох ч үгүй, урт наслах ч үгүй.

Ийм өгөгдөл дунд энэ суудалд ирж “байгалийн шалгарал”-аар өөрийнхөө тэнэглэлийг харуулах нь ёстой л У.Хүрэлсүхэд л оногдох хоржоонтой тавилан гэх үү дээ. Цаана чинь юуны ч хамаагүй сайд хийнэ гээд ямар ч хамаагүй мэргэжилтэй хүмүүс яахаас ч буцахгүй гүйж явна. Эсвээс аль өрөөнд ямар тохироо хийсэн бичлэгээ өгнө “ахыгаа, эгчийгээ дэмжээрэй” гээд гүйлдэж байна. Энэ та бүхний хүсээд байсан МАН-ын шинэ үе, шинэ зарчим юм уу. Тэднийг үгэндээ оруулъя гэвэл ёстой л хэлээд байгаагаар нь юуны ч хамаагүй яам “нээж” сайд болго. Санхүүжилтийг босго. Өр тавь. Энэ бүхэн мотоцикль унаад гитар дараад дуулахаас их өөр байгааг одоо ойлгоно биз.


URL:

Сэтгэгдэл бичих